11 сарын 20, 2026         123

Нийслэлийн 253 сургуулийн нийгмийн ажилтнууд “Шударга орчин-бидний манлайлал” сэдвээр туршлага солилцов

iaac

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газар, “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын холбоо” ТББ хамтран “Шударга орчин-Бидний манлайлал” сэдэвт туршлага солилцох уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Тус уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн нийт 253 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож, хүүхэд, өсвөр үеийнхний шударга байдал, ёс зүй, хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлэх, сургуулийн орчин дахь итгэлцэл, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр санал, туршлагаа солилцов.

Уулзалтын үеэр “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг сургуулийн орчинд үр дүнтэй хэрэгжүүлэх шинэ санаачилга, шилдэг арга зүй, бодит туршлагыг хэлэлцэж, хүүхдэд ээлтэй, шударга, аюулгүй орчныг бүрдүүлэхэд сургуулийн нийгмийн ажилтны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон авч үзлээ.

Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгааны дүнгээр сурагчдын шударга бус үйлдэл гаргахад сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт 46.1 хувь, жижиг алдаа гаргахад багш, томчуудын хатуу зэмлэлээс эмээх байдал 40.1 хувь, шударга байснаар ховч гэж гадуурхагдах айдас 36.1 хувьтай байна. Түүнчлэн хүүхдийг шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн чиглүүлэхэд сургуулийн нийгмийн ажилтны нөлөөллийг сурагчдын ердөө 0.4 хувь нь нэрлэсэн нь хүүхэд, нийгмийн ажилтны хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй зөвлөгөө, хамгааллын арга зүйг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Энэ хүрээнд сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх, нэр төр, хувийн нууцыг хамгаалж, тэдний итгэлийг хүлээсэн зөвлөн туслагч, шударга зан үйлийг дэмжигч байх нь чухал болохыг зохион байгуулагчид онцоллоо. Мөн судалгааны үр дүнд тулгуурлан нийгмийн ажилтнуудын арга зүйг сайжруулах, сургуулийн орчинд хэрэгжүүлсэн үр дүнтэй туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь хүүхдийн шударга байдлын төлөвшил, аюулгүй орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтын үр дүнд нийслэлийн 253 сургуулийн нийгмийн ажилтнууд “Шударга орчин-Бидний манлайлал” шилдэг кейс, арга зүйн уралдаан, хэлэлцүүлгийн хүрээнд нэгдсэн ойлголтод хүрч, цаашид сургууль бүрд “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг үр дүнтэй зохион байгуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдэд ээлтэй, шударга, аюулгүй сургуулийн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих