Би албан тушаалын хэрэгтэн


2011/08/03  3773   0


Би албан тушаалаа хувийн ашиг хонжоо олоход ашигласан...
Би жирийн л нэг гэр бүлийн өрхийн тэргүүн, хань ижил, хүүхдүүдийнхээ сэтгэл хангалуун аж төрөхийг мэдэрсэн жаргалтай нэгэн залуу байсан юм. Тохилог дулаахан орон сууц, хямд үнэтэй ч унах машин, идэх хоолоор дутагдахгүй, мөр бүтэн хувцастай гээд л бүх зүйл надад байдаг байлаа. Сайхан ажил, сайн найз нөхөд ч бас байсан.

Гэвч, тэр нэг өдөр албан тушаалаа ашиглаад хувьдаа хэдэн сая төгрөг завшсан минь миний жаргалтай амьдралыг балласан юм даа. Албан тушаалаа ашиглаж, завшсан тэр мөнгийг би амьдралдаа олигтой ч нэмэрлээгүй. Архи дарс, зугаа цэнгэл... гээд л нэг мэдэхэд дууссан. Буруу замаар олдсон мөнгө угаасаа хоол болдоггүй юм билээ. Жаргалтай амьдрал минь өдөр өдрөөр айдас, зовлон, түгшүүрээр дүүрэн, тамын амьдрал болж хувирсан. Хэзээ баригдах бол, хэзээ ажилгүй болох бол... ийм бодолд ээрэгдэж, шөнө ч тайван унтахаа больсон. Мэдээж миний хийсэн хэрэг илэрсээн. Хууль хяналтынхан хэнээс, хэрхэн мэдсэнийг, эсвэл хэн намайг илчилснийг би мэдэхгүй. Ингээд өдөр болгон дуудагдаж, байцаалт өгдөг ажилтай болж, нэг мэдэхэд Ганц худаг тэр газрын хүйтэн цэвдэг өрөөнд өвдгөө тэврэн суух болсон юм.

Энэ үед надад байсан найз нөхөд минь сураггүй болсон. Төрүүлсэн нь үнэн болохоор эцэг, эх минь, золгүй хань минь, хоёр хүү минь л хажууд үлдэж. Гэвч тэдний минь халуун дулаан тэврэлт, үнсэлт, дулаахан харц бас л байхгүй болжээ.

Хүүхдүүдийг минь ангийнхан нь “Авлигачийн хүү” гэж цоллон, доромжилж, эхнэр минь ч ажилдаа явж чадахаа больсон гэсэн. Тэдний минь жаргалыг миний хийсэн үйл аваад оджээ.

...Төмөр торны цаана гурван жил суугаад гарч ирсэн надад одоо анд нөхөд, ажлын хамт олон нэгээхэн ч үгүй. Хүсэл, шуналаа захирч чадаагүйнхээ хор горыг би ингэж л үүрч байна. Төрийн хуулийн дор төмөр торонд гурван жил хоригдохоос илүү там бол хэнд ч хэрэггүй, хэн ч биш нэгэн болж үлдэх л юм билээ.

Хэрвээ би тэр нэг өдөр шуналаа захираад, ажлаа шударгаар хийсэн бол жаргалтай гэр бүлийн жирийн нэг өрхийн тэргүүн, сайн аав, сайхан хань нөхөр хэвээр л үлдэх байсан даа.

Өдөр хоног өнгөрсөөр, би ажил олж хийх гэж зүтгэсээр. Гэвч намайг хэн ч ажилд авсангүй. Хувийн юм хийе гэсэн ч надад мөнгө алга.

Дахиад хууль бус зүйл хийх үү.... Хэрвээ тэгвэл жинхэнээсээ надад хэн ч үлдэхгүй болбол яах вэ. Хүүхдүүд минь, хань ижил минь, хайрт аав, ээж минь ч намайг орхивол яана. Тэр цагт би жинхэнээсээ хэн ч биш болж, хүн шиг амьдарч чадахаа ч болих болов уу. Очих газар минь гудамж, нэр хоч минь архичин болж л дуусах юм биш байгаа... Ийм л ирээдүй надад харагдаж байна. Тиймээс би өнөөдрөөс эхлээд, яг одооноос эхлээд зах дээр ч болтугай тэрэг түрж, ачаа зөөлөө. Шударга амьдрал хэзээ ч хэнийг ч хоосруулж байгаагүй гэдэгт итгэж байна.

Над шиг ингэж өөрийнхөө гараар өөрийн амьдралаа бусниулахгүйн тулд та ч бас шударгаар амьдраарай. Шударга амьдрал таныг хэзээ ч хоосруулахгүй гэдэгт бүү эргэлзээрэй.

Ц.Шижир

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх