“Ази дахь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл”-ийн нээлт болов

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-наас “Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтэд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 42 албан хаагч оролцов.
Энэхүү төсөл нь лити, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж болзошгүй гэмт хэрэг, авлигын эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, салбарын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.
Төслийн хүрээнд UNODC-оос боловсруулсан ерөнхий асуулгын дагуу төрийн болон төрийн бус нийт 22 байгууллагатай уулзалт зохион байгуулж, судалгаа, мэдээлэл цуглуулах юм. Уг мэдээлэлд үндэслэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулна.
Уг төслийн үр дүнд хууль сахиулах байгууллага болон ашигт малтмалын салбарын төрийн байгууллагуудын мэдлэг, ур чадвар, олон улсын болон дотоодын байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэргэжлийн болон техникийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.





