11 сарын 19, 2026         50

БНХАУ: Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төсөл: Үндэстэн дамнасан компаниудад зориулсан практик гарын авлага

iaac

Хуулийн төслийн агуулга

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн XIV Их Хурлын Байнгын хороо Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Зургаан бүлэг, 47 зүйлтэй төсөл нь гэмт хэргийн шинэ төрөл бий болгохгүй бөгөөд Эрүүгийн хууль, Хяналт шалгалтын тухай хууль, Шударга бус өрсөлдөөний эсрэг хуулийн үйлчлэх хүрээг хил дамнасан үйлдэлд өргөжүүлж, компаниудад нийцлийг хангах бие даасан үүрэг тогтоохоор тусгасан байна.

Зохицуулалтад хамаарах үйлдлийн таван ангилал:

1.    Гадаад улсын төрийн болон олон улсын байгууллагын албан тушаалтанд хахууль өгөх;

2.    Гадаадын этгээдээс БНХАУ-ын төрийн албан хаагч, тэдний хамаарал бүхий этгээд, төрийн болон холбогдох байгууллагад хахууль өгөх, албан тушаалтан уг хахуулийг авах;

3.    БНХАУ-ын аж ахуйн нэгж, ажилтны хилийн чанадад үйлдсэн авлига, хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглах, албан үүрэгтээ хайнга хандах, төрийн хөрөнгө үр ашиггүй зарцуулах зэрэг албан үүрэгтэй холбоотой зөрчил, гэмт хэрэг;

4.    Бүхэлдээ буюу хэсэгчлэн гадаадад үйлдэгдэж, үр дагавар нь бүхэлдээ буюу хэсэгчлэн Хятадад үүссэн ижил шинжтэй үйлдэл;

5.    Авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээд гадаадад оргон зайлах, авлигын хөрөнгийг хил дамнуулан шилжүүлэх.

Харьяаллын хүрээ

Хуулийн төсөл нь үйлдэл хаана гарснаас үл хамааран БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн гадаад дахь салбар, охин компанид үйлчлэхээр байна. Гадаадын этгээд БНХАУ-ын албан тушаалтанд хахууль өгсөн, Хятадын нутаг дэвсгэрт үйлдэл гаргасан, эсвэл гадаадад гарсан үйлдлийн үр дагавар Хятадад үүссэн бол мөн хамаарна.

Хуулийн төслийн 26 дугаар зүйлд БНХАУ-ын зөвшөөрөлгүйгээр гадаадын байгууллага Хятадад авлигын мөрдөн шалгах ажиллагаа явуулах, Хятадад байгаа этгээд гадаадын этгээдэд нотлох баримт, холбогдох туслалцаа үзүүлэхийг хоригложээ. 6 дугаар зүйлд гадаад улсын нутаг дэвсгэрийн гаднах харьяаллыг зохисгүй хэрэгжүүлсэн гэж Хятад улс үзсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах эрх олгохоор тусгасан.

Хууль тогтоомжийн нийцлийг хангах үүрэг

Дөрөвдүгээр бүлгийн шаардлага нь гадаадад салбар, охин компанитай буюу хөрөнгө оруулалт хийдэг дотоодын компани, мөн гадаадын аж ахуйн нэгжийн Хятадад байрлах салбар, охин компанид хамаарна. Үүнд нийцлийн удирдлагын тогтолцоо, хариуцсан нэгж буюу ажилтан, дотоод мэдээлэх механизм, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт, гуравдагч этгээдийн нарийвчилсан шалгалт, ажилтны сургалт, эрсдэлийн байнгын хяналт, дотоод аудит багтана (29-34 дүгээр зүйл).

45 дугаар зүйлд нийцлийн шаардлага биелүүлээгүйг авлигын үйлдэл гарсан эсэхээс үл хамааран бие даасан зөрчилд тооцохоор тусгажээ. Эхлээд хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулах бөгөөд татгалзвал холбогдох үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгуулахаар үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч болно.

Хууль сахиулах ажиллагаа ба урамшуулал

Хууль сахиулах ажиллагааг Үндэсний хяналт шалгалтын комисс удирдаж, эрүүгийн хариуцлагыг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар тогтооно. Мөнгө угаахтай тэмцэх, аудит, санхүү, татвар, санхүүгийн зохицуулалт, гаалийн байгууллага сэжиг бүхий мэдээлэл, нотлох баримтыг хяналт шалгалтын буюу нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлэх үүрэгтэй (13, 14 дүгээр зүйл). Иймээс ердийн шалгалтаас авлигын мөрдөн шалгах ажиллагаа эхэлж болно.

Давтан зөрчил, хууль бус орлогоо хураалгах буюу буцаахаас татгалзах, төрийн болон нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах нь шийтгэл хүндрүүлэх үндэслэл болно (42 дугаар зүйл). Сайн дураар хэргээ илчлэх, үнэн зөв мэдүүлэх, идэвхтэй хамтран ажиллах, зөрчил арилгах, хууль бус орлогоо буцаах, бусдын зөрчлийн талаар батлагдсан мэдээлэл өгөхөд шийтгэл хөнгөрүүлж болно (43 дугаар зүйл). Зээлийн мэдээллийн бүртгэлд сөрөг тэмдэглэл оруулах, бусад хуульд заасан бизнесийн болон мэргэжлийн эрхийн хязгаарлалт мөн үйлчилж болно (39 дүгээр зүйл).

Аливаа байгууллага, хувь хүн хил дамнасан авлигын талаар мэдээлж болно. Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн хэн болохыг нууцалж, хэрэгцээтэй мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалж, урамшуулах үүрэгтэй (17 дугаар зүйл). Иймд компанийн дотоод мэдээлэх механизм найдвартай, шуурхай ажиллах нь чухал.

Хуулийн төслийг FCPA болон Хахуулийн тухай хуультай харьцуулах нь

БНХАУ-ын хуулийн төсөл, АНУ-ын 1977 оны Гадаад дахь авлигын үйл ажиллагааны тухай хууль (FCPA), ИБУИНХУ-ын 2010 оны Хахуулийн тухай хуулийг зургаан үзүүлэлтээр харьцууллаа.

 

Үзүүлэлт

БНХАУ: Хуулийн төсөл

АНУ: FCPA

ИБУИНХУ: Хахуулийн тухай хууль

Зохицуулалтын арга хандлага

Хоёр чиглэлтэй: Гадаад улсын албан тушаалтанд хахууль өгөх гадагш чиглэсэн болон БНХАУ-ын албан тушаалтанд хахууль өгөх дотогш чиглэсэн үйлдлийн аль алиныг зохицуулна. Мөн оргон зайлсан этгээдийг эх оронд нь буцаах, хөрөнгө буцаан авах асуудлыг хамаарна.

Нэг чиглэлтэй: Гадаадын албан тушаалтанд хахууль өгөх талд төвлөрч, үнэт цаас гаргагчдад хамаарах нягтлан бодох бүртгэл, данс, бүртгэл болон дотоод хяналтын тухай заалтуудыг агуулна.

Иж бүрэн: Төрийн болон хувийн хэвшлийн аль алинд хахууль өгөх, авах үйлдлийг хамаарч, хахуулиас урьдчилан сэргийлээгүйг гэмт хэрэгт тооцно.

Хориглосон үйлдлийн хүрээ

Таван ангилал: Гадаадын албан тушаалтанд хахууль өгөх; гадаадын этгээдээс БНХАУ-ын албан тушаалтанд хахууль өгөх; хилийн чанадад үйлдсэн албан үүрэгтэй холбоотой зөрчил, гэмт хэрэг; бусад ижил шинжтэй үйлдлийг хамруулах ерөнхий заалтад хамаарах үйлдэл (өөрөөр хэлбэл, хилийн чанадад үйлдэгдсэн, Хятадад үр дагавар үүсгэсэн ижил шинжтэй үйлдэл); оргон зайлсан этгээдтэй холбоотой үйлдэл. Эрүүгийн хуулийн заалтыг эш татах бөгөөд гэмт хэргийн шинэ төрөл бий болгохгүй.

Хоёр үндсэн бүрэлдэхүүн: Хахуулийн эсрэг заалтууд нь бизнесийн зорилгоор гадаадын албан тушаалтанд төлбөр өгөхийг хориглоно. Нягтлан бодох бүртгэлийн заалтууд нь үнэт цаас гаргагчдаас данс, бүртгэлээ үнэн зөв хөтлөх, зохистой дотоод хяналт хэрэгжүүлэхийг шаардана. “Аливаа үнэ цэн бүхий зүйл”-д үйлчлэх бөгөөд бага дүнтэйг үндэслэн үл хамааруулах босго байхгүй.

Дөрвөн гэмт хэрэг: Хахууль өгөх, хахууль авах, гадаад улсын төрийн албан тушаалтанд хахууль өгөх, хахуулиас урьдчилан сэргийлээгүй байх (өөрөөр хэлбэл, хуулийн этгээдэд гэм бурууг нотлохыг шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэх нэг хэлбэр).

Харьяалал

Иргэний болон хуулийн этгээдийн харьяалал, нутаг дэвсгэрийн шалгуур: БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж, түүний дотор гадаад дахь охин компани, түүнчлэн үйлдэл нь Хятадад гарсан буюу үр дагавар нь Хятадад үүссэн гадаадын хуулийн этгээдийг хамарна. Гадаад улсын нутаг дэвсгэрийн гаднах харьяалалтай холбоотой зохицуулалт агуулна.

Харьяаллын гурван ангилал: Үнэт цаас гаргагчид; үйлдэл хаана гарснаас үл хамааран дотоодын этгээдүүд; АНУ-ын муж улс хоорондын худалдааны хэрэгсэл ашигласан бусад этгээд. Харьяалал нь ам.доллароор илэрхийлэгдсэн гүйлгээ болон АНУ-ын сервер ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд хүрнэ.

Нутаг дэвсгэр болон нягт холбоонд үндэслэсэн харьяалал: Үндсэн гэмт хэргүүдэд нутаг дэвсгэрийн болон “нягт холбоо”-ны шалгуур, харин урьдчилан сэргийлээгүй гэмт хэрэгт “бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байх” шалгуурыг хэрэглэнэ. Нэгдсэн Хаант Улсад бизнес эрхэлдэг хуулийн этгээдийг хамарна.

Нийцлийг хангах үүрэг

Хуульд шууд заасан нийцлийг хангах үүрэг: Дөрөвдүгээр бүлэгт нийцлийг хангах тогтолцоотой байхыг шаардсан. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд авлигын үйлдэл гараагүй байсан ч захиргааны шийтгэл ногдуулна.

Хуулиар тогтоосон бие даасан нийцлийг хангах үүрэг байхгүй: АНУ-ын Хуулийн эмхтгэлийн 15 дугаар гарчгийн 78m зүйлд заасан үнэт цаас гаргагчдын данс, бүртгэл болон дотоод хяналтын тухай зохицуулалт нь бодит байдалд нийцлийн дэд бүтэцтэй байхыг шаарддаг. АНУ-ын Хууль зүйн яам (DOJ) болон АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) нь яллах, шийтгэл тогтоох, хэргийг шийдвэрлэх тухай шийдвэр гаргахдаа нийцлийг хангах хөтөлбөрийг харгалзан үздэг.

“Зохистой журам”-д үндэслэсэн хамгаалалт: Байгууллага хахуулиас урьдчилан сэргийлэх зорилготой зохистой журам хэрэгжүүлснээ нотолж чадвал 7 дугаар зүйлд заасан хамгаалалтыг ашиглаж болно. Хууль зүйн яам 9 дүгээр зүйлд үндэслэн зургаан зарчмыг тодорхойлсон удирдамж гаргасан: арга хэмжээний зохистой харьцаа, дээд удирдлагын тууштай оролцоо, эрсдэлийн үнэлгээ, зохих нарийвчилсан шалгалт, сургалт, хяналт. Нотлох үүргийг шүүгдэгч хүлээнэ.

Хууль сахиулах ажиллагаа ба шийтгэл

Захиргааны болон эрүүгийн журмаар хэрэгжүүлэх: Үндэсний хяналт шалгалтын комисс хэрэгжүүлнэ. Эрүүгийн хариуцлага нь хүчин төгөлдөр хуульд эш татсан заалтаар үүснэ. Захиргааны шийтгэл, сайн дураар мэдээлж, хамтран ажилласан тохиолдолд шийтгэл хөнгөрүүлэх, түүнчлэн зээлийн мэдээллийн бүртгэл, бизнесийн үйл ажиллагаа, мэргэжлийн эрхэд хязгаарлалт тогтоох зэрэг дагалдах үр дагаврыг тусгасан.

Эрүүгийн болон иргэний журмаар хэрэгжүүлэх: DOJ эрүүгийн, SEC иргэний хариуцлагын зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

Хувь хүнд хахуулийн эсрэг заалт зөрчсөн үйлдэл тус бүрд 250,000 хүртэл ам.долларын торгууль, тав хүртэл жилийн хорих ял, нягтлан бодох бүртгэлийн заалт зөрчсөн үйлдэл тус бүрд 5 сая хүртэл ам.долларын торгууль, 20 хүртэл жилийн хорих ял ногдуулна. Хуулийн этгээдэд хахуулийн эсрэг заалт зөрчсөн үйлдэл тус бүрд 2 сая хүртэл ам.доллар, нягтлан бодох бүртгэлийн заалт зөрчсөн үйлдэл тус бүрд 25 сая хүртэл ам.долларын эрүүгийн торгууль ногдуулна. Торгуулийн өөр хувилбарын тухай хуулийн дагуу нэмэлт шийтгэл ногдуулж болох бөгөөд торгуулийн хэмжээ олсон ашгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж болно. Мөн иргэний журмаар мөнгөн шийтгэл ногдуулна. Үүнд хахуулийн эсрэг заалт зөрчсөн үйлдэл тус бүрд 16,000 хүртэл ам.доллар, нягтлан бодох бүртгэлийн зөрчилд шаталсан хэмжээгээр хувь хүнд 150,000 хүртэл ам.доллар, хуулийн этгээдэд 725,000 хүртэл ам.долларын шийтгэл багтана. Яллах ажиллагааг хойшлуулах гэрээ (DPA), яллахгүй байх гэрээ (NPA) байгуулах боломжтой.

Эрүүгийн журмаар хэрэгжүүлэх: Онц ноцтой залилангийн хэрэгтэй тэмцэх алба (SFO) болон Хааны прокурорын алба хэрэгжүүлнэ. Хувь хүнд зөрчил тус бүрд арав хүртэл жилийн хорих ял, дээд хязгааргүй торгууль, хуулийн этгээдэд зөрчил тус бүрд дээд хязгааргүй торгууль ногдуулна. DPA байгуулах боломж 2014 оноос нээгдсэн. 7 дугаар зүйлд хахуулиас урьдчилан сэргийлээгүйг гэмт хэрэгт тооцсон бөгөөд энэ нь зохистой журам хэрэгжүүлсэн гэх хамгаалалт ашиглах боломжтой, хуулийн этгээдэд гэм бурууг нотлохыг шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэх нэг хэлбэр юм.

Олон улсын хамтын ажиллагаа

Тусгай бүлэгтэй: Оргон зайлсан этгээдийг эх оронд нь буцаах дөрвөн арга, хөрөнгө буцаан авах болон хуваарилах, хил дамнасан нотлох баримт цуглуулах асуудлыг зохицуулна. БНХАУ-ын зөвшөөрөлгүйгээр Хятадад мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг гадаадын этгээдэд хориглох хязгаарлалтын заалтууд, түүнчлэн гадаад улсын нутаг дэвсгэрийн гаднах харьяаллын эсрэг хариу арга хэмжээ багтана.

Тусгай бүлэггүй: Эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүд (MLAT), НҮБ-ын Авлигын эсрэг конвенц болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын конвенцод тулгуурлана. Хууль сахиулах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааны механизм болон FCPA-ийн нутаг дэвсгэрийн гаднах харьяаллын тухай заалтуудын аль алиныг ашиглаж болно.

Тусгай бүлэггүй: Голчлон MLAT, Европын Холбооны Эрүүгийн шүүхийн хамтын ажиллагааны агентлаг болон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад тулгуурлана. Нэгдсэн Хаант Улс, АНУ-ын хууль сахиулах хамтын ажиллагаа сайн төлөвшсөн.

Компаниудад хамаарах гол үр дагавар

Хятадад бизнес эрхэлдэг гадаадын компаниуд

Гадаадын компани, ажилтан БНХАУ-ын албан тушаалтанд хахууль өгсөн бол шууд харьяалагдах бөгөөд гадаадад гарсан үйлдэл Хятадад үр дагавартай бол мөн хамрагдаж болно. Хятадад байрлах салбар, охин компани нийцлийн тогтолцоотой байх шаардлагатай.

БНХАУ-ын болон гадаад улсын байгууллагын зэрэгцээ шалгалтад хамрагдвал нотлох баримт шилжүүлэх зөвшөөрөл, хамтын ажиллагааны шаардлагууд зөрчилдөж болзошгүй. Компанийн дотоод шалгалт болон гадаад улсын төрийн байгууллагын удирдлага дор буюу түүний ашиг сонирхлын төлөө явуулж буй шалгалтыг ялгаж үнэлэх шаардлагатай.

Мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж, нотлох баримт гаргах үүрэгтэй (18 дугаар зүйл). Баримт өгөхөөс татгалзах, нуух, устгах, ажиллагаанд саад учруулахад авлигын үйлдэлд оролцоогүй байсан ч тусдаа хариуцлага хүлээлгэж болно (44 дүгээр зүйл). Сэжиглэгдсэн удирдах ажилтан, ажилтныг хилээр гарахыг хориглож болох тул баримт хадгалалт, хямралын удирдлагадаа эдгээр эрсдэлийг тооцох нь зүйтэй (19 дүгээр зүйл).

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг Хятадын аж ахуйн нэгжүүд

Хилийн чанад дахь үйлдэлд иргэний болон хуулийн этгээдийн харьяаллын зарчмаар хүрч үйлчлэх бөгөөд гадаад дахь охин компани нь бие даасан хуулийн этгээд байсан ч хамрагдана. Нийцлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь хуулийн үүрэг болохоор байна.

Авлигын сэжигтэй үйлдэл илрүүлбэл эрх бүхий байгууллагад заавал мэдээлнэ (31 дүгээр зүйл). Гэхдээ мэдээлэх босго, хугацаа, Хятадад үйл ажиллагааны нэгжгүй гадаадын компанид хамаарах эсэх, албадан мэдээлснийг хариуцлага хөнгөрүүлэх сайн дурын илчлэлд тооцох эсэх тодорхойгүй хэвээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд мэдээлэх нийтлэг үүрэг хэдийнэ бий боловч мэдээлээгүйн төлөө тусгай шийтгэл заагаагүй. Хэрэгжүүлэх журам тодорхой болох хүртэл мэдээлэх үүрэг үүссэн эсэх, хугацааны үнэлгээг баримтжуулах нь зүйтэй.

Аж ахуйн нэгжийг шийтгэхийн зэрэгцээ шууд хариуцсан удирдах болон бусад ажилтанд хувь хүнийх нь хувьд захиргааны шийтгэл ногдуулж болно (36 дугаар зүйл). Энэ нь дотоод шалгалт, хууль зүйн төлөөлөлд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй.

Цаашдын төлөв

Нийтлэлд дурдсанаар төсөл олон нийтийн санал авах шатанд байгаа бөгөөд өөрчлөгдөж болно. Батлагдвал Хятадтай холбоотой үйл ажиллагаа бүхий компаниудын нийцлийн шаардлага нэмэгдэх тул дотоод хяналт, мэдээлэх журам, гуравдагч этгээдийн шалгалт, нотлох баримтын удирдлага болон зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд бэлтгэлтэй эсэхээ үнэлэх шаардлагатай.

Зохиогчид: Christine Liu, Yetta Cai, Stella Zhang

ЭНД байршуулсан нийтлэлийг хураангуйлан орчуулав.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих