Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбоотой асуулт, хариулт


2014/11/17  3334   1


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан гаргах шаардлага юу вэ? 

Монгол Улсын Их Хурал энэхүү хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан бөгөөд тус оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн. Монгол Улсад засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлагыг үндэслэн хууль санаачлагчид уг хуулийг боловсруулсан.

Энэ хуулиар ямар харилцааг зохицуулсан бэ? 

Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх харилцааг уг хуулиар зохицуулсан болно.

Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах үүрэгтэй вэ? 

Төрийн байгууллагын удирдлага нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх, уг хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх зэрэг үүрэгтэй.

Хуульд тусгасан мэдэгдэл, мэдүүлэг нь ялгаатай ойлголт уу? 

Ялгаатай. Мэдэгдэл нь ашиг сонирхлын зөрчилгүй болохыг мэдэгдэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсч болзошгүй тохиолдлыг тайлбарлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана. Мэдэгдэл гаргах нь таныг уг албан үүргийг гүйцэтгэхтэй холбоотой аливаа ашиг сонирхлын зөрчилтэй, эсвэл сонирхлын зөрчилгүй болохыг нотлон харуулах баримт болдог. Хэрвээ ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон бол түүний шалтгааны талаар дурдаж уг албан үүргийг гүйцэтгэхээс албан ёсоор татгалзах нь зүйтэй. Энэхүү мэдэгдэл нь нэг талаас албан тушаалтанд бичиг цаастай зууралдах мэт боловч нөгөө талаас таныг ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс хамгаалж буй хэрэг юм. Харин мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

Худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх удирдамж батлагдсаны дараа энэ талаар хамрагдах аж ахуйн нэгжид ажилладаг найздаа ярих нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох уу? 

Тооцогдох үндэслэлтэй. Учир нь та нийтэд мэдээлэгдээгүй байгаа тухайн мэдээллийг бүрэн эрхийнхээ дагуу олж авсан бол ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүйн тулд хэнд ч энэ талаар ярих ёсгүй. Хяналт шалгалтын ажлын удирдамжид хугацаа, хамрагдах аж ахуйн нэгж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэрэг мэдээллийг багтаасан байдаг бөгөөд тэр бүх мэдээллийг хууль бусаар задруулсан гэж үзнэ.

Албан тушаалтан хөрөнгө, орлого хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хэзээ гаргаж өгөх ёстой вэ? 

Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргана. Мэдүүлгээ уг хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх үүрэгтэй. 

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хаана гаргах вэ? 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Тус газар нь ажлын 10 өдөрт багтаан хянан үзэж, албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх талаар томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэнэ.

Албан тушаалтны албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтын талаар тодруулна уу? 

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу албан тушаалтанд албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагааг явуулахыг хориглосон.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа гэж юуг хэлэх вэ? 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг; 3.1.6-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг хэлнэ; гэж заасан байдаг. Авлигатай тэмцэх тэргүүлэх чиглэл бол авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд авлигатай тэмцэхэд нэн тэргүүнд ил тод байдлыг ханган ажиллах явдал бөгөөд үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал гэсэн мэдээллүүдийг тухай бүр цахим хуудас болон мэдээллийн самбараар хүргэх нь чухал арга хэлбэр юм. Түүнчлэн уг арга хэмжээг хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл боломж бүрдэх юм.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахын ач холбогдол? 

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор улсын хэмжээнд жил бүр авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн зэргээс шалтгаалан цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ төгс биелүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаанаас өмнө банкин дахь хадгаламжийн дансанд байсан 60 сая төгрөгөөрөө автомашин худалдан авсан бол мэдүүлэх үү? 

Хөрөнгө, орлого хэлбэрээ өөрчилсөн их хэмжээний өөрчлөлт байх тул автомашин худалдан авснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлнэ.

Миний болон манай гэр бүлийн гишүүдийн хөрөнгө биш боловч бидний нэр дээр бүртгэлтэй өөр хүний хөрөнгийг мэдүүлэх үү. Мөн миний хөрөнгө өөр хүний нэр дээр бол бичих үү? 

Таны болон танай гэр бүлийн гишүүдийн хөрөнгө биш боловч тэдгээрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө, мөн таны хөрөнгө боловч өөр хүний нэр дээр байгаа хөрөнгийг тус тус мэдүүлнэ. Энэ тохиолдолд эх үүсвэрийн тайлбарт холбогдох шалтгааныг тодорхой тайлбарлаж бичнэ.

Сэтгэгдэл бичих


Зочин    202.179.6.154

Хариулах 2016 оны 09 сарын 16
Тuriin albanii shalgalt uguud turiin alband TZ-3 -aar ajillaad 2 jil bolj baina. Оdoo maliin eruul mend, hunsnii ayulgui baidal haritsiutssan baitsaagch bolj TZ-6 - ruu shiljih gesen ymaa. Ymar ymar materialuud tanai baiguullagad hurguuleh shaardlagatai we.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх