ФИЛИППИН: Үерийн хамгаалалтын төслөөс хууль бус орлого авсан хэрэгт парламентын танхимын дарга асныг баривчиллаа

Филиппиний Төлөөлөгчдийн танхимын дарга асан Мартин Ромуалдезийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн үерийн хамгаалалтын төслүүдээс их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр баривчилжээ. Түүнийг өөр гурван этгээдийн хамт авлигын эсрэг тусгай шүүх болох Сандиганбаянд “хууль бусаар хөрөнгөжсөн” хэрэгт татсан байна.
Филиппиний Авлигатай тэмцэх омбудсманы мэдээлснээр уг хэрэгт нийт 7.4 тэрбум песо буюу ойролцоогоор 118 сая ам.доллар (424.4 тэрбум төгрөг)-ын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй тухай дурджээ. 2022 оноос хойш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 545 тэрбум песо буюу 9 тэрбум орчим ам.доллар (32.4 их наяд төгрөг)-ын өртөгтэй 10,000 орчим үерийн хамгаалалтын төслийн тодорхой хэсэг нь чанарын шаардлага хангаагүй, хэт өндөр үнэтэй эсвэл огт баригдаагүй болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.
Төлөөлөгчдийн танхимын дарга асан Мартин Ромуалдез, парламентын гишүүн асан Залди Ко нарыг 15-аас доошгүй удаагийн үйлдлээр комисс, хахууль болон бусад санхүүгийн ашиг хүртсэн, төрийн төслүүдийн санхүүжилтээс тодорхой хувийг буцаан авах замаар их хэмжээний хөрөнгө хуримтлуулсан байж болзошгүй талаар прокурорын албан ёсны яллах дүгнэлтэд дурджээ. Уг хэрэгт Ромуалдезээс гадна түүний туслах Жоселин Трагуа Серенио болон “Samchan Foreign Exchange Corporation”-ийн ерөнхийлөгч Фелисито Кристобал Гевара нарыг хамтран шалгаж байна. Парламентын гишүүн асан Залди Ко гадаадад байгаа бөгөөд баривчлах ажиллагаанаас зайлсхийсэн байна.
Сандиганбаяны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрээр Ромуалдез нарт батлан даалтад гаргах боломжгүй аж. Ромуалдез өөрт нь холбогдох авлигын бүх хэргийг няцааж, хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд баривчлагдсаны дараа эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Авлигын хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан болон бусад санхүүгийн гүйлгээ хийсэн байж болзошгүй энэ хэрэгт цаашид мөнгө угаахтай холбоотой нэмэлт ял төлөвлөж байгааг эрх бүхий байгууллагаас мэдээлжээ. Энэ бол Филиппинд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулагдсан төсвийн хөрөнгө авлигын эрсдэлд өртөж байгааг харуулсан томоохон жишээ болж байна.