9 сарын 23, 2026         140

Үндэсний номын баяраар хүүхэд, залуучуудад шударга ёсны боловсрол олгох өдөрлөг зохион байгуулав

iaac

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдсан 40 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-ын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ болон “Монголын Шатрын холбоо” ТББ-тай хамтран “Шударга ёсны боловсрол” асарт олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх тусгайлсан арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

Тус арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 1, 58 дугаар сургуулийн “Шударга ёсны клуб”-ийн 20 сурагч оролцож, “Найзын яриа” номын хэлэлцүүлгийг хоёр удаа өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр дунд ангийн сурагчид номын сургамжит түүхүүдийг амьдралдаа хэрэгжүүлж, үеийн нөхдөдөө түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчид тус номын агуулгаар богино хэмжээний медиа контент бэлтгэж, сургуулийн орчинд тулгардаг бодит жишээн дээр шинэ бүтээл хийх санаачилга гаргалаа.

Арга хэмжээний хүрээнд Монголын Шатрын холбоотой хамтран иргэд, хүүхдүүдийн дунд шатрын нээлттэй тэмцээн, сорилтуудыг зохион байгуулав. Шатар нь оюуны спорт төдийгүй бүгдэд дүрэм ижил үйлчлэх, хуурч мэхлэхгүй байх, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх зэрэг ёс зүйн зан үйлийг төлөвшүүлдэг тул энэхүү спортоор дамжуулан шударга өрсөлдөөний соёлыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр ойлгуулсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татсан юм.

Өдөрлөгийн үеэр асарт зочилсон иргэд, сурагчдад соён гэгээрүүлэх чиглэлийн нийт 1715 ширхэг ном, гарын авлага, сурталчилгааны материалыг түгээв. Тухайлбал, сурагчдад зориулсан “Муу нөхөр”, “Найзын яриа”, “Буддаг комисс”, “Буддаг ном”, “Итгэлийн оч”, “Чимээгүй үнэн” болон иргэд, албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг нэгдье”, “Нийтийн албан тушаалтанд тавих хориглолт, хязгаарлалт”, “Мэдүүлэг хэрхэн гаргах вэ?”, “Ёс суртахууны харилцаа”, “Авлигын эсрэг үйл ажиллагаанд залуучуудыг үр дүнтэй татан оролцуулах нь”, “Олон улсын хөрөнгө буцаах гарын авлага”, “Сэтгэхүй хөгжүүлэх бодлого”, Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан номын QR код бүхий сурталчилгааны материалыг хүргэв.

Цаашид сурагчдаас гаргасан санаачилгыг дэмжиж, “Найзын яриа” номын агуулгыг богино хэмжээний видео контент болгон сургуулиудад түгээх, Монголын Шатрын холбоотой хамтран “Шударга нүүдэл” тусгай шударга ёсны сургалтын модуль боловсруулах, мөн бусад дүүргийн сургуулиудтай хамтран сурагчдад зориулсан хэлэлцүүлэг, өртөөт тоглоомын арга зүйг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

iaac

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих