“Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод, шударга байдлыг бэхжүүлэх, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 162, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 163, нийт 325 удирдах албан тушаалтан, эмч, эм зүйч, сувилагч хамрагдаж, авлигын ойлголт, хэлбэр, эрүүл мэндийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хуульд заасан хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргах үүрэг зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам сургалтыг хөтлөн явуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад гардаг нийтлэг зөрчил, дутагдлыг бодит жишээ, тохиолдолд тулгуурлан тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан юм.

