АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал АНУ-ын Бээжин дэх Элчин сайдын яамны хуулийн атташе Томас Пауэлл, хуулийн туслах атташе Хсиан Ван, АНУ-ын Дотоод орлогын албаны Эрүүгийн мөрдөн шалгах алба (IRS-CI)-ны төлөөлөгч Жорж Бабикутти нарыг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, Холбооны мөрдөх товчооны Үндэсний академийн болон Олон улсын хууль сахиулах академийн сургалтуудын ач холбогдол, АНУ-ын Хууль зүйн яам (DOJ), Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ (FinCEN)-тэй хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа (MLA)-ны механизм үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Талууд мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцох, хөрөнгө буцаан авах ажиллагаанд гарсан ахиц дэвшлийн талаар хэлэлцэн, АНУ-аас мэдээлэл авах, хамтран ажиллах ажиллагаа идэвхтэй байгааг дурдав. Энэ хүрээнд EGMONT сувгаар дамжуулан санхүүгийн мэдээлэл солилцох, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.
Уулзалтын үеэр цахим залилан, олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодистой холбоотой болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд Монгол Улсад цахим залилангийн гэмт хэрэг, тэр дундаа цахим сүлжээ криптовалют ашигласан гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэж буйг онцлов.
Түүнчлэн криптовалюттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа, хөрөнгө царцаах, хураах, буцаан олгох эрх зүйн зохицуулалт, практикийн талаар харилцан туршлага солилцож, энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалт авах, зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв. АНУ-ын талаас улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэрэг, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа болон кибер гэмт хэргийн чиглэлээр сургалт зохион байгуулах боломжтой болохыг танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, ялангуяа хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, туршлага солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
