Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсвэл эх үүсвэрийг нь заагаагүй албан тушаалтнуудын мэдүүлгийг нягтлан шалгаснаар үл хөдлөх хөрөнгө, банкин дахь төгрөгийн хадгаламж, хувьцаа зэргийг илрүүлсэн байна. Тиймээс төрийн албан хаагчийн тангаргаа зөрчсөн дээрх нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн гаргасан байна.
Ц.Жанлавын асуудлаар АТГ-аас ЕрӨнхий сайдад албан бичиг хүргүүлжээ
Ийнхүү хөрөнгө орлогоо худал мэдүүлэгсэд байна. Түүнээс гадна “муу дээр муухай” гэдэг шиг худал мэдүүлснийг тогтоож хариуцлага тооцох гэхээр гэдийгээд суугаа нь бас байх юм. Үүний “амьд жишээ” бол Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав. Тэрээр өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй хоёр орон сууц, барилга байгууламжийг бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, өөрийн эзэмшлийн “Дорнод” бөхийн өргөөнөөс олдог орлогоо нуусныг илрүүлсэн ч өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй явна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд энэ талаар албан бичиг илгээсэн ч Засаг даргаа хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, “мартамхай” байсныг нь “уучлаад” өнгөрөөжээ.
-Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан өөрийн өмчлөлийн 11 барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийг 2008, 2009 онд дараалан нуусан байх юм.
-ГЕГ-ын байцаагч Д.Пүрэвдулам ч хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хагасыг нь мартаж орхисон байв. Тэрээр гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр байдаг банкин дахь төгрөгийн хадгаламж, хувьцаа худалдаж олсон их хэмжээний орлого, аж ахуйн нэгж зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Түүнийг ийнхүү хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн асуудлаар өнгөрсөн тавдугаар сард ГЕГ-ын даргад албан тоот явуулсан ч огт хариу ирүүлээгүй гэнэ.
Энэ бүхнээс харахад, хөрөнгө, орлогоо хагас дутуу мэдүүлэхэд хариуцлага хүлээдэггүй юм байна гэх хандлага бий болохгүй гэх газаргүй.
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтан бүрт хариуцлага тооцох боломжгүй байгаа нь одоогийн хууль тогтоомжийн заалт оновчгүйтэй холбоотой гэж хэлэх хүн олон байна.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавыг хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг тогтоож, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцох бичгийг аймгийн ИТХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн ч аймгийн ИТХ-аас АТГ-т хариу ирж.Тэгэхдээ, “Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн бол заавал албан тушаалаас огцруул гэсэн юм алга, үндэслэл болно л гэсэн байна” гэж уг хариу бичигт гэдийжээ.
Ингэж л хариулах нөхцөл байдал үүсчээ. Тиймээс төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон бол заавал хариуцлага тооцохоор чангатган хуульчилж өгөх шаардлага тулгарч байгааг дээрх жишээнээс харж болно. Албан тушаалтан хууль зөрчиж мэдүүлсэн нь тогтоогдвол хариуцлага тооцох албан бичгийг харъяа байгууллагын удирдлагад хүргүүлдэг. Авлигын эсрэг хуулийн 13.5-д хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь тухайн албан тушаалтныг огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасныг уг албан бичигт сануулдаг аж. Хуульд заасан энэ хариуцлагыг тооцох эрх нь одоогоор тухайн албан тушаалтны удирдлагад байгаа ч хариуцлага тооцоогүй нь олон. Албан хаагчдаа арга хэмжээ авсан эсэх тухай хариугаа хугацаанд нь өгөөгүй албан тушаалтныг 150-200 мянган төгрөгөөр торгох заалт бий. Төрийн байгууллагын удирдлагуудад энэ торгууль юу ч биш санагддаг байж магадгүй. Тэгээд ч “хуульд халах үндэслэл болно гэснээс хал гээгүй байна” гэж мөчөөрхөж суудаг юм байх.
Бидний хөрш БНХАУ-д гэхэд төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол шууд ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн тухайн хөрөнгийг ямар аргаар олсныг шалгадаг байна. Харин манайд бол эсрэгээрээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг хууль бусаар баяжих гэсэн томъёололд оруулан эрүүгийн хэрэг үүсгэхээр тусгасан байдаг аж. “Төрийн албан тушаалтан өөрийн орлоготойгоо харьцуулахад их хэмжээний хөрөнгөтэй болсноо үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол үүнийг эрүүгийн ял хүлээлгэх арга хэмжээ авах” хэмээн заасан нь энэ юм. Эс тэгвээс төрийн албан хаагчид ямар замаар олсон нь мэдэгдэхгүй хөрөнгө, орлогоо нууж, тэр нь илэрлээ ч хариуцлага тооцохгүй байх жишиг тогтож магадгүй нь.