АНУ: Трампыг “Truth social”-ийн нийтлэлд бусдаас түрүүлж нэвтрэх эрхийг төлбөртэй болгосон хэргээр шүүхэд өгчээ
Ерөнхийлөгч Доналд Трампын “Truth Social” платформд шинээр нэвтрүүлсэн үйлчилгээтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг үйлчилгээ нь Трампын нийтлэлийг олон нийтэд хүрэхээс өмнө хүлээн авах давуу эрхийг сард 100,000 ам.доллар (ойролцоогоор 360 сая төгрөг) хүртэлх төлбөрөөр санал болгодог.
Нэхэмжлэлийг лхагва гарагт буюу 8 дугаар сарын 12-ны өдөр Нью-Йоркийн холбооны шүүхэд “The Intercept” болон “Freedom of the Press Foundation” гэсэн хоёр хэвлэлийн байгууллага гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар “Trump Media and Technology Group” (TMTG)-ийн санал болгож буй “Truth API” үйлчилгээ нь “авлигын шинжтэй” бөгөөд ерөнхийлөгч зах зээлд шууд нөлөөлж болох төрийн шинжтэй мэдээллийг төлбөр төлөх чадвартай, хүсэлтэй этгээдэд давуу байдлаар хүргэж, үүнийг өөрийн хувийн компанийн орлогын эх үүсвэр болгон ашиглаж байна гэж үзжээ.
Уг үйлчилгээ 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд захиалагчид Трампын өөрийнх нь (13 сая дагагчтай) болон бусад нөлөө бүхий бүртгэлийн нийтлэлийг олон нийтэд хүрэхээс нь өмнө хүлээн авах боломжтой болжээ. TMTG өмнө нь уг арилжааны мэдээллийн сувгаар захиалагчдад нийтлэлийг “миллисекундын дотор хүргэх” бөгөөд энэ нь мэдээлэл хоцрох нь ихээхэн хохирол дагуулдаг байгууллагуудад зориулагдсан гэж мэдэгдэж байсан.
Ерөнхийлөгч Трамп зах зээлд шууд нөлөөлөхүйц мэдээллийг энэ платформоор тогтмол нийтэлдэг. Тарифын талаарх шийдвэр, Ирантай холбоотой дайн, Ормузын хоолойн нөхцөл байдал зэрэг мэдээллийг тэрээр “Truth Social”-оор дамжуулан анх нийтэлж байсан тохиолдол бий.
TMTG-ийн түр орлон гүйцэтгэгч захирал Кевин МакГурн үйлчилгээ эхлэхийн өмнө “Зах зээл “Truth Social” дахь нийтлэлээр аль хэдийн хөдөлдөг болсон. “Truth API” нь платформын хамгийн нөлөөтэй нийтлэлүүдийг шууд, лицензтэй, бодит цагийн горимоор хүргэдэг бөгөөд үүгээрээ бид өндөр ашигтай, тогтмол орлого өгдөг эх сурвалжаа мөнгөжүүлэх стратегиа хэрэгжүүлж байна” гэж хэлжээ.
Нэхэмжлэгчдийн гол зорилго нь төлбөртэй үйлчилгээ хэвээр байх хугацаанд Цагаан ордныг албан ёсны мэдэгдлээ зөвхөн “Truth Social”-ээр дамжуулан онцгойлон нийтлэхийг хориглуулах явдал юм. Хариуцагчаар Трамп болон Цагаан ордны бусад албан тушаалтнууд орсон боловч TMTG компанийг өөрийг нь хариуцагчаар нэрлээгүй байна (Трамп цуцлагдах боломжтой итгэмжлэлийн сангаараа дамжуулан TMTG-ийн ойролцоогоор 41 хувийг эзэмшдэг. Энэ нь түүний компани дахь хамгийн том хувь юм).
“Time” сэтгүүл Цагаан ордон болон TMTG-тэй холбогдож тайлбар авахыг оролдсон. Энэ шүүх хэрэг нь уг мэдээллийн сувгийн эсрэг олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байгаа үед л гарч ирж байна. Ардчилсан намын хууль тогтоогчид зах зээлд нөлөөлөх магадлалтай гэдэгт эргэлзэн, энэ үйлчилгээг шалгуулахыг аль хэдийн шаардаж эхэлсэн байв.
Нэхэмжлэлд юу гэж дурдсан бэ?
Нэхэмжлэлд “Truth Social”-ийн энэ урьдчилан нэвтрэх үйлчилгээ нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр болон Тавдугаар нэмэлт заалтыг зөрчиж байна гэж заасан байна.
“Нэгдүгээр нэмэлт заалт ерөнхийлөгчийн олон нийтэд зориулсан мэдэгдэлд тэгш хандах эрхийг баталгаажуулдаг бөгөөд агуулгаас үл хамаарах хязгаарлалт ч гэсэн зөвхөн төрийн чухал ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай хэмжээгээр л байх ёстой” гэж нэхэмжлэлд бичжээ. “Үүнтэй адилаар Тавдугаар нэмэлт заалт төрийн үйлчилгээний өртгийг нөхөхөд шаардлагагүй, үндэслэлгүй өндөр хураамж авахыг хориглодог. Мөн чухал ач холбогдолтой төрийн мэдээлэлд, яг энэ хэрэгт тохиолдсоны адил дур зоргоороо, үндэслэлгүйгээр давуу эрх олгохыг хориглодог” гэж үргэлжлүүлжээ. Мөн нэхэмжлэлд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн орсноос хойш “Truth Social” дээр “9-11 мянган нийтлэл, дахин нийтлэл” хийсэн бөгөөд ихэнх тохиолдолд түүний зарласан мэдээлэлд Цагаан ордноос “Нэн даруй ямар ч албан ёсны мэдэгдэл гараагүй” гэж дурдсан байна. Энэ нь “Трампын нийтлэл бол төрийн албан ёсны мэдээ авах цорын ганц арга зам болсон” гэсэн үг юм.
Нэхэмжлэгчдийн үзэж байгаагаар тэд энэ хэргийг зөвхөн нэг зорилготойгоор ерөнхийлөгчийг өөрийн албан үүргийнхээ хүрээнд бий болсон мэдээлэлд давуу эрхтэй хандах эрхийг зарж, хувийн ашиг олохоос нь зогсоохын тулд гаргаж байгаа юм. Түүнчлэн нэхэмжлэлд энэ үйлчилгээ нь “бусад байгууллагад “The Intercept” болон түүний сурвалжлагчдаас илүү давуу тал олгож байна” гэж дурдсан.
Нэхэмжлэгчид шүүхээс дараах зүйлийг хүсчээ. Үүнд төлбөртэй “Truth API” үйлчилгээ хэвээр байгаа хугацаанд төрийн албан ёсны мэдээллийг зөвхөн “Truth Social” дээр онцгойлон нийтлэхийг Үндсэн хуулийн эсрэг гэж зарлах, Трамп болон Цагаан ордны албан тушаалтнуудыг ийнхүү онцгойлон нийтлэхээс хориглох, мөн өмгөөллийн зардал болон шүүхийн зүй ёсны гэж үзсэн бусад нөхөн олговрыг олгуулах ёстой. “Ерөнхийлөгчийн олон нийтэд зориулсан мэдэгдэл олон нийтийнх байх ёстой, цөөн баячуудынх биш. Манай ардчилал Үндсэн хуулийг сахин биелүүлж, Трампын энэ авлигач схемийг зогсооход оршино” гэж хэвлэлийн байгууллагуудыг төлөөлж буй хуульч Брендан Баллу мэдэгдэв.
Нэхэмжлэлд ерөнхийлөгчийн туслах ажилтан Натали Харп, Цагаан ордны орлогч ажлын албаны дарга Дэниел Скавино нарыг мөн хариуцагчаар нэрлэсэн бөгөөд эдгээр хоёр хүн Трампын “Truth Social” бүртгэлд хандах эрхтэй гэж нэхэмжлэлд дурджээ. Мөн Ерөнхийлөгчийн Гүйцэтгэх Алба, Цагаан ордны алба нарыг хариуцагчаар нэрлэсэн байна.