10 сарын 27, 2026         106

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.

Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.

Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.

Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.

iaac

iaac

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих