6 сарын 05, 2026         16

ИХ БРИТАНИ: ОХУ-ын хориг арга хэмжээг тойрон гарах крипто сүлжээнд хориг тавилаа

cryptocurrencies-trends-phone-hand.jpg

Их Британи ОХУ-ын Украинд явуулж буй дайныг санхүүжүүлэх, хориг арга хэмжээг тойрон гарахад ашиглагдаж буй криптовалютын биржүүд, санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүст чиглэсэн шинэ хоригийн багц зарлалаа.

Их Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл ба Хөгжлийн яамны мэдээлснээр нийт 18 байгууллага, хувь хүнийг хамарсан эдгээр хориг нь санхүүгийн гүйлгээ хийх, бараа бүтээгдэхүүн худалдан авах, ОХУ-ын дайны хүчин чармайлтыг дэмжихэд ашиглагдаж буй санхүүгийн дэд бүтцийг онилж байгаа аж. Уг арга хэмжээ нэн даруй хэрэгжиж эхэлсэн байна.

Шинэ хоригийн гол бай нь “A7 сүлжээ” юм. Их Британийн засгийн газар уг сүлжээг "Кремлийн дэмжлэгтэйгээр Барууны хоригийг тойрон гарах, цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүн худалдан авах, ОХУ-ын нефтийн борлуулалтын орлогыг шилжүүлэх, санхүүгийн эргэлтэд оруулахад ашиглагддаг систем" хэмээн тодорхойлжээ.

“A7 сүлжээ”-гээр өнгөрсөн онд 90,0 тэрбум ам.доллар (321 их наяд төгрөг)-оос давсан гүйлгээ хийгдсэн гэж Их Британийн эрх баригчид үзэж байна. Энэ нь ОХУ-ын цэргийн жилийн зардлын бараг тал хувь, нийт гадаад худалдааны 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний дүн юм.

Хоригт өртсөн байгууллагуудын дундаас дэлхийн томоохон криптовалютын бирж болох HTX (хуучнаар Huobi Global) багтсан нь онцгой анхаарал татаж байна. Тус бирж 2025 онд нийт 3,3 их наяд ам.доллар (11,8 их наяд төгрөг)-ын арилжаа дамжуулсан бөгөөд Кремльтэй холбоотой этгээдүүдэд 1,5 тэрбум ам.доллар (5,4 их наяд төгрөг)-оос дээш хэмжээний хөрөнгө шилжүүлэхэд ашиглагдсан байж болзошгүй гэж Их Британийн тал үзжээ. Мөн Их Британийн санхүүгийн хоригийн хамгийн хатуу механизмын нэг болох “17А” дүрмийг анх удаа криптовалютын биржид хэрэглэсэн нь энэхүү арга хэмжээний онцлог болж байна.

Хоригийн жагсаалтад “A7 сүлжээ”-тэй холбоотой хэд хэдэн хувь хүн багтсан бөгөөд үүнд “Garantex” биржийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Менделеев, “A7 сүлжээ”-ний удирдах албан тушаалтнууд болох Игорь Горин, Ирина Акопян, мөн Израилийн иргэн Лиран Коэн нар оржээ. Түүнчлэн Гүрж улсад бүртгэлтэй “Rapira Group”, “ARVIX LLC”, “Aifory” компаниудад хориг тавьсан байна.

Энэхүү арга хэмжээ нь Киргиз улс ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг тойрон гарахад дэмжлэг үзүүлж болзошгүй гэсэн олон улсын шүүмжлэл нэмэгдэж буй цаг үед хэрэгжиж байна. OCCRP өмнө нь Их Британийн хууль тогтоогчид “A7A5 стабилкойн” болон “A7 сүлжээ”-тэй холбоотой санхүүгийн дэд бүтцийг ашиглан хориг зөрчихөд оролцсон байж болзошгүй Киргизийн албан тушаалтнуудад хориг тавихыг уриалсан талаар мэдээлж байсан.

Их Британийн засгийн газрын мэдээлснээр хориг арга хэмжээний дарамт нэмэгдэхийн хэрээр ОХУ далд санхүүгийн сүлжээ болон сүүдрийн төлбөр тооцооны тогтолцоонд улам ихээр түшиглэх болсон байна. Үүний зэрэгцээ ОХУ-аас 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.3 хувиас 0.4 хувь болгон бууруулж, 2027 оны өсөлтийн таамаглалаа мөн хоёр дахин танасан байна.

ХОРИГТ ӨРТСӨН ГОЛ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮН

Байгуулага / Хүвь хүн

Төрөл

Тайлбар

HTX (Huobi Global)

Криптовалютын бирж

Кремльтэй холбоотой этгээдүүдэд 1,5 тэрбум ам.доллар (5,4 их наяд төгрөг)-ын гүйлгээ хийсэн байж болзошгүй

EXMO Exchange Limited

Криптовалютын бирж

“A7 сүлжээ”-нд үйлчилгээ үзүүлсэн

Rapira Group LLC

Гүржид бүртгэлтэй компани

Хориг зөрчих санхүүгийн дэд бүтэцтэй холбоотой

Aifory LLC

Гүржид бүртгэлтэй компани

Хоригт өртсөн

Bitpapa IC FZC LLC

Крипто платформ

“A7 сүлжээ”-тэй холбогдсон

Евразийн Хадгаламжийн Банк

Киргизийн банк

“A7 сүлжээ”-ний төлбөр тооцоог дэмжсэн гэж үзэж байна

Сергей Менделеев

Хувь хүн

“Garantex”-ийг хамтран үүсгэн байгуулагч

Лиран Коэн

Хувь хүн

“A7 сүлжээ”-тэй холбоотой гэж үзсэн

 

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих