8 сарын 20, 2026         15

АЛБАНИ: Дэлхийн анхны хиймэл оюун ухаант "сайд" Диеллаг бүтээсэн төрийн агентлаг томоохон авлигын хэрэгт холбогджээ

iaac

Өнгөрсөн намар Албани улс дэлхийн анхны хиймэл оюун ухаант “сайд”-аа танилцуулж, олон улсын анхаарлыг татсан юм.

Албани хэлээр “нар” гэсэн утгатай Диелла нь анх энгийн чатбот хэлбэрээр ажиллаж байсан боловч хожим сайдын түвшний үүрэг хүлээх болсон байна. Ерөнхий сайд Эди Рама түүний гол үүргийг “төрийн тендерийг 100 хувь авлигаас ангид байлгах” хэмээн тодорхойлсон байна. Уламжлалт хувцас өмссөн хиймэл оюун ухаант энэ дүр парламентад хандсан анхны үгэндээ “Надад хувийн эрх ашиг, зорилго байхгүй. Надад зөвхөн мэдээлэл, мэдлэгийн эрэл хайгуул, мөн ялгаварлал, танил талын харилцаа, авлигаас ангид иргэддээ үйлчлэхэд зориулагдсан алгоритм байгаа” гэж хэлж байлаа.

Диелла нь Албанийн олон жилийн турш шийдэгдэхгүй байсаар ирсэн авлигын асуудлыг үнэхээр шийдэж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байв. Эдгээр эргэлзээ үндэслэлгүй биш байжээ. Мэргэжилтнүүд Диеллаг авлигатай тэмцэх хэрэгсэл болгон ашиглах Албанийн төлөвлөгөөнд хэд хэдэн сул тал байгааг анхааруулж байна. Тухайлбал, хиймэл оюун ухаанаас гарч буй мэдээлэл угаасаа төвийг сахисан зүйл биш, энэ технологийг хэрхэн ашиглах талаар өнөөг хүртэл ил тод мэдээлэл бага байна.

Харин түүнээс ч илүү анхаарал татаж буй зүйл нь Диеллаг бүтээсэн төрийн байгууллага өөрөө томоохон авлигын хэрэгт холбогдсон явдал юм. Авлигын эсрэг прокуроруудын мэдээлснээр Диеллаг хөгжүүлсэн төрийн агентлаг болох Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг (AKSHI)-ийн удирдлагууд тендерийн шалгаруулалтыг зориуд гажуудуулж, нэгэн гэмт бүлэглэлд давуу эрх олгосон гэж сэжиглэж байна. Уг бүлэглэл энэ давуу байдлаас ашиг хүртсэн гэж үзэж байна.

Шүүгчийн баталсан шүүхийн тогтоолд бичсэнээр тусгай прокурорууд AKSHI-ийн албан тушаалтнуудыг хахууль хүлээн авсан гэж буруутгаж байгаа бөгөөд энэ хахуулийн дунд бэлэн мөнгөөр дүүргэсэн дарсны хайрцаг ч байжээ. Мөн тэрхүү тогтоолд агентлагийн захирал, орлогч захирал хоёрыг тендерийн дүрэм зөрчсөн, гэмт бүлэглэлтэй хамтран ажилласан гэж буруутгасан байна.

Мэдээллийн технологийн нэр бүхий хоёр компанийн эздийг ч мөн энэ схемийг зохион байгуулж оролцсон хэргээр буруутгасан. Тэдний нэгийг өнгөрсөн сард Францад баривчилсан бөгөөд түүнийг тэнд шилтгээн эзэмшдэг болох нь тогтоогджээ. Харин Тираны цагдаагийн албаны орлогч даргыг бүлэглэлийн хууль бус үйл ажиллагааг нуун далдалсан эсвэл түүнтэй хамтран ажилласан гэж сэжиглэн, мөрдөн шалгах ажиллагаа дуустал ажлаас нь түр чөлөөлсөн байна. AKSHI, засгийн газар, түүнчлэн буруутгагдсан бизнесмен, албан тушаалтнуудын өмгөөлөгчид OCCRP-ийн асуултад хариулаагүй. Мөрдөн шалгалт одоо ч үргэлжилж байгаа тул хэнд ч албан ёсны ял хараахан тулгаагүй байна. Нийтдээ эрх бүхий байгууллагын шийдвэрээр энэ хэрэгтэй холбоотой 40 сая гаруй евро (ойролцоогоор 166 тэрбум төгрөг)-ийн үнэ бүхий хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, банкны данс, бэлэн мөнгийг оролцуулан битүүмжлэхийг тушаажээ.

Диеллаг бүтээх ажил нь авлигын схемд холбогдсон тендерүүдийн нэг байгаагүй. Гэхдээ түүнийг бүтээсэн агентлагийн хамгийн дээд шатанд ч авлига хүрсэн гэх энэ хэрэг явдал засгийн газрын “энэ технологиор авлигатай илүү өргөнөөр тэмцэнэ” гэсэн төлөвлөгөөнд эргэлзээг улам нэмэгдүүлжээ.

Албани Европын Холбоонд элсэхийн тулд авлигыг үндсээр нь устгах ёстой гэсэн Брюсселийн шахалтад удаан хугацаанд өртсөөр ирсэн. Энэ AKSHI-ийн хэрэг гарахаас өмнө гаргасан Европын Холбооны сүүлийн үеийн үнэлгээгээр ч төрийн салбар дахь авлигын түвшин өндөр хэвээр байна гэж дүгнэсэн байв. “Хамгийн боловсронгуй хиймэл оюун ухаан ч гэсэн зөвхөн түүнийг бүтээж, ажиллуулж, хөгжүүлж буй хүмүүсээс шалтгаалж сайн эсвэл муу байдаг” гэж Тиранагийн “SCiDEV Center” судалгааны хүрээлэнгийн дижитал шилжилтийн мэргэжилтэн Эрйон Куррай OCCRP-д ярьжээ. “Хэн өгөгдлийг оруулж байна, хэн түүний үнэн зөвийг шалгаж байна вэ? Алдаа, худал мэдээллийг шийдвэр болохоос өмнө хэн барьж чадах вэ? Ийм системийг хөгжүүлэгч хүмүүс л түүнийг сайжруулж, эсвэл мэдэгдэхгүйгээр доройтуулж чадна” гэж тэрээр нэмж хэлэв.

Балканы орнуудын дижитал эрх, аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллага “SHARE Foundation”-ийн Дижитал бодлогын зохицуулагч Бoян Перков ч мөн адил “төрийн авлигатай тэмцэх асуудлыг ямар нэгэн “шидэт” технологи, ялангуяа хиймэл оюун ухаанаар дангаар шийдвэрлэх боломжгүй” гэж анхааруулав. Технологийн шинэ хэрэглээний тухай сүр дуулиантай зарлалууд ихэвчлэн нийгэмд урт хугацаанд бодит ашиг өгөх стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг байхаас илүү “улстөрчдийн сурталчилгаанд ашиглагддаг” гэж тэрээр нэмж хэлсэн байна. Харин нийгэм хууль дээдлэх зарчимд тулгуурласан жинхэнэ засаглалын механизмаа бий болгох ёстой гэж үзжээ.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/feature/albanias-cheerful-ai-minister-is-the-product-of-a-government-agency-under-investigation-for-massive-corruption

 

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих