11 сарын 03, 2026         210

Нийслэлийн 210 сурагчийг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэв

iaac

Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо хамтран “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 45 сургуулийн 210 сурагчийг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сурагчдын оролцоо, үе тэнгийнхний эерэг үлгэрлэлд тулгуурлан сургуулийн орчинд үнэнч шударга зан үйлийг төлөвшүүлэх, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сурагчдын манлайлах болон илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг сургалтын хүрээнд оролцсон сурагчдад “Шударга үйлдэл ба үндсэн дүрэм”, “Илтгэх ур чадвар”, “Шударга ёсны модыг хэрхэн ургуулах зааварчилгаа” гэсэн үндсэн гурван сэдвээр мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгч, үе тэнгийнхэндээ зориулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах ур чадварыг эзэмшүүллээ. Тухайлбал, сурагчид шударга ёсны үнэ цэн, өдөр тутмын амьдралд шударга сонголт хийхийн ач холбогдол ба үр дагаврын талаар ойлголтоо бататгахын зэрэгцээ өөрийн үзэл бодлыг бусдад ойлгомжтой, итгэл үнэмшилтэй илэрхийлэх, сургалтын агуулгыг сонирхолтой хэлбэрээр хүргэх, үе тэнгийнхнийхээ идэвхтэй оролцоог хангах арга барилд суралцсан юм. “Шударга ёсны мод” арга хэмжээг сургууль, ангийн орчинд зохион байгуулах замаар сурагчдыг шударга үйлдлээ илэрхийлэх, зөв хандлага, эерэг зан үйлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах арга зүйд суралцлаа.

Энэхүү сургалтын онцлог нь сурагчдад шударга ёсны мэдлэг олгохоос гадна тэднийг өөрсдөө сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах чадвартай өсвөрийн сургагч багш болгон бэлтгэж байгаад оршино. Ингэснээр шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг зөвхөн сургалтад хамрагдсан сурагчдын хүрээнд хязгаарлахгүйгээр үе тэнгийнхнээр нь дамжуулан бусад сурагчдад хүргэх, сургуулийн орчинд эерэг хандлага, зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна.

Сургалтад хамрагдсан өсвөрийн сургагч багш нар цаашид өөрийн сургууль болон дүүргийнхээ бусад сургуулийн сурагчдад шударга ёс, үнэнч байдал, зөв сонголтын ач холбогдлыг таниулах сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Шударга ёсны мод”-ыг ургуулах ажлыг үе тэнгийнхэнтэйгээ хамтран хэрэгжүүлэх юм.

“Шударга үйлдэл-Миний бахархал” аяны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь хүүхэд, залуусын идэвх санаачилга, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг сургуулийн орчинд төлөвшүүлэх, сурагч бүрийг шударга үйлдлээрээ бусдад үлгэрлэхэд уриалж байгаагаараа ач холбогдолтой юм.

iaac

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих