Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 524 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 417 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 107 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Үндэсний аудитын газар, Говь-Алтай аймгийн ИТХ, Үндэсний геологийн алба, “Монголын Цахилгаан холбоо” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “И-Монгол академи” УТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 12 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Эрүүл мэндийн төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй шийдвэрийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.