Монголын дээд боловсролын салбар дахь шудрага бус байдал миний нүдээр... - МУИС-НШУС Улс төр судлал IIA ангийн оюутан Ч.Өсөхболд


2011/10/25  4353   0


Шудрага ёс бол хүний оршин байхтай ижил төрөлх чанар юм...
Монтескъё

Тиймээ ... Цаг мөч бүхэн нэгэн түүхийн төгсгөл нэгэн шинэ түүхийн эхлэл байдаг. Зогсолтгүй эргэх цагийн хүрд саадгүй үргэлжилж, өчүүхэн төдий ч биднийг хүлээлгүй орхин одсоор харин эх орны маань хөгжил дэвшил, их түүхийг үргэлжлүүлэх хүндтэй агаад хариуцлага өндөртэй үүрэг бидний үеийнхний мөрөн дээр шилжин ирж байна.

Эх орон маань бидэнд юуг өгч чадах вэ гэхээсээ илүү би, бид эх орныхоо төлөө юуг хийж чадах вэ гэх асуултыг хүн бүхэн сэтгэлдээ хадгалан гэрэлт ирээдүйн зүг хамтран зүтгэх цаг нэгэнт иржээ. Өдгөө шинэ зууны эхэнд улс үндэстэн бүхэн шинэчлэгдэн буй дэлхийн дэг журамд дасан зохицохын сацуугаар өөрийн орны өвөрмөц соёл, онцлогийг хадгалан үлдэх эрмэлзэлтэй тулгаран ирээд байгаа билээ.

Энэ үед МОНГОЛ улс чухам хөгжлийн аль түвшинд багтах вэ? “Монгол хүн” – ий үнэ цэнэ дэлхийд хэрхэн үнэлэгдэх вэ гэх асуудал урган гарч ирж байгаа юм. Аливаа улс үндэстний хөгжлийг хүний хөгжлөөр илэрхийлдэг. Харин хүний хөгжлийг олон үзүүлэлтээр хэмжих боловч техник технологи хөгжихийн хэрээр мэдлэг боловсрол, цалин хөлс гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний үнэ цэнэ, мөн чанараар хэмжих нь чухал болоод байгаа юм.

Тэгвэл “Монгол хүн”–ий үнэ цэнэ, мөн чанар өнөөдөр хэр түвшинд явна вэ? Тухайн улсын хөгжил, ирээдүй оюутан залуусынх нь чадвар чадамж, мэдлэг боловсролоор хэмжигддэг нь дэлхий нийтийн нийтлэг жишиг билээ. Энд түүхийн хуудсанд тодоор бичигдэн үлдсэн, оюутан залуусын эхлүүлсэн олон олон шинэлэг үзэл санаа, шинэлэг уур амьсгал нь тухайн улсынхаа, тэр ч бүү хэл дэлхийн ирээдүйд шийдвэрлэх үүрэгтэй байсныг сануулах нь илүүц биз ээ.

Иймээс монгол хүнээ хөгжүүлье, монгол хүнийг үнэ цэнэтэй болгъё гэвэл, мөн монгол хүний “хүн чанар”-ын тухай ярихын тулд монгол оюутаны тухай эхлэн ярих нь нэн чухал билээ.

Монгол оюутан сурч боловсрох, мэдээлэл нээлттэй хүртэх, сурах орчны таатай нөхцөлөөр хангагдах байдлаар харилцан тэгш эрхтэй байна уу? Оюутны амьдралын он жилүүдэд шудрага ёс чухам “төрөлх чанар” - аараа оршиж чадаж байна уу? гэх асуулт урган гарч ирнэ. Хариулт нь мэдээж үгүй...

Их дээд сургуульд элсэн орохоос эхлээд л шудрага ёсыг үл тоомсролсон үзэгдэл гарна. Тодорхой салбар мэргэжилийн ангиудад хоёр анги авдаг ба тухайн хоёр ангийн ялгаа нь шудрагаар орж ирсэн шудрага бусаар орж ирсэн гэсэн ангилалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийн үлгэрээр аав ээжийнхээ шахалтаар “хандив” –аар орж ирсэн хүүхдүүд маань их сургуулийн оюутан нэр зүүн, дээд боловсролын байгууллагын үнэ цэнэ, чанарыг эрс доош татна. Шудрага ёс хаачив...?
Гэхдээ энд тодорхой нөхцөл байдал, шалтгаанаар их сургуульд элсэж амжаагүй боловч өөрийн хүсэлтээр сурч боловсрох эрхэм үүргийг ухамсарлан орсон хэсгийг яриагүй юм шүү.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг л зүйлийн үнэ хором хоромоор өсөн нэмэгдэж байна. Энэ бол алт биш, энэ бол нефть эсвэл инфляци ч биш энэ бол “боловсрол”. Тэгвэл ийнхүү үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа дэлхийн шинэ дэг журамд монгол улсын боловсролын тогтолцоо, боловсролын байгууллагууд хаана явна вэ?

“ХАМГИЙН ТҮРҮҮНД” гэж хариулбал зохино. Хэрэв дээд боловсролыг нэгэн том зах зээл хэмээн тооцвол олон улсын энэ статистик үзүүлэлтээр манай улс АНУ, Орос, Хятадтай (тэдгээр нь дэлхийн том гүрнүүд ба хүн амын тоо, хүч чадавхи нь гэхэд л манайхтай даан ч зүйрлэхгүй) зуузай холбож, Япон, Герман, Францыг хол хаясан байх юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн тоо хэмжээ нь дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ноогдох байдлаар нь гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байна. Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез 200 сая, Тайланд 70 сая хүн амтай гэдгийг бас санах хэрэгтэй.

Чухам энэ үзүүлэлтээр авч үзвэл хамгийн түрүүнд гэх нь зөв буй за. Монголд өнөөдөр 200 гаруй их, дээд сургуулиуд байна. Энэ дээд сургуулиуд үнэхээр "Дээд боловсролын хууль"-ийн 2.1 заасанчлан "... төрөөс боловсролын талаарх гарсан бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоно..." гэсэн зорилгодоо хүрч байна уу? Эсвэл…? гэх нэг асуултад хариулахын тулд л шудрага ёс, шудрага байдлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Монгол улсын “Боловсролын тухай хууль” - ийн 12.2-т "Боловсролын байгууллагыг дор дурьдсанаар ангилна:
12.2.1 “ашгийн төлөө бус”
12.2.2 “ашгийн төлөө” хэмээн заажээ. Гэвч монгол дахь боловсролын байгууллагын хэд нь ашгийн төлөө хэд нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж байна вэ?
Мөн Монголын их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэрээр нь : - төрийн - хувийн гэж ангилдаг. Хуулинд заасан заалтаар авч үзвэл зөвхөн хувийн хэвшилийн сургуулиуд нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна. Яагаад гэвэл төр нь ард түмэндээ зориулж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Тэгэхээр төрийн өмчийн сургуулиуд ашгийн төлөө бус гэсэн дүгнэлт хийж болж байна. Гэвч төрийн өмчийн сургуулиуд үнэхээр ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл ҮГҮЙ. Шудрага ёс хаачив…?

Төрийн бодлого, сургуулийн удирдлага нь асуудалтай байгаад л дээд бололвсролын салбар хөгжихгүй байна гэвэл бас л шудрага бус хариулт болно. Оюутан биднээс өөрсдөөс маань шалтгаалах зүйлс үлэмж их хэмжээтэй байгаа юм.

Их сургууийг нэгэн зах зээл гэж авч үзвэл оюутан - худалдан авагч болох юм. Худалдан авагч “хаан” байх ёстой нь зах зээлийн хууль гэдэг шүү дээ. Тэгвэл “хаан” засаглалаа хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Гэтэл оюутны засаглал хаана байна вэ?
Их, дээд сургуулиудын өөрөө удирдах гол хэлбэр нь оюутны зөвлөл юм. Гэвч энэ байгууллага оюутны эрх ашгийн төлөө юу хийж байна вэ? Жишээ болгон хоёр ярилцлагыг сонирхуулья.

“…манай сургуульд анги гэх зүйл байдаггүй болохоор ч тэр юмуу мэдээлэл их муу байдаг. Хаана юу болоод байгааг нь мэдэхгүй лекцендээ суугаад л тардаг юм чинь хэн хэн нь оюутны зөвлөлд ороод юу хийгээд байгааг яаж мэдэх вэ… Оюутны зөвлөлийн ганц хүнийг ч танихгүй оюутнууд зөндөө л байдаг шүү дээ” (ШУТИС-ийн оюутантай хийсэн ярилцлагаас)
“манай салбар сургуулийн Оюутны зөвлөлийн даргыг ангийн дарга нараас сонгодог. Нэр дэвшигч нь ангийн дарга нартай өмнө нь уулзаж тохирно. Хэн хамгийн сайн хор найруулж гүйсэн нь л оюутны зөвлөлийн дарга болчихдог шүү дээ. (МУИС-НШУС-н оюутантай хийсэн ярилцлагаас ) Энд тайлбар хийх нь илүүц болов уу. Оюутаны зөвлөл нь хэдхэн ангийн дарга нараас сонгогддог. Эрх мэдэлд дуртай хэн нэгэн нь хор найруулж гүйгээд болчихдог болохоор. Үүрэх хариуцлага нь бага байдаг. Магадгүй өнөөгийн улс төр дэх эрх мэдлийн төлөөх шударга бус тэмцэл нь үүнээс үүсэлтэй ч байж болох. Шудрага ёс хаачив…?

Олон олон үеийн агуу сэтгэгчид аливаа үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал арга нь хүний мөн чанар, хүний үзэл бодлыг эхлээд өөрчлөн, түүнийг зөв зүгт нь хандуулж чадах аваас асуудал аяндаа шийдэгдэнэ гэж үздэг ажээ. Иймээс Монголын дээд боловсролын салбарт үүсээд буй шудрага бус үзэгдлүүдийг шийдвэрлэх хамгийн зөв арга нь оюутан, багш, сургуулийн удирдлагууд, төр засгийн түшээдэд үүсээд буй нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулж харилцан нэгдсэн, хамтын ажиллагаагаар шийдэгдэнэ гэдгийг ойлгуулах нь чухал юм. Аливаа агуу их үйл хэрэг ямагт жижиг сажигхан зүйлээс эхлэнэ гэдэг боловч аливааг эхлэнэ гэдэг яавч аар саархан зүйл биш гэдгийг санах нь зүйтэй буюу…

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг…

МУИС–НШУС-ийн Улс төр судлалын
IIА ангийн оюутан Чимэдрэгзэнгийн Өсөхболд

Write comment