Aвлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа


2011/06/29  4869   0


Aвлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуульд заасан бусад хэргийн нэг адил ерөнхий буюу нийтлэг, тусгай буюу нэг бүрчилсэн гэж хоёр ангилан үзнэ. Aвлигаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ нь тухайн улс орны нийгмийн амьдралд бодит үзэгдэл болсон авлигын гэмт явдал үүсэх улс нийгмийн чанартай шалтгаан, нөхцөлийг илрүүлэн олж арилган устгах, улмаар авлигыг таслан зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын нийлбэр байдаг.

Тухайлбал, манай орны хувьд улс орны хөгжлийн төвшин дорой, ард түмний дийлэнх хэсэг нэн ядуу, төрийн албан хаагчдын цалин бага, хууль хэрэгжүүлэх сахилга сул, авлигатай тэмцэх эрх зүйн орчин төгс бүрдээгүй, хийдэлтэй, хууль, шүүхийн өмнө бүх нийтээрээ тэгш эрхтэй байх хууль ёсны зарчим жигд хэрэгждэггүй, төрийн байгууллага, ажилтнуудын хүнд суртал, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчил газар авсан, үйл ажиллагаа нь нээлтэй, ил тод бус зэрэг нь авлига үүсгэдэг гол шалтгаан, нөхцөл болж байна.

Эдгээрийг арилган устгаж, таслан зогсоох чиглэлээр төр, засаг, хууль хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газраас улс орныг хамруулан төрөөс тогтоосон хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг ерөнхий буюу нийтлэг урьдчилан сэргийлэх ажлын хэсэгт хамруулан үздэг.

Тодруулбал, Төр засгаас улс орноо хөгжүүлэх оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг авах, төрийн өндөр албан тушаалд хамгийн хариуцлагатай, үнэнч, шударга хүмүүсийг сонгох буюу томилох, цалин нэмэх, сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулж, хуулийг бүх нийтээрээ ухамсартайгаар хэрэгжүүлдэг болгох, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулж шударга ажилладаг болгох гэх мэт.

Aвлигаас урьдчилан сэргийлэх тусгай буюу нэг бүрчилсэн арга хэмжээ нь авлига ихтэй, авлигад өртөмтгий байгууллага, авлига авч болзошгүй ажил, албан тушаалтан болон авлига өгч болзошгүй, зуучлагчдыг олж, авлигын гэмт явдалд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн цогц байдаг. Тухайлбал, төрийн үйлчилгээг олон түмэнд өргөн хүрээнд хүргэдэг байгууллагын ажилтнуудад авлигаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийх, авлигад өртөгдөж болзошгүй ажлын байруудад хамгийн шударга сайн ажилтнуудыг сонгон олж ажиллуулах, тэднийг ёс зүйн дүрмээ биелүүлж байгаад хяналт тавих, тухайн байгууллагын үйл ажиллагааг өргөн олонд нээлттэй ил тод болгох, үйлчилгээний шат дамжлага, давхардлыг цөөрүүлэх, шударга ажилтнуудыг хөхүүлэн урамшуулах, ашиг сонирхлын зөрчилд автагдахааргүй ажил эрхлүүлэх гэх мэт.

Нэг.Төрийн байгууллагууд, иргэн, аж ахуйн нэгж, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг дараахь байдлаар тус тус ангилж болно. Үүнд:

1.Төрийн байгууллага нь Авлигын эсрэг хуулийн 6.1.1, Гэмт хэргээс уьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:

7.1. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд хэрэгжүүлэх ерөнхий болон тусгай арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө батална.
7.2. хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг Засгийн газраас жил бүрийн улсын төсөвт тусгайлан тусгаж Улсын Их Хуралд оруулна.
7.3. хууль зүйн сайд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7.3.1. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг зохицуулах;
7.3.2 гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт, шалгалт явуулах;
7.3.3. шүүх, прокурорын байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газарт оруулах;
7.3.4. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах;
7.3.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.3.6.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

7.5. Яам, агентлаг, төрийн бусад байгууллага, захиргааны хяналтын албад эрхэлсэн асуудлынхаа хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах үүрэгтэй.

7.6. Нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.6.1.харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;
7.6.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх;
7.6.3. хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин туслах.

7.7.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэр дээр гарч байгаа гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар харьяа нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас зохиож байгаа ажлыг хэлэлцэн чиглэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг хянан батална.

Авлига нь гэмт явдлын нэг төрөл болдогийг Эрүүгийн хуулинд заасан бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын салшгүй нэг хэсэг болох манай нийгэмд бугшсан авлигыг таслан зогсооход чиглэгдэх ёстой гэдэг утгаар дээр дурьдсан хуулийн заалтаас энд оруулсан болно.

Үүнээс гадна төрийн байгууллага Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлтэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх;
  • төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;
  • төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хувиарлалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;
  • тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
  • төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хувиарыг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;
  • төрийн байгууллага нээлтэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээлийг харилцан солилцох, олон нийтэд мэдээлийг тогтмол хүргэж байх;
  • авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;
  • төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авна;
  • төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой нээлтэй байна;
  • иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх;
  • бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох,
    тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;
  • авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгуулага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;
  • төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөнө;
  • төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж авсан авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ.

2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэн авлига гэмт явдлын нэг төрөл болохын хувьд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9, 10, Авлигын эсрэг хуулийн 6.56.9 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан сэргийлэх дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;
  • ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах.
  • гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.
  • бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх;
  • оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох;
  • гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх.
  • төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
  • хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх;
  • Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг нь хугацаанд нь өгөх үүрэгтэй;
  • авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ;
  • Авлигын эсрэг хуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгоно.

Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дор дурдсан эрх эдэлнэ:

  • нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах;
  • гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;
  • архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах;
  • гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах.

Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцөлөөр хангах;
  • авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах;
  • сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, түүнийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх;
    албан бус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахжйн нэгж, байгуулага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигын нийгмийн хор аюулыг суралцагчдад тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;
  • хэвлэл мэдээлийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ болдлогыг чиглүүлэх, энэ талаар байнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.

3. Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

  • улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
  • авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг гэх мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;
  • авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;
  • төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачлагыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчилах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр, сургалт сурталчилгаа хийх;
  • төрийн байгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах;
  • авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;
  • төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх;
  • хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилга гаргах;
  • авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
  • авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх