5 сарын 26, 2026         23

АНУ: “Трампын авлигын асуудалд мөнгө завшихаас илүү өргөн хүрээний шинж бий”

-АНУ-ын засгийн газрыг үндсэн бүтэц, үйл ажиллагааны түвшинд нь өөрчилж байна-

US-ECONOMY-CRYPTO-BITCOIN

Дональд Трамп төрийн өндөр албан тушаалыг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, ашиг хонжоо олох явдал нь түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны туршид дагалдаж ирсэн дэд сэдэв байсан бол одоо түүнийг тодорхойлох шинж болон хувирлаа.

Сүүлийн долоо хоногт гарсан дараах мэдээ, мэдээллийг авч үзье.

  1. Трамп зөвхөн өөрийн хяналтад байх 1.776 тэрбум ам.долларын “зэвсгийн эсрэг сан” байгуулсан.
  2. Уг тохиролцооны хүрээнд Трамп өөрийгөө, гэр бүлийн гишүүдээ болон бизнесийн ашиг сонирхлоо татварын шалгалтаас албан ёсоор чөлөөлсөн.
  3. Трамп энэ оны нэгдүгээр улиралд 3,700 ширхэг хувьцааны арилжаа хийсэн нь ихэвчлэн тухайн компаниудад нөлөөлөх томоохон бодлогын шийдвэр гарахын өмнөхөн хийгдсэн байна.
  4. Трампын гэр бүл 2024 оны сүүлээс хойш “World Liberty Financial” гэх крипто хэрэгслээрээ дамжуулан маш их хэмжээний буюу 1.55 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Улстөрчид эрх мэдлээ хувийн ашиг олох зорилгоор урвуулан ашиглах нь зохисгүй гэдгийг ихэнх хүн зөн совингоороо ойлгодог. Гэвч Трампын хийж буй үйлдэл нь жирийн нэг авлигаас хавьгүй өргөн хүрээтэй юм. Тэрээр Америкийн улс төрийн тогтолцооны үйл ажиллагааны үндсэн логикийг санаатайгаар өөрчлөхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчимд суурилсан улс төрийн дэг журмыг халж, томоохон шийдвэрүүд эцсийн дүндээ ерөнхийлөгчийн хувийн таалал, ивээлд багтаж чадсан эсэхээс хамаардаг тогтолцоогоор солихыг зорьж байна. Энэ нь олон нийтийн төсөөлж байгаагаас илүү гүнзгий, суурь шинжтэй өөрчлөлт юм.

Америкийн дэг журам задрах нь

Улс төр судлаач Дугласс К. Норт, Жон Жозеф Уоллис, Барри Р. Вайнгаст нар “Violence and Social Orders” номдоо хүний нийгэмд ерөнхийд нь хоёр янзын дэг журам үйлчилдэг гэж авч үздэг. Үүнд: “Жам ёсны (хязгаарлагдмал хүртээмжийн) дэг журам” болон “Нээлттэй хүртээмжийн дэг журам” багтана гэж үзсэн.

“Жам ёсны дэг журам” гэж нэрлэсэн нь түүхийн ихэнх хугацаанд давамгайлж ирсэн нийгмийн хэлбэр байсантай холбоотой бөгөөд ийм төр нь өөртөө үйлчилдэг элитүүдийн ашиг сонирхлын төлөө ажилладаг. Эдгээр элит бүлгийн гол зорилго нь түрээсийн замаар ашиг олох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, нөөцөд тавих хяналтаа ашиглан бусдаас мөнгө, ашиг гаргуулан авахыг хэлнэ. Үүнийг Европын язгууртнууд газрыг үе дамжин эзэмшиж, өөрсдийн захиргаанд амьдарч буй тариачдаас алба, татвар авч, уг мөлжлөгийн эрхээ үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж байсантай зүйрлэж болох бөгөөд нийгмийн бүх дэг журам энэхүү тэгш бус харилцааг хадгалахад чиглэдэг. Шударга ёс нь төвийг сахисан хуульд суурилдаггүй, харин найз нөхөд, эсхүл эрх баригчдад ойр бүлгүүдэд олгогдог онцгой ивээл, зөвшөөрлийн хэлбэрээр хэрэгждэг.

“Жам ёсны дэг журам” үйлчилдэг нийгмийн мөн чанар нь хувийн харилцаанд оршдог. Хэрэв хувь хүн бүр харилцан адилгүй үнэлэгддэг, хоёр хүний хоорондын харилцаа нь ноёрхогч, эсвэл ямар байр суурь эзэлж байгаагаас бүрэн хамаардаг бол эрх зүйн тогтолцоо хувь хүний эрхийг хэрэгжүүлж чадахгүй” гэж тодорхойлжээ.

Харин “Нээлттэй хүртээмжийн дэг журам” үйлчилдэг нийгэм нь албан ёсны төвийг сахисан зарчмаар тодорхойлогддог зохион байгуулалтын шинжийг агуулдаг. Эрх мэдэл, давуу эрхэд хүрэх боломж нь голчлон хувийн харилцаа, өвлөгдсөн давуу байдалд бус, харин хүн бүрд адил үйлчлэх эрх зүйн дүрэм журамд тулгуурладаг. Баялагийг эрэлхийлэгч элитүүд оршсоор байдаг ч тухайн давхаргын ноёлох шинж давамгай бус. Хууль зүйн тэгш байдал нь хүмүүст тогтсон ашиг сонирхлын бүлгийг сорих, зах зээл дээр тэдэнтэй өрсөлдөн давуу гарах боломж олгодог. Ингэснээр хувийн харилцаанд тулгуурласан улс төрийг анги давхарга, хувь хүн буюу нийгэмд эзлэх байр суурь, хэн болохоос үл хамааран бүх хүнд төвийг сахисан дүрэм үйлчилдэг хувь хүнээс ангид улс төр юм. Энэ нь онолын хувьд АНУ зэрэг орчин үеийн либерал ардчиллын үндсэн хүрээ юм.

Орчин үеийн Америк нь нээлттэй хүртээмжийн идеалд бүрэн хүрдэггүйг олон жишээгээр тайлбарлаж болно. Нийгмийн дээшлэх хөдөлгөөн буурч, арьс өнгөнд суурилсан тэгш бус байдал үргэлжилж байгаа нь үүний илрэл юм. Гэсэн хэдий ч тус тогтолцоо нь феодалын Европ, Жим Кроугийн үеийн Америкийн Өмнөд мужууд, эсвэл хууль дээдлэх ёс сул, авлига түгээмэл хөгжиж буй орнуудын “Жам ёсны дэг журам”-аас чанарын хувьд ялгаатай хэвээр байна.

Трампын засаг захиргааг Америкт “Жам ёсны дэг журам”-аас “Нээлттэй хүртээмжийн дэг журам” руу шилжсэн түүхэн шилжилтийг буцаах оролдлого гэж үзэж болно. Тэрээр хувь хүнээс ангид, төвийг сахисан дүрэм журмуудыг сулруулж, тэдгээрийг ерөнхийлөгчид хувийн байдлаар ойр байх, түүний ивээлд багтах эсэхэд суурилсан тал засах логикоор солихыг оролдож байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалаас ашиг олох нь шууд утгаараа авлигын хамгийн илэрхий жишээ юм. Тэрээр албан тушаалын асар их эрх мэдлээ хувийн ашиг хонжоонд чиглүүлж, улс орныг дундад зууны язгууртан өөрийн эзэмшил газартайгаа харьцдагтай төстэй байдлаар авч үзэж байна.

Трамп албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашиглан төвлөрүүлж буй нь Хууль зүйн яаманд хандаж буй байдлаас мөн тодорхой харагдана. Тэрээр тус яамны уламжлалт хараат бус байдлыг сулруулж, өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх хэрэгсэл болгосон бөгөөд үүнд улс төрийн өрсөлдөгчдөө хангалтгүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татах явдал багтана. Энэ нь нээлттэй хүртээмжийн шударга ёсны тогтолцоог “Жам ёсны дэг журам”-ын шинжтэй, эрх баригчийн хувийн ашиг сонирхолд үйлчилдэг тогтолцоогоор орлуулах үйл явцыг илэрхийлж байна.

Ийм “Жам ёсны дэг журам”-ын шинжтэй логик татварын бодлогод ч ажиглагдана. Улс орнууд болон компаниуд Трампын хувийн тааллыг хүртэж чадвал тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой болж байна. Мөн зохицуулалтын бодлогод илэрч, Холбооны харилцаа холбооны комиссын дарга Брендан Каррт ерөнхийлөгчийг элэглэн шүүмжилдэг хошин урлагийнхныг ч цензурдэх оролдлого хийж байна. Үүнтэй адил АНУ-ын цэргийн удирдлагад ч уг хандлага харагдаж, Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд “улс төрийн хувьд найдваргүй гэж үзсэн генералуудыг огцруулах” үүрэг өгсөн бөгөөд ийм хүмүүс нь ихэвчлэн эмэгтэйчүүд болон арьс өнгөний цөөнхийн төлөөлөл байна. Гадаад бодлогод ч хувийн болон нийтийн ашиг сонирхлыг хольж хутгасан “нео-роялист” буюу шинэ хаант засаглалын шинжтэй хандлага илэрч, олон нийтийн ашиг сонирхлоос илүү эрх баригч бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьж байна. Тэр бүү хэл энэ хандлага харьцангуй наад захын мэт санагдах Тээврийн яамны жишээн дээр ч харагдана. Тухайлбал, сайд Шон Даффи албан тушаалаа ашиглан Тоёота болон Боинг компаниудаас шууд хандив авч, авто аялал хийсэн байна.

Эдгээр бодлогын олонх нь шударга, эрүүл улс төрийн өрсөлдөөнийг хангах үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж буй утгаараа авторитар шинжтэй юм. Гэвч жирийн нэг авлига мэт харагдаж болох зарим үйлдэл хүртэл Америкийн засаглалын үндсэн суурь болох хувь хүнээс ангид, төвийг сахисан дүрэмд суурилсан логикийг алдагдуулж байна. Үүний оронд хувийн холбоо, ашиг сонирхолд тулгуурласан төрийн шинэ тогтолцоог бий болгоход чиглэж байна.

Трамп хязгааргүйгээр засаглахыг, ерөнхийлөгчийн албан тушаалаар бүхнийг хамарсан эрх мэдлийн төв болгон хувиргаж, бодлогын шийдвэрийг зөвхөн өөрийн дур зорго, хувийн ашиг сонирхолд үндэслэн гаргахыг хүсэж байна. Ингэснээр тэрээр Америкийн нийгмийн дэг журмын суурь хэсгийг эвдэж байгаа хэрэг юм. Үүнээс гарах бүх үр дагаврыг урьдчилан таамаглах боломжгүй ч тэдгээр нь гүнзгий бөгөөд өргөн хүрээтэй байх нь эргэлзээгүй.

Эх сурвалж: https://www.vox.com/politics/489241/trump-corruption-weaponization-irs-violence-public-order   

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих