11 сарын 17, 2026         237

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 371 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 71 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Гаалийн ерөнхий газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨАТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 107 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 8 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр газар ашиглах эрх олгосон, иргэнээс хандивласан малыг худалдан борлуулж хандивын орлого төвлөрүүлэх дансанд шилжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэр бүхий албан тушаалтны хувь эзэмшдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж харьяа салбаруудад үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээд, иргэд нартай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон, мөн өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих