11 сарын 12, 2026         138

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 569 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 373 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 196 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 119 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 13 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын Засаг дарга А, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан тендер шалгаруулах Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн зэрэг зөрчлийг илрүүлж авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих