БНХАУ: Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төсөл гадаадын компаниудад хэрхэн нөлөөлөх вэ?
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг олон нийтээс санал авахаар нийтэлсэн. Энэ хуулийн төсөл нь БНХАУ-ын авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хил дамнасан авлигын хэлбэрүүд рүү чиглүүлэн өргөтгөх зорилготой юм. Үүнд Хятадын компаниуд гадаад улсын албан тушаалтанд хахууль өгөх, мөн гадаадын компаниуд Хятадын албан тушаалтан, төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид хууль бусаар нөлөөлөх зэрэг үйлдэл хамаарна.
Хуулийн төсөл батлагдвал гадаадын компаниудад дараах үндсэн үр дагавар үүсэхээр байна. Тухайлбал, Хятадын эрх зүйн харьяаллын хүрээнд өртөх эрсдэл нэмэгдэх, авлигын эсрэг нийцлийн үүрэг өргөжих, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах болон мэдээлэх шаардлага бий болох, Хятадын нутаг дэвсгэрт гадаад улсын мөрдөн шалгах ажиллагаанд туслах, нотлох баримт шилжүүлэх асуудал хязгаарлагдах, мөн гадаад улс Хятадын иргэн, компанийн эсрэг авлигатай тэмцэх нэрийн дор арга хэмжээ авсан гэж үзвэл хариу арга хэмжээ авах боломж бүрдэх юм.
Хуулийн төслийн зорилго
Энэхүү хуулийн төсөл нь Хятадын болон гадаадын компаниудаас гадаад, дотоодын албан тушаалтан, байгууллага, төрийн байгууллагад хахууль өгөх үйлдлийг зохицуулах зорилготой.
Хууль хэнд үйлчлэх вэ?
Хуулийн төсөл нь Хятадын болон гадаадын иргэн, компанид аль алинд үйлчилнэ. Үүнд:
- Хятадад оршин суугаа иргэн, Хятадад бүртгэлтэй компани гадаад улсын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтанд хахууль өгөх;
- гадаадын иргэн, гадаадад бүртгэлтэй компани Хятадын нутаг дэвсгэрт гадаад улсын албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтанд хахууль өгөх;
- Хятадын төрийн албан тушаалтан, төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, нийтийн байгууллагад хахууль өгөх тохиолдол хамаарна.
Хил дамнасан авлигын ойлголт
Хахууль өгөхөөс гадна Хятадын иргэн, Хятадад бүртгэлтэй компани, түүний салбар, охин компани БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадуур хөрөнгө завших, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, албан үүргээ биелүүлэхгүй байх, ашиг хонжоо хайх, ашиг шилжүүлэх, тал тохой татах, төрийн хөрөнгийг үрэгдүүлэх зэрэг үйлдлийг хуулийн төсөлд хамруулсан байна. Мөн үйлдлийн бүхэлдээ буюу зарим хэсэг нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадуур үйлдэгдэж, үр дагаврын бүхэл буюу зарим хэсэг нь БНХАУ-д бий болсон бол мөн адил хамаарах юм. Авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээд гадаад улс руу оргон зайлах, авлигын улмаас олсон хөрөнгийг хил дамнуулан шилжүүлэх үйлдлийг хуулийн төсөлд тусгажээ.
Хил дамнасан авлигын талаар мэдээлэх
Аливаа иргэн, байгууллага хил дамнасан авлигын хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой. Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд үндэслэл бүхий, ач холбогдолтой мэдээлэл өгсөн этгээдийг урамшуулж хамгаална.
Гадаадын компаниудад үүсэх үр дагавар
Хуулийн төсөл одоогийн агуулгаараа батлагдвал гадаадын компаниудад нийцлийн нэмэлт үүрэг бий болж, зарим тохиолдолд улс төрийн эрсдэлд өртөх магадлал нэмэгдэнэ. Дотоодын болон гадаадын компаниуд хил дамнасан авлигын мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж, шаардсан материал, баримт мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй болно. Иймээс гадаадын компаниуд Хятадтай холбогдох тусгай хариу арга хэмжээний дотоод протокол боловсруулах шаардлагатай. Уг протоколд хууль зүйн хяналт, баримт материал хадгалалт, нууцлалын хамгаалалт, мэдээллийн ангилал, төрийн байгууллагын зөвшөөрөл, баримт бичгийг хяналттайгаар гаргаж өгөх журам зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй.
Гадаадын мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтад тавих хязгаарлалт
Хуулийн төсөлд БНХАУ-ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын байгууллага Хятадын нутаг дэвсгэрт авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, мөн Хятадад байгаа иргэн, байгууллага нотлох баримт гаргаж өгөх, туслалцаа үзүүлэхийг хязгаарлахаар тусгажээ. Энэ зохицуулалтыг мэдээлэл, төрийн нууц, хувийн мэдээлэл болон нотлох баримтыг хил дамнуулан шилжүүлэхтэй холбогдох бусад эрх зүйн зохицуулалттай хамтатган ойлгох шаардлагатай.
Гадаад дахь толгой компани хилийн чанадад үйлдэгдсэн хэрэгт авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж, харин холбогдох ажилтан, цахим шуудан, чат, гэрээ, санхүүгийн баримт зэрэг мэдээлэл нь Хятадад байгаа тохиолдолд нэг талаас олон улсын компани гадаад улсын хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй, нөгөө талаас Хятадын хязгаарлалтад орох нөхцөл үүснэ. Зөвшөөрөлгүйгээр нотлох баримт гаргаж өгвөл хориглох буюу бусад хариу арга хэмжээнд өртөх, эсвэл хууль зүйн хариуцлага хүлээх эрсдэлтэй.
Авлигын эсрэг нийцлийн шинэ үүрэг
Хуулийн төсөлд хил дамнасан үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад шударга байдал, нийцлийн зохистой, эрсдэлд тохирсон үүрэг ногдуулахаар тусгасан байна. Үүнд гадаадын компаниудын Хятадад байгуулсан салбар, охин компани, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд хамаарна.
Гадаадын компаниуд зөвхөн дэлхийн түвшний ерөнхий бодлоготой байх бус Хятадын нөхцөлд бодитоор хэрэгжиж буй нийцлийн удирдлагын тогтолцоо, нийцлийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ ба дотоод мэдээлэх тогтолцоо, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт, гуравдагч этгээдийн хяналт, шударга байдлын сургалтыг бүрдүүлэх шаардлагатай. Мөн авлигын сэжигтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, баримтыг хадгалах, хуульчийг шуурхай оролцуулах, хөдөлмөрийн харилцаа, хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт, хариу арга хэмжээ авахгүй байх шаардлагыг уялдуулах хэрэгтэй.
Гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуулийн хэрэглээ
Хуулийн төсөл нь гадаад улсын Засгийн газар авлигатай тэмцэх нэрийдлээр Хятадын иргэн, компанийн эсрэг хориг арга хэмжээ авах, эсвэл бусад хязгаарлалтын арга хэмжээ ногдуулсан тохиолдолд БНХАУ-аас Гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуулийн хүрээнд хариу арга хэмжээ авах бүрэн эрхийг өргөтгөхөөр байна.
Энэ заалт нь улс төрийн шинж давамгайлсан зохицуулалт бөгөөд Хятадын компани, иргэнийг яллах, хариуцлага хүлээлгэхэд ашиглах боломжтой гадаад улсын авлигын эсрэг хууль тогтоомжид хамаарч болзошгүй. Хэрэглэх хүрээ нь тайлбар, хэрэглээнээсээ хамааран хязгаарлагдмал байж болох ч гадаадын компаниудыг улс төрийн маргаан, эсвэл хоорондоо өрсөлдөх эрх зүйн зохицуулалтын зөрчилдөөнд оруулах эрсдэлтэй.
Эх сурвалж: https://www.china-briefing.