МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАШКЕНТЫН АВЛИГЫН ЭСРЭГ VI ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2026 оны 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ташкентын Авлигын эсрэг VI форум болон ACI LEN (Anti-Corruption Initiatives Law Enforcement Network) уулзалтад оролцож байна.

“Ил тод байдал, хариуцлага, дижитал харилцан уялдаа, авлигын эсрэг засаглалын шинэ архитектур: хяналтаас урьдчилан сэргийлэх рүү” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус форум нь авлигатай тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, олон улсын байгууллага, хууль сахиулах болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэсэн олон улсын стратегийн томоохон платформ болж байна.
Энэ удаагийн форумд дэлхийн 20 гаруй улсын шүүх, прокурор, хууль сахиулах болон авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд удирдах албан тушаалтан, эрдэмтэн, судлаач, шинжээчдээс бүрдсэн 50 гаруй албан тушаалтан илтгэл тавьж, авлигаас урьдчилан сэргийлэх, институцийн ил тод байдал, дижитал шилжилт, олон нийтийн оролцоо, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож байна.
Ташкентын Авлигын эсрэг VI форумын хүрээнд оролцогчид төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, дижитал шилжилтэд суурилсан авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо, бүс нутгийн хамтын ажиллагаа, авлигын эсрэг боловсрол, нийгмийн түншлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Форумын үр дүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал технологид суурилсан авлигаас урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг хөгжүүлэх, институцийн ил тод байдал, хариуцлагыг сайжруулах чиглэлээр зөвлөмж бүхий тунхаг бичиг гаргах юм.
Форумын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Авлигатай тэмцэх агентлаг хооронд “Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Авлигатай тэмцэх агентлагийн дарга, доктор Акмал Бурханов нар гарын үсэг зурж, ёслолын ажиллагаанд хоёр байгууллагын албаны төлөөлөгчид оролцов.
Талуудын байгуулсан энэхүү санамж бичиг нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, туршлага солилцох, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Авлигатай тэмцэх агентлагийн дарга, доктор Акмал Бурханов нар хоёр талын уулзалтыг хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг харилцан нотоллоо.
Мөн хоёр байгууллага өнгөрсөн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаад, байгуулсан санамж бичиг нь цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
