“Хурлын дарга аа, та битгий хууль зөрчөөд бай л даа”


2011/08/03  3923   0


Албан тушаалтанууд хууль зөрч­сөн атлаа хариуцлага хүлээхгүй гэж бүхий л арга, заль мэхээ хэрэг­лэдэг. Харин хамсаатнууд нь түүнийгээ хам­гаалж авч үлдэх гэж улайран, төрийн нэр хүндийг уландаа гишгэнэ. Хачир­хал­тай ч гэмээр, гаж ч гэмээр энэ үзэг­дэл манай улсад түгээмэл болжээ. Үнэндээ иймэрхүү гаж үзэгдэл ганц төрийн албанд ч биш УИХ дотор хүр­тэл өрнөдөг болсон. Тодруулж хэл­бэл, ард түмний төлөөлөл болсон эр­хэм гишүүд авлигын хэрэгт холбогд­сон нэгнээ авч үлдэх гэж элдэв арга хайдаг. Шулуухан хэлэхэд энэ бол улс төрийн инээдэмт, эмгэнэлт “дра­мын жүжиг” бөгөөд үүнтэй адил ба­римтыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хийгээд тус аймгийн ИТХ-ын үйл ажиллагаагаар жи­шээлж болох юм.

Үйл явдал хэрхэн эхлэв?
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав 2008 оны хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ. Энэ нь Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар тогтоогдож. Ингээд хууль зөрчин, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргад Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн байна. уг албан бичгийн хувийг мөн Дорнод аймгийн ИТХ-д явуулжээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газраас очсон албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад, Хэрэг эрхлэх газрын дарга харин аймгийн ИТХ-д цохсон байна. Бүрэн эрхийнхээ хүрээнд Засаг даргыг томилж, бас хууль бус зүйл хийсэн бол огцруулах эрх эдэлдэг болохоор ИТХ энэ асуудлаар шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байх л даа. Гэвч иргэдийн төлөөлөл болж сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгчид “Манай Засаг дарга хөрөнгө орлогоо худал мэдүүлж хууль зөрчсөн ч гэсэн сайн ажилладаг, тиймээс огцруулахгүй” гэсэн шийдвэр гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хариу илгээсэн байна. Энэ хариу явсаар анх албан бичиг гаргасан байгууллага болох Авлигатай тэмцэх газарт очсон нь мэдээжийн хэрэг. Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн бол энэ нь тухайн албан тушаалтныг ажлаас нь халах, огцруулах, түдгэлзүүлэх үндэслэл болдог. Хуулийн энэ заалтын дагуу Авлигатай тэмцэх газраас явуулсан нэг албан бичиг эцэстээ албан тушаалтан хууль зөрччихөөд хариуцлагагүй хүлээдэггүй, шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах чадваргүй болсныг илүү тодорхой, ил тод болгож өглөө. Энэ бүхэн дээр өгүүлснээр Дорнод аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанаас тодорхой харагдана.

Дараа, дараагийн үйл явдлууд...
Иргэдийн нэрийн өмнөөс Засаг даргын аливаа үйл ажиллагаанд хяналт тавьж байх үүрэг хүлээсэн иргэдийн төлөөлөгчид хууль зөрчсөн Засаг даргад харицлага тооцох бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн оронд Засаг даргаа огцруулахгүй гэж шийдвэрлэж. Гэвч энэ нь тийм ч олигтой шийдвэр болж чадсангүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Засаг даргаа хамгаалах гээд хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.8-д зааснаар ИТХ-ын дарга нь Засаг даргыг огцруулах асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар бус ИТ-ийн хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх ёстой юм. Ийнхүү Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргахдаа ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой байхад хурлын тэргүүлэгчид нэртэй цөөн хэдэн хүн нууцаар хуралдаж, /үгсэн хуйвалдаж/ Засаг даргыг огцруулахгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Иймээс ИТХ –ын тэргүүлэгчдийн “Засаг дарга албан үүргээ үр бүтээлтэй гүйцэтгэж байгаа учир албан тушаалаас нь огцруулахгүй” гэж гаргасан дээрх 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газар тус аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэргийн шүүх ч уг нэхэмжлэлийг хүлээн авч, хянан үзээд захиргааны хэрэг үүсгэн, шүүх хурал хийжээ. Уг шүүх хуралд хариуцагчаар оролцсон ИТХ-ын тэргүүлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, өмнө гаргасан 18 дугаар тогтоолоо хүчингүй болгосон өөр нэг тогтоол гаргаж шүүхэд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоол хууль зөрчсөн болох нь тогтоогдож, Засаг дарга Ц.Жанлавыг огцруулахгүй гэсэн шийдвэр нь цуцлагдаж.

ИТХ-ын хууль зөрчсөн удаа дараагийн инээдэмт, эмгэнэлт улс төрийн “драм”-ууд ингээд дууссан бол яах гэхсэн. Даанч ИТХ дахин хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаасаа хасчихсан байна. Засаг даргыг хамгаалж үлдэхийн тулд ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан ээлжит мэх нь энэ байв. Гэвч энэ нь дахиад л хууль зөрчсөн шийдвэр болсон нь асуудлыг бүр л инээдэмт бөгөөд эмгэнэлт “драм”-ын түвшинд аваачжээ. Хэрвээ Дорнод аймгийн ИТХ-д хууль мэддэг төлөөлөгчид байх аваас ИТХ нь Засаг даргыг томилдог, бас буруу зүйл хийсэн бол огцруулах эрх эдэлдгийг мэдэх учиртай. Энэ нь эрх гэхээсээ илүүтэй иргэдийн өмнө тэдний хүлээсэн үүрэг нь юм. Энэ болон бусад хууль эрх зүйн заалт зөрчсөнөөс нь харахад ИТХ-ын тэргүүлэгчид, зарим төлөөлөгчид хуулиар олгосон бүрэн эрхээ хэтрүүлэн Засаг даргаа хамгаалж үлдэх гэсэн ашиг сонирхолд автсан нь илт байгаа юм. Үүнийг аймгийн ИТХ-ын оны эхний хуралдааны протоколоос мэдэж болно.

Засаг даргыг цээжээрээ хамгаалагсад хэн бэ?
ИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч Г.Болдбаатар хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг даргыг огцруулах асуудал байхгүй байсан учир “Хурлын дарга аа, та битгий хууль зөрчөөд бай л даа” гэж хэлэхэд хүрч байжээ. Дараах протоколоос Засаг даргыг цээжээрээ хамгаалагсад хэн болохыг мэдэж болно.

-Г.Болдбаатар: Хурлын даргаа, та битгий хууль зөрчөөд бай л даа. Би удаа дараа таны өрөөнд орж энэ тухай сануулж байсан. Миний гарт аймгийн Засаг даргад хариуцлага тооцох тухай Ерөнхий сайд С.Баяраас ирсэн бичиг байна. Гуравдугаар сарын 18-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн юмуу даа. Би тэр өдөр тэргүүлэгчдийн хуралд суусан. Гэтэл намайг хурлаас гарсан хойгуур асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хууль бус юм болжээ. Аймгийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хуралд оруулна гээд хуульд заачихсан байгаа. Гэтэл тэргүүлэгчид хэлэлцээд тогтоол гаргасан байх юм. Та нарын энэ хууль бус үйлдлийн тухай манай нам бүлэг дээрээ ярилцах хэрэгтэй байна, завсарлага авъя.

-Н.Хүрэлбаатар: Нэгдүгээрт тэр бичиг Ерөнхий сайдаас ирээгүй. Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайдад явуулсан бичгийнхээ нэг хувийг манай аймагт ирүүлсэн юм билээ. Авлигатай тэмцэх газраас ирсэн бичигт “Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийхэд худал мэдүүлсэн нь илэрсэн тул хариуцлага тооцно уу” гэсэн байсан. Энэ асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, “Ц.Жанлав гэдэг хүн өнгөрсөн хугацаанд аймаг орон нутагт ийм ажлуудыг хийсэн, Засаг даргын албан тушаалд нь хэвээр үлдээх саналтай байна” гэж шийдвэр гаргахад Г.Болдбаатар төлөөлөгч та хурал хаяж гарч явсан байсан шүү. Ирсэн бичгийн дагуу хэлэлцээд бид ийм шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Нуун дарагдуулсан юм байхгүй.

-Г.Болдбаатар: Хурлын даргаа, та хуулийн дагуу ажлаа хий л дээ. Бид хуулиар л ажлаа хийх ёстой. Хуулийн дээгүүр шийдвэр гаргачихаад суугаад байх юм. Тэргүүлэгчдийн хурал дээр сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо байгуулахад та нар төрийн албан хаагчийг оролцуулна гээд бас л хууль бус юм яриад байхаар би хурлаас гарсан биз дээ.

-Р.Зоригбаатар: Тэргүүлэгчдэд Ардчилсан намын төлөөлөл хангалттай бий. Болдоо төлөөлөгч өөрөө тэнд байж асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хурлаа хаяж гүйж гарчихаад энд өөр юм яриад сууж байдаг. Гол юм ярьж байхад гол биш юм руу анхаарал хандуулах гээд байх юм.

-Г.Болдбаатар: Аймгийн ИТХ-ын дарга удаа дараа буруу шийдвэр гаргасан асуудлыг, аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцмээр байна.

-Н.Хүрэлбаатар: Удаа дараа гэдгээ тодруулаарай, Болдоо Төлөөлөгчөө. За хэлэлцэх асуудлаа батлах уу, санал хураая.

-Г.Болдбаатар: Хэлэлцэх асуудал батлахаас өмнө манай намын бүлэг завсарлага авъя гээд байна шүү дээ.

-Н.Хүрэлбаатар: Хэдэн минутын завсарлага авах юм.

-Г.Болдбаатар: 30 минут, аймаг орны шинжтэй асуудалд нухацтай хандаж ярих ёстой биз дээ.

Төлөөлөгчид ийнхүү цаг гаруй хэрэлдэж, Ардчилсан намын бүлэг завсарлага авах үеэр аймгийн Засаг дарга “Нэгэнт миний асуудал яригдаж байгаа болохоор би багахан тайлбар хэлье” гээд “... Миний 2007, 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Гэтэл би 1999 онд гэр бүлийнхээ хүний нэр дээр авсан орон сууцыг мэдүүлээгүй орхисон байна лээ. Санаатайгаар мэдүүлээгүй биш. Ерөөсөө ажлын ачааллаас болоод мартсан хэрэг. Төлөөлөгч та бүхэнд ч гэсэн ийм орхигдуулсан алдаа байх юм бол залруулаарай. Хоёр дахь зөрчил нь гэх юм бол “Жадав”, “Дорнод” гэсэн өөрийн нэр дээрх хоёр компаниа мөн мэдүүлээгүй байна лээ. Би энэ компаниудаас хувьцаа эзэмшихээ болиод удаж байгаа, өөр хүний нэр дээр шилжүүлээд өгчихсөн. Гэтэл үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орхигдуулсан байна...” гэжээ.

Засварлага дуусч, хуралдаан эхлэхэд, Ардчилсан намын бүлгийн дарга Г.Болдбаатар “Засаг даргын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулж байна” гэж мэдэгджээ. Төлөөлөгч Г.Болдбаатар байр сууринаасаа ийнхүү буцсанаараа өөрөө мөн л хуулийн дагуу ажлаа хийж чаддаггүй гэдгээ харуулж байгаа юм.

Аймгийн Засаг дарга ямар хүн байх ёстой вэ?
Засаг дарга гэдэг аймагтаа том албан тушаал. Хууль дүрэм сахиулахаас эхлээд Засаг дарга бүх талаараа тухайн аймагтаа нэг номерийн хүн байдаг. Засгийн газрын гишүүний дараа орохоор том албан тушаал хашиж байгаагаа Дорнод аймгийн Засаг дарга мэддэг нь мэдээжийн хэрэг. Гагцхүү түүнд албан үүргээ шударгаар гүйцэтгэх ёстой гэсэн ухамсар сэтгэхгүй л байдаггүй бололтой. Авлигатай тэмцэх газраас томилолтоор очсон албан хаагч түүнд 2007 оны хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлснийг нь анхааруулж, дахин ийм алдаа гаргаваа гэж сануулаад байхад өмнөх мэдүүлгээ хуулаад явуулжээ. Засаг дарга шударга ёсыг сахиулж, хууль ёсыг биелүүлдэг үлгэр жишээ хүн байх нь бүү хэл өөрөө ийм бусармаг байдлыг манлайлагч болж, түүнийгээ шүүлгээд сууж буй нь ичгэвтэр байдал гэхээс өөр үг олдохгүй нь.

ИТХ-ын дарга юмуу, эсвэл Засаг даргын бие төлөөлөгч юмуу?
Эдүгээ Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар өмнө нь Засаг дарга Ц.Жанлавын орлогч байжээ. Тэрээр өмнө нь Засаг даргын орлогч байсан байж болно. Харин одоо бол ИТХ-ын дарга, иргэдээ төлөөлсөн хүн. Гэтэл нэгэнт иргэдээ төлөөлөх чадваргүй нь тодорхой байна. Засаг даргын орлогч байсан учраас аргагүй ч юмуу даа.

Орон нутгийн сонгууль явуулсны дараа Засаг дарга лобби хийж, өөрийн орлогч байсан Н.Хүрэлбаатарыг ИТХ-ын даргаар гаргаж ирсэн гэдэг яриа байдаг нь үнэний ортойг дээрх явдал харуулж байна. Мөн энэ хүнээр дамжуулж Ц.Жанлав аймагт бүх эрх мэдлийг гартаа авсан, энэ хүн ИТХ-ын дарга бус Ц.Жанлавын туслах л гэсэн үг. Засаг даргыг огцруулахгүй гэж хамгаалаад байгаа нь иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон хүмүүсийн хийж байгаа ажил биш, тэргүүлэгчид гээд байгаа цөөн хэдэн хүний Ц.Жанлавыг хамгаалж байгаа арга мэх гэсэн яриа аймгийн төрийн захиргааны байгууллагад ил, далд өрнөж буйг учир мэдэх хүмүүсийн сонорт хүргэх нь зүй ёсных биз ээ.

Ц.Жанлавтай адилхан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Аудитын газрын дарга ажлаасаа халагджээ, гэтэл ...

Хэрвээ хууль ёсыг хэрэгжүүлдэг бол дээрх хоёр албан тушаалтанд адилхан л үйлчлэх ёстой. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Дорнод аймгийн ерөнхий аудитор Н.Дашням Монгол улсын ерөнхий аудиторын 32 дугаар тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Хуулийг Үндэсний аудитын газар хэрэгжүүлж болж байхад Дорнод аймгийн ИТХ яагаад болохгүй байгааг Засаг даргаа хуйвалдаанаар хамгаалаад үлдэж байгаа гэдгээс өөрөөр тайлбарлаж боломгүй нь. Шударга ёс үнэхээр байдаг бол энэ хоёр хүн адилхан л хуулийн хариуцлага хүлээх ёстой баймаар. Угтаа бол Засаг даргын асуудлыг Үндэсний аудитын газрын дарга доод талын албан тушаалтандаа яаж хариуцлага тооцсон шиг яг ингэж шийдвэрлэх ёстой. Гэтэл ИТХ иргэдийнхээ нэрийн өмнөөс зөвхөн Засаг даргыг хамгаалсан шийдвэр гаргаад үлдэж байна. Энэ нь Дорнод аймагт “Манай аймаг хууль зөрчиж болно гэдгийг Засаг даргаасаа эхлээд харуулж байгаа” гэж ойлгоход ч болох юм шиг. Хууль зөрчсөн албан тушаалтныг иргэний нэрийн өмнөөс байгуулагдсан ИТХ хамгаалаад байдаг тогтолцоо Монголд байж болох уу.

ИТХ ямар байх ёстой вэ?
ИТХ ямар үүрэгтэй байгууллага вэ гэдгийг хууль сөхөж харлаа. Гол ажил нь аймгийн иргэдийн татварт төлсөн мөнгийг үр ашигтай зарцуулах бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байх байгууллага юмсанж. Түүнчлэн, Засаг даргыг хуйвалдааны аргаар хамгаалдаг баг бус, Засаг даргыг томилдог, чөлөөлдөг байгууллага юм байна. Засаг даргад хяналт тавих үүрэгтэй байтал энэ үүргээ бүр умартаад Засаг даргын хууль зөрчсөн үйлдлийг хайцаалж байгаа ИТХ байна гэдэг ичгэвтэр юм. Ерөөс Дорнод аймгийн ИТХ иргэдийнхээ итгэлийг хүлээж чадах хүмүүс мөн үү гэдэг асуудал ч үүсч байна.
Ер нь тэгээд Дорнод аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёроор орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дүр төрхийг төсөөлвөл үнэн хэцүү еэ.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах асуудлаар ИТХ нь огт хуралдахгүй байгааг энд бас тэмдэглэх хэрэгтэй. ИТХ гэдэг яван явсаар иргэдээ төлөөлдөг биш Засаг даргыг хамгаалдаг байгууллага болох вий дээ.

Дорнод аймгийн ИТХ Засаг даргатайгаа хариуцлага тооцох сонирхолгүй болсон учир хууль зөрчсөн асуудлаар нь арга хэмжээ авахуулах ганц арга Авлигатай тэмцэх газарт үлдсэн нь Ерөнхий сайдад дахин хандах. Одоо Ерөнхий сайд Дорнод аймгийн ИТХ-ын найруулан тавьсан энэ муухан “драм”-д төгсгөл хийх хэрэгтэй болжээ.

Өөрчлөх үү?
Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн хууль хэрэгжүүлдэггүй албан тушаалтнуудыг өөрчлөхийг хүсч байгаагаа давхар харуулсан. Шударга ёсыг хүсч буйгаа илэрхийлсэн илэрхийлэл нь “Өөрчлөх үү?” гэсэн уриагаар сонгуульд оролцсон Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгосон хэрэг. Энэ тухай ч хэвлэлүүд хангалттай бичсэн.

Тэгэхээр шударга ёсыг гажуудуулж байгаа бүхэн хүнийг Ерөнхийлөгч болгодог хүчтэй юм байна. Хамгийн товчхоноор хэлэхэд, авлигын эсрэг тэмцэл гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгодог тийм хүчтэй сэдэв болж, манай нийгэмд. Хууль зөрчсөн Засаг даргаа хамгаалахын тулд хариуцлага тооцох бүх механизмыг шат шатанд нь гацаанд оруулж байгаа Дорнод аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны цаана Авлига гэдэг том сэдэв байгаа нь ч нууцсах юмгүй. Засаг даргыг огцруулахгүй гэж гаргасан шийдвэр хууль бус гэдэг нь шүүхийн журмаар тогтоогдоход энэ шийдвэрээ хүчингүй болгож, шүүхийг гацаанд оруулж, тэгснээ Засаг даргын асуудлаа хэлэлцэхгүй болгон бас нэг гацааж, хариуцлага тооцох бүх л механизмыг Дорнод аймгийн ИТХ гацаанд оруулчих санаатай байх шиг. Тэгвэл үүнийг өөрчлөх үү?

Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн орчин байгаад байдаг ч тэр механизмыг гацаанд оруулж, ажиллуулахыг хүсдэггүй байдалд өөрчлөлт оруулах цаг болсон. Нийгмийн урагшлах механизмыг гацааж, таг зогсоох сонирхолтой хүмүүсийг өөрчлөхөөс өөр аргагүй. Монгол төрийн албыг цэвэршүүлэх үнэхээр мэдлэг чадвартай, ухамсартай, ёс суртахуунтай, ажил хэрэгч, үнэнч шударга залуусаар, одоогийн амиа аргацаасан, хоцрогдсон, ёс суртахуунгүй, зальхай, зусар, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн эрхмүүдийг солих хэрэгтэй болжээ.

Г.Оюунгэрэл “Үндэсний шуудан” сонин

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын мэдүүлээгүй хөрөнгө:
  1. Өөрийнх нь болон эхнэрийнх нь нэр дээр бүртэлтэй хоёр орон сууц.
  2. Өмнөх оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс хасагдсан хоёр барилга байгууламжийг бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого.
  3. Өөрийн эзэмшлийн ``Дорнод бөхийн өргөө``-нөөс олдог орлого.

Write comment