9 сарын 25, 2026         27

БНХАУ: Үнэт цаасны зохицуулах хорооны дэд дарга асанд бүх насаар нь хорих ял оноов

iaac

БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байсан Ван Жяньжюньд авлигын хэрэгт холбогдуулан бүх насаар нь хорих ял оноосон талаар тус улсын төрийн төв телевиз CCTV 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мэдээллээ.

Шаньдун мужийн Вэйфан хотын Дунд шатны Ард шүүхийн анхан шатны шийдвэрээр Ван Жяньжюнь нь 2005-2019 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүмүүст ашигтай шийдвэр гаргуулахад дэмжлэг үзүүлж, нийт 93 сая гаруй юань буюу ойролцоогоор 13.86 сая ам.доллар (49.8 тэрбум төгрөг)-ын үнэ бүхий мөнгө, эд хөрөнгийг хууль бусаар хүлээн авсан нь тогтоогдсон байна.

Тэрээр компанийн хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх буюу IPO хийх, аж ахуйн нэгжийн санхүүжилт авах, бизнесийн гэрээ байгуулах зэрэг асуудлаар тодорхой байгууллага, хувь хүмүүст давуу байдал бий болгохын тулд өөрийн эрх мэдлийг ашигласан гэж шүүх үзэв.

Ван Жяньжюнь нь Үнэт цаасны зохицуулах хороонд өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбоотой зохицуулалт, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд нөлөөлөх боломжтой байсан бөгөөд уг албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашигласан байна. Шүүхийн мэдээлснээр яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Хятадын төрийн байгууллага, шүүхийн мэдээллүүдэд сүүлийн жилүүдэд санхүү, үнэт цаас, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг өндөр эрсдэлтэй салбарт албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдэд хатуу хариуцлага тооцох бодлого хэрэгжүүлж байгааг онцоллоо. Ван Жяньжюньд бүх насаар нь хорих ял оноосон нь санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ ашиглан зах зээлийн оролцогчдод давуу байдал олгосны хариуд ашиг хүртсэн тохиолдолд өндөр түвшний авлигын гэмт хэрэгт тооцон хатуу шийтгэл ногдуулж байгааг харуулж байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china-hands-former-securities-regulator-wang-jianjun-life-sentence-over-bribery-2026-09-07/

 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих