Бид хойч үеэ авлигад хөтөлж байна, мөн үү?


2011/08/03  3792   0


-Бидний ирээдүй мэдлэгтэй нь бус хэдэн төгрөгийн хандив өгсөн нь гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсч ордгийг харж, багшийн төлбөртэй давтлагад суучихвал “А” дүн авч болдгийг мэдэрч, хүмүүжиж байна-

Хүүхэд гэдэг бол цэвэрхэн цагаан цаас гэж ярих нь бий. Тэрхүү цагаан цаас бичсэн болгоныг л хүлээн авахад бэлэн. Харин томчууд бид хүүхдийн тэр цэвэр ариун сэтгэлд юу бичиж байна вэ?

Хүн бүр л авлигыг ад үзэж байгаа ч харин үр хүүхдүүд маань цэцэрлэгийн насандаа л авлигад өртөж байна. Багш нар нь хүртэл ном худалдан авсан, төлбөртэй давтлагад суусанд нь олигтой дүн тавьж, хандив нэрээр мөнгө хурааж байхад бидний хойч үеийнхэн ямар үзлээр хүмүүжих нь тодорхой бус уу.

Авлигатай тэмцэх газар 1969 дугаарын утсаар төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийн талаар иргэдээс мэдээлэл авдаг. Сүүлийн үед энэ утсанд сургууль, багш нарын тухай гомдол мэдээллийг иргэд хамгийн ихээр өгөх болжээ. Иргэд, эцэг эхчүүд “Манай хүүхдийн багш ном худалдан авахгүй бол дүнг нь гаргахгүй гэж байна”, “Сургуульд засвар хийхэд хандивлах 6000 төгрөг авч ир гэжээ”, “Сургуулийн 70 жилийн ойд зориулан хандив хурааж байгаа нь зөв үү” гэх мэтчилэн санал, гомдол, асуулт ирүүлж байгаа аж. Авлигатай тэмцэх газрынхан энэ чиглэлээр ажил зохион байгуулж байгааг бид тодрууллаа.

Авлигатай тэмцэх газар иргэд, эцэг эхчүүдийн ирүүлж байгаа дээрх санал гомдолд анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулан, салбар хариуцсан сайдтай нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Түүнчлэн, Боловсролын хуулийн 40 дүгээр зүйлийн 7-д хуульд заагдаагүй төлбөр хураамж авч болохгүй гэж заасан байдаг. Хэрвээ хуульд заагаагүй төлбөр хураамж авахаар бол тусгай сан байгуулах тухай журам байдаг юм байна. Уг журамд сургууль, цэцэрлэгүүд хандив авч байгаа бол тэр нь албадлагын буюу тэгшитгэн хураасан шинжгүй байх ёстой гэсэн байна. Гэтэл Баянзүрх дүүргийн 13 дугаар дунд сургуулийн удирдлагууд 70 жилийн ой нэрээр сурагчдаасаа хандив цуглуулж байгааг эцэг эхчүүд хэлжээ. Мөн тус дүүргийн 93 дугаар дунд сургууль хандивын анги нээсэн хэмээн 100-300 мянган төгрөгийг хураасан тухай гомдлыг эцэг эхчүүд 1969 утсанд ирүүлсэн аж.

Түүнээс гадна Ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн удирдлагууд анги цэвэрлэх материалын мөнгө сурагчдаасаа авсан байх юм. Цэвэрлэгээний бодисын хөрөнгийг төсвөөс гаргасан байгаа. Харин энэ нь тухайн сургуульд хүрэлцэж байна уу, үгүй юу гэдэг нь сурагчдад хамаагүй асуудал байх. Хэрвээ төсөв нь үнэхээр хүрэлцэхгүй байгаа бол сургуулийн захирал асуудлаа албан ёсоор тавих ёстой. Өөр нэг жишээ хэлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр анги болон дөрөвдүгээр ангийг “төгсөгчид” багшдаа бэлэг авч өгөхөөр 10-60 мянган төгрөгийг эцэг эхээсээ “нэхсэн” байна. Багшид бэлэг өгөх санаачлагыг гаргасан эзэн нь ангийн эцэг эхийн зөвлөл нэртэй ч багш өөрөө эцэг эхчүүдийг тийм байдалд оруулчихдаг нь нууц биш. Бас миний хүүхдийг бодоорой гэснээ багшид ойлгуулах гээд бусад эцэг эхтэй зөвшилцөлгөлгүйгээр ийм санаачлага гаргачихдаг эцэг, эх ч бий. Нэгэнт багш хийж байгаа ажилдаа тохирсон цалинг авч байгаа. Гэтэл үүрэгт ажлаа хийж байгаад нь талархан бэлэг өгч байгааг нэгдүгээр ангийн зургаахан настай бяцхан хүүхдүүд харж, энэ нь байх л ёстой зүйл гэж ойлгодог болж байна. Нөгөө нэг юу ч бичээгүй цэвэр ариун сэтгэлийг нь бид өөрсдөө ингээд буртаглачихаж байгаа нь хэр зөв зүйтэй үзэгдэл вэ.

Иргэд, эцэг, эхчүүдийн ирүүлсэн гомдлын дагуу АТГ-аас судалж тогтоосон хэдхэн жишээг л дээр дурьдлаа. Хяналт тавьж байгаа гомдол цаана нь өчнөөн бий гэсэн. Сургуулийн захиралууд ингэж төлбөр, хураамж, хандив авч байгаадаа огтхон ч эмзэглэхгүй байгаад сэтгэл зовинож байна. “Эргээд хүүхдэд л зориулж байгаа шүү дээ. Бид хувьдаа нэг ч төгрөг аваагүй” гэсэн тайлбарыг багш захирлууд хэлдэг. Хүүхдэд үлгэр дууриал болдог сурган хүмүүжүүлэгчид ийм “хандивын” сэтгэлгээнээсээ салах цаг болоогүй юу?

Ийм байгаад байхаар бидний хойч үеийнхэн мэдлэгээрээ бус хандиваар гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсч орж болдгийг, багшийн төлбөртэй давтлагад суучихвал “А” дүнтэй гарч болохыг мэдэрч, авч, өгөх авлигын элементэд суралцаж хүмүүжиж байна бусуу.

Үүнийг өөрчлөх боломж байгаа. Хэнд вэ гэвэл, эцэг эхчүүд бидэнд энэ боломж байна. Хандивыг яах гэж цуглуулж байгааг тодруулж, уучлаарай чадахгүй гэж хэлэх эрх бидэнд бий. “Зургаан мянган төгрөгөөр яах гэж байгаа вэ. Сургуулийн анги, танхим цэвэрлэх төсөв яагаад хүрэхгүй байна вэ” гэсэн асуулгыг тавих эрх бидэнд нээлттэй байгаа. Ингэж асуухаас бэрхшээдэг нь л биднээс элдэв хандив, хураамж авахад амар болгодог.

Хүүхдийг маань багш нь ад үзэх вий, хүүхдээ бусдаас дор оруулахгүй л байвал тэр нэхээд байгаа мөнгийг нь өгчихье гэсэн энэхэн зуурын үзэл маань ирээдүйд ямар их балаг авчирхыг одоо ойлгоцгоох хэрэгтэй болж. Одооноос л тийм ирээдүйг тойрч гарахын тулд хэлж чадахгүй байгаа үгээ хэлж, үзэл бодлоо гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид өөрсдөө хойч үеэ авлигад хөтөлж, авлигатай тэмцэх тэр цэвэр ариун ёс суртахууныг нь өөрсдийн гараар баллуурдаж байна, мөн үү?

С.Сосоржав Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх