М.Энх-Амар: 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой /2011.09.30/


2011/10/06  3700   0


Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар Авлигын эсрэг хуульд заасан төрийн албан хаагчид жил бүр хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэг хүлээсэн.

Манай улсын хувьд нийт хичнээн хүн хөрөнгө орлогоо мэдүүлдэг, хөрөнгө орлогоо хожимдож мэдүүлсэн, мэдүүлээгүй, мөн түүнчлэн худал мэдүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амартай ярилцлаа.

-Манай улсын хэмжээнд нийт хичнээн хүн хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой вэ?

-Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдсан. Хуулиар Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж авах, бүртгэх, хяналт тавих, хянан шалгахаар заасан байгаа. Хуулийн дагуу энэ жил тав дахь удаагаа хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Таван жилийн хугацаанд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хөрөнгө орлогын талаар мэдээллийн сан бүрүүлсэн. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2011 оны байдлаар улсын хэмжээнд 56 мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн. Эдгээрийн 99.8 хувь нь хуулийн хугацаанд ирүүлсэн. Ирэх жил орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүс төрийн албан хаагч биш ч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой болж байгаа.

-Энэ жил хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүн хэд байна вэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ жил болгон хуульд заасан хугацаанд мэдүүлэх ёстой. Энэ жилийн хувьд 68 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд мэдүүлээгүй байсан. Тэдний ихэнх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид байсан. Яагаад хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй байгааг шалгахад ийш тийшээ шилжсэн, хөрөнгө орлогын мэдүүлэг авах бололцоогүй болсон тийм хүмүүс. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж хадгалахаас гадна бид хяналт шалгалтын ажлыг хийдэг. Хяналт шалгалтын ажлын хүрээнд, тухайлбал энэ сард Цөмийн энергийн газрын албан тушаалтануудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж, хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар болсон байгаа. Энэ байгууллагын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг хариуцдаг албан тушаалтан мөн ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэсэн дүгнэлт гарсан.

-Хяналт шалгалтын ажлыг хэрхэн хийдэг вэ?

-Бүх байгууллагыг нэг жилийн дотор шалгаж амжихгүй. Тиймээс төлөвлөгөө гаргаж графикийн дагуу шалгадаг. Засгийн газрын агентлагууд, яам, аймаг орон нутгийн засаг даргын тамгын газар, иргэдийн хурал дээр байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэж, хадгалж байгаа байдал болон хуулийн дагуу энэ ажлыг хийж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Мөн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж байгаа хүмүүст сургалт, заавар зөвлөгөөг бүрэн дүүрэн өгч чадаж байна уу, хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа хүмүүс өөрсдөө хөрөнгө орлогоо үнэн зөв гаргаж байна уу гэдгийг шалгадаг. Авлигын эсрэг хуулинд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хоёр хугацаа бий. Тухайн албан тушаалтан тухайн ажилд томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор гаргана. Мөн жил болгон хуульд заасан хугацаанд гаргаж өгнө.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлэх тохиолдол мэр сэр гардаг. Яг ямар шалтгааны улмаас хөрөнгө орлогоо худал мэдүүлж байна вэ?

-Жилд 2-3 мянган албан тушаалтаны хөрөнгө орлогын мэдүүлгийг манайх татаж авч хянадаг. Түүнээсээ 100 гаруй албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг улсын бүртгэлийн болон холбогдох байгуулагуудаас нотлох баримтуудыг авч хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь тулгаж үзээд зөрчилтэй байвал өөрсдөөс нь тайлбар, нотлох баримтуудыг авч бодитой байна уу гэдгийг тулгаж нарийвчилж шалгадаг. Санамсаргүй алдаа гаргасан хүмүүс бас байдаг. Дээр үед авсан ягаан, цэнхэр тасалбараа хаана байгааг мэдэхгүй тэр нь хөрөнгийн биржээс гарч ирэх тохиолдолд заавал хариуцлага тооцох гээд байлгүй та тийм хувьцаатай юм байна одоо энэ хувьцаагаа энд бичих ёстой гээд зөвлөгөө өгөх тохиолдол байсан. Үнэхээр нэг орон сууцаа мэдүүлээд, нөгөөхөө мэдүүлээгүй. Нэг машинаа мэдүүлчихээд нөгөө машинаа мэдүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаг компаниудаа мэдүүлэхгүй тохиолдлуудыг санаатай зөрчил гэж үзэж хариуцлага тооцох асуудал тавьдаг.

-Хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?

-Авлигын эсрэг хуульд одоогоор хариуцлага тооцох нэг л заалт бий. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй, хожимдуулж бүртгүүлсэн, эсвэл санаатай худал мэдүүлсэн тохиолдолд ажлаас нь халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэл болно гэсэн заалт байдаг. Тухайн албан тушаалтыг халах, солих, огцруулах нь байгууллагын удирдлагын мэдэх асуудал. АТГ-аас зөвхөн санал дүгнэлтээ бичээд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлдэг. Тэр утгаараа тухайн байгууллагын удирдлага хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн хүмүүст сануулаад өнгөрдөг, цалингийн хэмжээг бууруулдаг. Зарим нэг дургүй халах сонирхолтой хүнээ халчихдаг. Мөн үнэхээр хууль хэрэгжүүлж халж, солих, огцруулах тохиолдол байна. Хуулиндаа хөрөнгө орлогоо санаатай болон санамсаргүй худал мэдүүлсэн албан тушаалтанд тийм хариуцлага тооцно гэсэн нарийн заалт байхгүй учраас тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийн хүсэл сонирхолоор шийдвэрээ гаргаад явдаг нь эндээс харагдаж байгаа юм.

-Энэ жил хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нийт хэдэн хүн байна?

-Одоогоор 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлсэн. Үүнээс 40 гаруй албан тушаалтанд сануулах, 10 гаруй хүнд цалингийн хувь хэмжээг бууруулсан, зарим албан тушаалтаны зэрэг дэвийг нь бууруулсан, ганц хоёр хүнийг ажлаас нь чөлөөлсөн, өөрчилсөн хариуцлага тооцсон гэсэн тушаалын хавсралттай хариуг манай байгууллагад ирүүлсэн байгаа.

2010 онд УИХ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлж байгаа асуудал, хяналт шалгалтын үр дүнтэй танилцаж, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн төрийн албаны өндөр албан тушаалтай хүмүүсийг дуудаж авч ирж нээлттэй сонсгол хийсэн. Үүнээс хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин болохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс улбаалан Сонирхлын зөрчлийн тухай хууль, түүнтэй уялдсан Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлуудыг Авлигатай тэмцэх газар болон УИХ-ын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр санал солилцож байна.

-Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулснаар хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлж буй хүмүүст яг ямар хариуцлага тооцдог болох бол?

-Нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ хожимдуулсан, тодорхой хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй, илт нуусан, бүр хууль бусаар хөрөнгөжсөн тохиолдолд яах вэ гэдгийг нь нарийн зааж өгсөн. Ингэснээр Авлигын эсрэг НҮБ-ийн конвецид ч нийцэх юм.

www.altangadas.mn
Д.Гэрэлхүү

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх