11 сарын 11, 2026         174

Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авч, 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн ажиллалаа.

Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлж, нийт 25 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх 25 хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогдсон байна. Үүнээс 20 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 17 хэрэг нь шүүхээр шийдэгдэж, 1 хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 3 хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд одоогоор 4 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 212,7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авч АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулсан. Түүнчлэн 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих