Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 997 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 978 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
Гаалийн ерөнхий газрын Хяналт хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Н, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан С.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.А нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд нийт 13 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс их хэмжээний хахууль авсан, бусдад давуу байдал олгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.