Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Улс Төр Судлалын 4-р ангийн оюутан Ү.Оюунзул


2011/10/25  3474   0


Шудрага байна гэдэг нь шудрага ярихыг бас бичихийг хэлэхгүй. Харин шудрага хийхийг хэлнэ.
Үнэнийг сонсохыг хүсэж байвал чөлөөтэй ярих боломж олго.
Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд ч нэмэргүй.

Монголын хамгийн ядуу, ёс суртахуунгүй, хийх ажилгүй, аливаа зүйлд амархан автамтгай, өөрийгөө, оюун бодлоо мөнгөөр худалдахад бэлэн хүмүүс хэн бэ? Би хэдийгээр өөрөө оюутан ч гэлээ “бид” хэмээн хэлэхэд хэзээд бэлэн байна. Учир нь надад үнэнийг хэлэх боломж олдсон юм.

Оюутан залуус өөрсдийгөө хамгийн оюунлаг, идэвхитэй, ирээдүйн гэрэл гэгээ хэмээн өргөмжлөх нь инээдтэй бөгөөд худал хөөрүү яриа гэлтэй санагдана.

Би ирээдүйгээс, маргаашаас айдаг. Өөрийнхөө үеийн энэ залуустай мөр цэрэгцэн ажиллана, амьдрана гэхээс айдаг, ирээдүйд итгэх итгэл зорилго минь мохох шиг л болдог.

“Залуу хүн зорилготой бол улс орон хөгжин цэцэглэнэ” гэсэн сайхан үг байдаг ч өнөөдрийн энэ залхуу, ёс суртахуун, хүсэл тэмүүлэл, боловсрол мэдлэг хомс хоосон толгойтнуудын байгаа байдлаас ирээдүйн сайн сайхан бус муу муухай чимээ л сонсогдож байх юм...

Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэж үг бий . Бусад “оюунтан” утгаар амьдарч буй залуусыг хамруулсан бол өршөөл эрье. Ямарч тохиолдолд муу нэр сайн нэрийг дарж явдаг хойно. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг.
Амьтан хүртэл рефлекстэй атал оюун ухаант залуус өөрийн гэсэн оюун дүгнэлт гаргаж, сайн мууг ялгах ухамсараа таягдан үхүүлсэнд туйлын их харамсаж бас эмгэнэж явдаг. Залуу хүний хувьд даанч харамсалтай санагдах юм. Үүнийг би нэг зүйл дээр тогтож тайлбарлахыг оролдлоо.

. Харин орой орцондоо буудуулчих вий дээ...
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь хөлөө яаж олох билээ.
Сонгуулиуд сүүлийн жилүүдэд нүсэр явагдах болжээ. Эрх мэдэлд донтогсодын тоо олширч, шат шатны байгууллагуудын даргын суудал үнэд хүрэх болсон ажиглагдана.

УИХ-ийн сонгуульд нэр дэвшин зөөлөн, эрх мэдлийн сэнтийрүү үхэн хатан тэмүүлж, ямар ч аргаар хамаагүй эрхэм гишүүн болохыг хүсэгчидийн олон ангит утгагүй теле жүжигийг бид дөрөв дөрвөн жилийн давтамжтайгаар үздэг болоод удаж байна. Харин бусад иймэрхүү өнгө аястай сонгуулиудыг бид өдөр бүр л үзэх юм.

Оюунтан хэмээх ядуухан нэрийг зүүгээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Дөрвөн ч сонгуулийн нүүр үзлээ.
Их дээд сургууль бүрийн Оюутны зөвлөлийн дарга сонгох сонгууль УИХ-ын сонгуулиас дутахааргүй их сүр дулиантай, хар хортой болох юм. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг. Тэгвэл үндэснээсээ өтөж эхэлвэл мод ургах болов уу?...

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хэн нэгэн баян нууц ноёнтоноор спонсорлуулж, ард түмний элчээр сонгогдоод, эргээд спонсорынхоо төлөө үйлчлэн хуулийг гууль болгоно. Оюутны зөвлөлийн дарга ч энэ ажлыг хийж хэн өөрт нь олон санал ихэвчлэн ангийн дарга нарын цуглуулж өгсөн тэр хүнийг оюутан байх хугацаанд нь эрхэм шагналаар бөмбөгдөнө. Сонгож буй оюутнууд нь өөрийн гэсэн үзэл бодолгүй, бөндгөрөө хүнээр мэдүүлэн санал өгөхийг дөрвөн жил харлаа, өрөвдлөө, харамслаа. Бичил хор хэрхэн найрагддаг, хүнийг яаж итгэн сэнхрүүлдгийг мэдлээ. “Хүмүүс зөвхөн өөрийнхөө төлөө сонголт хийдэг. Харин та бусдын төлөө шийдвэр гаргаж байх ёстой.” гэсэн мэргэн үгийг саналаа.

УИХ-ын эрхэм гишүүд сонгогдож гарч ирээд ажлаа мартан алжаал ядаргаагаа тайлан алга болцгоодог. Оюутны зөвлөлийн дарга нар энэ ажлыг алгасалгүй хийж, үүрэг хариуцлагаас цугтан алга болно. Зөвхөн түүнд дарга нэр нь л хэрэгтэй. Оюутан байх хугацаандаа гэдсээ өлсгөж, мөрөө гаргачихгүйг л хүснэ. Авилгал, мөнгө идэлтийн эхний гишгүүр дээр дэнжигнэнэ.
“Хорвоо ертөнцийг захирахаасаа өмнө өөрийгөө захирч сур.” гэсэн мэргэн үгийг иш татан нэг зүйлийг нэмж хэлье. Дарга нэрийг зүүдэг хэнбугай нь ч тэр ээжийнхээ мөөмнөөс гараагүй эрх танхил жулдрай бацаанууд байгаад, тэд ажилаа хийж чадалгүй оюутны байгууллагуудын нэр хүндийг унагаж, хэдэн хэнээтэй нөхдүүд цугладаг газар гэсэн үзэл бодлыг нэгэнт төлөвшүүлчихсэн байна.
“Морь унасан толгойгүй хүн” гэсэн тодорхойлолтыг би саналаа худалддаг, өөрийгөө худалддаг сонгогч ард түмэн болон нийт оюутны зөвлөл байгуулахад санал өгөгчдөд өгч, өөрийн гэсэн үзэл бодолгүй салхинд хийссэх хамхуул лугаа нөхдүүдийг өрөвдөн шоолж буйгаа илэрхийлэх нь зүйтэй байх. Иймэрхүү тэнэг залуусын биелэшгүй мөрөөдлийнхөө зөгнөлд итгэн өгсөн саналаас болж бид хохироод байна. Жижиг гэлтгүй Оюутны зөвлөл, байгууллагууд нь оюутнууд бидний амьдрал, сурах үйл явцад нэлээд үүрэг гүйцэтгэдэг, тодорхой нөлөө бүхий нийгмийн нэг институт юм. Аливаа зүйл өөр өөрийн гэсэн ач холбогдолтой л байдаг.

Чадваргүй утсан хүүхэлдэйнүүдээс болж монголын мянга мянган оюутны эрх ашиг хохирч, 65 жилийн түүхтэй оюутны байгуулагын үнэ цэнэ газартайгаа тэгшрээд байна. Энэ асуудал зөвхөн Оюутны зөвлөлөөр яригдаад зогсохгүй монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л оюутны байгууллагуудад хамааралтай асуудал юм гэдгийг цохон хэлье. Бороо орвол орсон шиг ор гэсэн үг бий. Нэгэнт ам нээснийх уушиг нээх хэрэгтэй болов уу.
Ингээд Оюутны зөвлөл бол билет захиалдаг, уламжлалт ажилуудыг халтуурддаг, сэтгэл ханамж гэсэн ойлголтгүй хий хоосон хүйтэн өрөө болж тамын тогооны үлгэр амьдрал дээр бууж ирсэн эрх мэдлийн төлөөх цусгүй дайн, хорсол, тэмцэл болжээ. Энэ бол өнөөдрийн бидний үнэн.

Хүүхэд ЕБС, Их Дээд сургуулиар дамжин боловсрол эзэмшин иргэн болох төлөвшлийг олж авдаг. Гэтэл идэх уух, хор найруулах эрх мэдэлд дурлах, муу муухай бүхнийг оюутан байх хугацаандаа сурсан залуус ирээдүйд миний бидний амьдралыг, нийгмийг яаж баллах бол гэхээс нойр хүрэхгүй хулжих юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж монголчууд зүгээр нэг хэлчихээгүй л байх.

Хэзээ? оюунтнуудын бөндгөр “шоуны” биш “ухааны” толгой болж хөгжлийг маргаашаас биш өнөөдрөөс хайх юм бол доо... Өнөөдрийн энэ байдлыг бид хараад л дуугүй, муу муухайг зөгнөөд байгаад байвал, байгаад л байна. Гагцхүү гарах арга замыг л эрье.

Яг одоо биш юмаа гэхэд маргааш өглөө өөрчлөлтийг өрөөл бусдад биш өөртөө л хийе. Дараагийн сонгууль хүртэл мөн чиг их хугацаа байна даа.

Харин дараагийн сонгуулиудаар саналаа бусдын өмнөөс өгч байгаа гэдгээ ухамсарлан шудрага өгвөл би 2009 онд дахин ийн өгүүлэх шаардлагагүй болох бусуу сонгогч ард түмэн минь ээ...
“Шудрага байж чадахгүй бол шудрагадуу байя л даа” гэж нэгэн оюутан хэлснийг саналаа. Үнэнгээ л хэлсэн байна. Бага ч гэсэн шудрагадуу байцгаая л даа залуусаа. Байшингийнхаа хундаамыг цутгачихвал баригдах нь цаг хугацааны асуудал болно.
Оюутан хүн эрдмийг эрхэмлэх нь хамгийн чухал.

Эрдмийг хэт цахиваас
Хөгжлийн гал бадармой.

Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос, хандах зүг өөрөө тогтоно.

МУИС-НШУС Улс Төр Судлалын 4-р ангийн оюутан Ү.Оюунзул

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх