Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 991 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон, сумын Засаг дарга Ю.Д нь татварын давсан орлогын үлдэгдэл болох 54,5 сая төгрөгөөр иргэний зээлийг төлсөн, Дундговь аймгийн удирдах албан тушаалтан Ц.А нь бусдад давуу байдал бий болгосон, Завхан аймгийн удирдах албан тушаалтан А.Г, Ч.Н нар нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.