БНХАУ: Хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаа, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хууль бус хөрөнгийг буцаан авах эрх зүйн цоорхойг нөхнө

Хятадын хууль тогтоогчид 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хууль батлагдсанаар хил дамнасан авлигын хэргийг мөрдөн шалгах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хууль бус хөрөнгийг буцаан авахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын цоорхойг нөхөхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа болон аж ахуйн нэгжийн шударга байдал, хууль тогтоомжийн нийцлийг бэхжүүлэх ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хуулийн төслийг тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ээлжит хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулжээ.
Хятадын Улс төр, хууль зүйн их сургуулийн профессор Хуо Жэншин “Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэхүү төсөл нь Хятадын авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны хүрээнд хил дамнасан авлигатай тэмцэх асуудлыг тусгайлан зохицуулсан хууль болохыг онцолсон байна. Тэрээр “Энэ нь гадаад улстай холбоотой асуудлыг хуульд тулгуурлан зохицуулах Хятадын тогтолцоог хөгжүүлэх томоохон алхам бөгөөд хил дамнасан авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтын орон зайг нөхнө” гэжээ. Хятадын компаниудын үйл ажиллагаа олон улсад өргөжихийн хэрээр хил дамнасан авлигын хэргүүдэд гадаад улсаас нотлох баримт цуглуулах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хууль бус хөрөнгийг буцаан авахад тулгарч буй хүндрэл нэмэгдэж байна. Одоо мөрдөгдөж буй авлигатай тэмцэх хууль тогтоомж нь гадаад улстай холбоотой ийм хэргийг бүрэн зохицуулахад тодорхой хязгаарлалттай тул тусгайлсан хууль шаардлагатай болсон гэж Хуо тайлбарлав.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 47 зүйлтэй бөгөөд Хятад улс хил дамнасан авлигатай тэмцэхдээ баримтлах зарчим, хамрах хүрээ, үндсэн зохицуулалтыг тодорхойлжээ. Түүнчлэн холбогдох үйл ажиллагааны механизм, байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тусгасан байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн шударга байдал, хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулах үүргийг тодорхой болгож, зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүдийн нэг Хуогийн тайлбарласнаар төслийн гол шинэчлэлийн нэг нь олон улсын хамтын ажиллагаа болон аж ахуйн нэгжийн шударга байдал, хууль тогтоомжийн нийцлийн үүргийг бэхжүүлсэн явдал юм. Хил дамнасан авлигын хэрэгт нотлох баримт, сэжигтэн, хууль бус хөрөнгө нь ихэвчлэн гадаад улсад байдаг учраас хуулийн төсөлд гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг эх оронд нь буцаах зэрэг механизмыг тусгажээ. Эдгээр зохицуулалтыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын шаардлагатай уялдуулсан байна. Түүнчлэн гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниуд шударга байдлыг хангаж, дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөх хуулийн үүрэгтэй болохыг төсөлд тодорхой заасан байна.
Хууль батлагдсанаар Хятад улсын өмнө хэрэгжүүлж ирсэн “Sky Net”, “Fox Hunt” зэрэг хил дамнасан авлигатай тэмцэх ажиллагааны явцад хуримтлуулсан туршлагыг хуульчлан баталгаажуулж, илүү нэгдсэн, системтэй эрх зүйн тогтолцоонд оруулах боломж бүрдэх аж. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлэх хүч нөлөө ч нэмэгдэнэ гэж үзжээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр энэхүү хуулийн төсөл нь хил дамнасан бизнесийн үйл ажиллагааг зохистой зохицуулах, зах зээлийн зарчим, хууль дээдлэх ёс болон олон улсын стандартад нийцсэн дэлхийн түвшний бизнесийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит алхам бөгөөд хил дамнасан авлигатай тэмцэхэд ашиглах эрх зүйн арга хэрэгслийг нэмэгдүүлж, авлигыг илрүүлэх, нотлох баримт цуглуулах, хууль бус хөрөнгийг буцаан авах, гэм бурууг шүүхээр тогтоолгоход тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хуогийн тайлбарласнаар хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн шударга байдал, хууль тогтоомжийн нийцлийн шаардлагыг тодорхой тусгасан нь дотоодын хяналтаас зайлсхийх зорилгоор гадаад дахь төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан хахууль болон бусад авлигын үйлдлийг нуун далдлахад хүндрэлтэй болох аж. Үүний зэрэгцээ Хятадын авлигатай тэмцэх хууль тогтоомжийг улсын нутаг дэвсгэрээс гадуур хэрэглэх хүрээ илүү тодорхой болох юм. Хуо үүнийг Хятадын олон улсын эрх зүйн тогтолцоонд оруулж буй бас нэг чухал шинэчлэл гэж тодорхойлов.
Хятад улс авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд улам эрчимжүүлсээр байна. Тус улсын авлигатай тэмцэх дээд байгууллагын ажлын тайлангаас эш татан мэдээлснийг үзвэл 2025 онд авлигын хэрэгт холбогдон гадаадад оргон зайлсан 963 хүнийг Хятадад буцаан авчирчээ.
Эх сурвалж: https://www.globaltimes.cn/