Монгол төр илаарших мэсээ мохоох ёсгүй


2015/07/06  1275   0


Хүнд сорилт нүүрлэх цагт ёсын хатуу нь, эмийн гашуун нь, мэсийн иртэй нь аминд ордог жамтай. Хатгалдах дайсны өөдөөс илдээ сүслэн байж ирлэнэ үү гэхээс гутаан байж мохоох цэрэг эрс байх уу? Аюулт өвчинтэй нэгийгээ үзэх цагт илааршуулах мэсийн дор аль тэр нунж дорой эд эрхтэнээ тавьж өгдөггүйсэн билүү? Аль л хатуу хөтүү, хүнд хүчир, хар бор ажлыг нугалдаг гээд илд мэсээ ад үздэг ёсон бий гэж үү?

Монгол хүний энэ зан суртахуун өнөөдөр л Монгол төрд дутагдаж эхэлсэн мэт санагдах юм. Аз түшихэд энэ цагт Монголын өстөн дайсан гадна талд алга. Харин дотроос багалзуурдах нь бий. Байгаад зогсохгүй өмөн үү мэт томорсоор, үсэрхийлсээр. Эзэн биегүй мэт “авлига” гэх үзэгдэл төдий зүйлийн цаана “авлигачид” хэмээх эзэн биетэй, нэртэй зүстэй бие хүмүүс байж л таарна. Монгол хүнийх нь хувьд тэднийг Монголын дайсан гэж хэлэхэд бэрх ч тэдний үйлдэл бүхэн Монголд өс санаж хийсэн мэт өтөж өмхийрүүлж байна. Энэ “дайсан”-д нударгаа буулгаач гэх нийгэм нийтийн захиалга байсан болоод л Монгол төр цавчих илдээ зэхсэн. Үхүүлэх нигууртай энэ аюулт өвчнөөс салгаад өгөөч гэсэн ард олны хүсэл байсан болоод л тайрах мэсээ ирлэсэн.

Ингэж бид өөрсдөө захиалан байж байгуулсан, сайн, муу хэлүүлэн байж энэ хүнд хүчир үүргийг чадлынхаа хэрээр нугалж байгаа Авлигатай тэмцэх газрыг элдвээр гоочилж дуусахгүй нь дэндүү арчаагүй харагдаж байна. Анх үүссэн цагаас нь л улс төрийн хүрээний эрс шийдэмгий дэмжлэгээр өлгийдөж аваагүй. Хатуухан хэлэхэд, энэ байгууллагаа бурууд нүд хурц байх хэрэгтэй гэж дүрэмдсэнээс л биш, тийм байх эрх дархыг нь өгөөгүй. Энд зүйрлэн байгаа шиг ир мөрийг нь гаргаж өгөөгүй, тоглоомын модон буу шиг л байлгахыг хүссэн. Уг нь энэ бузартай тэмцсэн шиг тэмцье гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, хууль хүчний, тусгай албаны арга ажиллагаанд бэлтгэгдсэн хүмүүс байсан ч мохоосон. АТГ байгуулагдсан эхний хэдэн жилд энэ байгууллага худалч хүнд “зар сурталчилгаа” төдийхнээр, дунд шатны албан хаагчдын орлогын мэдүүлэг хянадаг мэтээр л ажилласан нэрийг зүүлгэж “нүглийн нүдийг гурилаар хуурч” байсан биш үү? Үнэхээр л авлига гэгчийг авдаг, өгдөг нь хонхны баяраар шавь нараасаа баглаа цэцэг авсан багш, эрдэнэт хүний амийг аварсныхаа төлөө талархсан сэтгэлийн аяга цай оочсон эмч, тайлангийнхаа ганц хүснэгтэд тоо эндүүрээд бөглөчихсөн төрийн албан хаагч, төрд ажилладаг андтайгаа ганц лонх сархад хуваагаад хүртчихсэн жирийн бизнес эрхлэгч мэт л байгаагүй гэж үү? Авлига гэгчийг цалингаас цалингийн хооронд өр тавьж, барьцаалан зээлдүүлэхийн байнгын үйлчлүүлэгчид болсон дундчууд л үйлддэг, тэднийг л нухчин дарчих юм бол энэ улс орон цэвэр ариуны туйл болчих мэтээр, харин төрийн түшээд нь энхийн цагаан тагтаа мэтээр хичнээн ч сурталдахыг оролдов доо. Аргаа бараад АТГ-ын үндсэн үүрэг нь “соён гэгээрүүлэх” гэж хүртэл номлож үзсэн. “Соён гэгээрүүлэх” гэдэг үг нь жинхэнэ утга, мөн чанараараа бол нийт олныг эрдэм мэдлэг, гоо зүйн талаар өндийлгөхийг хэлдэг байлтай.  Гэтэл Монголын ард түмэн нийтээрээ тэгтлээ авлигажчихаад бүгдийг нь, “массаар нь” гэгээрүүлэх шаардлагатай мэтээр мунхруулсан. Монголчууд нийтээрээ, хүчээр “гэгээрч байж” авлигаас ангижрах ёстой авлигач үндэстэн биш ээ. Харин ч дийлэнх нь “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэх өвгөдийнхөө мэргэн сургаалийг маань мэгзэм мэт давтаж амьдардаг улс.

Дээр өгүүлсэн бүхэн АТГ-ын үйл ажиллагааны эхний жилүүд шүү дээ. Гэхдээ үүнд АТГ-ыг, түүний ажилтнуудыг огтхон ч буруутгаж болохгүй. Тэд хичээсэн, тэмцсэн. Гэхдээ хоёр ч даргынх нь эмгэнэлт хувь тавиланг та бүхэн санаж байгаа байх. Гол нь авилгатай тэмцэгчиддээ төр нь итгэсэн шиг итгээгүй, зохих мандатыг нь өгөөгүй. Айл гэр ч гэсэн хур хогоо цэвэрлэхдээ томоос нь эхэлж ангижраад сүүлд нь үлдэх чихрийн цаас мэтийг хүүхэд ч түүчихдэгтэй адил Монгол төр том хогоосоо эхэлж салах чин хүсэл эрмэлзэлгүй байсан учраас л АТГ чихрийн цаас түүхээс өөр аргагүй болсон. Ард иргэдийн хүсэл тэмүүлэлд ч энэ нь нийцээгүй тул тэд бишгүй өөлүүлсэн, загнуулсан.

Харин сүүлийн жилүүдэд байдал эрс өөрчлөгдсөнийг бид бэлхнээ харж байгаа. Урьд хожид хэзээ ч үзэгдэж харагдаж байгаагүйгээр томоохон төсөл, тендертэй холбоотой, улс төрийн хүрээллийнхэн, үндэстэн дамнасан бизнесүүдтэй холбоотой хэргийн араас хөөцөлдөж эхэлсэн. Зарим тохиолдолд үнэхээр шаардлагатай болоод л, процессийн бүхий л хуулийн дагуу, хатуу хараа хяналтын дор таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь бий л байх. Мэдээж, шалгагдаж байгаа хэнд ч, тэдний ар гэрийнхэнд нь ч таатай байхгүй нь ойлгомжтой. Хүн ёсны гомдол, цөхрөлийг үгүйсгэх гэсэнгүй. Мөн хүний эрхийг хөсөрдүүлэх, илт бүдүүлэг алдаа гаргах, нугалаа завхрал гаргах зэрэг ёсгүй үйл гаргаад бай гэж өөгшүүлж бас болохгүй. Гэсэн ч АТГ өмнө нь хэзээ ч зориглон барьж авч чадахааргүй байсан том хогоо шүүрдэх хэмжээний дэмжлэгийг төрийн дээд удирдлагаас хүлээх болсон нь сайшаалтай.

Гэтэл авлигатай тэмцэгчдийг өөр нэгэн фронтоос элдвээр гоочлон гутаах замаар ирийг нь мохоох оролдлого улам хүч түрэх болов. “Ногоон малгайтнууд”, “гучин долоон он”, “До яам”, “хэлмэгдүүлэлт”, “баялаг бүтээгчдийг дарамталлаа”, “гадаадын хөрөнгө оруулалтыг үргээлээ” гэх мэт хэчнээн ч хэлэх, хэлэхгүй үгээр булуулж байна, энэ байгууллагынхан. Ингэж цоллож байгаа эрхэмүүд нэг бол юуг юутай зүйрлэж байгаагаа огтхон ч ухаарахгүй байна, эс бөгөөс үнэхээр л “ичсэн хүн хүн алах”, “айсан хүнд аргал хөдлөх”-ийн үлгэрийг биеэрээ үзүүлж байгаа хэрэг бус уу?

Монголын түүхэнд хамгийн аймшигт хар сүүдэр тусгасан 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн захиалагч нь бүх дэлхийг улаан үзлээр хучих гаж донгийн солиоролт гадны хүчин, Коминтерн байсан. Тэдний онилсон бай нь Монгол төр, монгол соёл, монгол оршихуй байсан. Тэдний зэвсэг нь хуулиас гадуурх “Онц бүрэн эрхт комисс” гэгч байгууллага байсан. Тэдний арга нь аймаглан устгах цуст хүчирхийлэл байсан. Монгол хүн бүрийн зүрхэнд өнөө хүртэл түгшүүрийн харанга дэлдсээр байгаа энэ аймшигт хар дарсан зүүдийг дахин сануулах замаар үндэстний өөрийгөө хамгаалах мэдрэмжийг нь сэрээж авлигатай тэмцэх үйл хэргийн ирийг мохооно гэж тооцож байгаа бол эндүүрэл. Авлигатай тэмцэх үйл хэргийн захиалагч нь эгэл амьдралаа элдэв саадгүй аваад явахыг л хүсч байгаа жирийн монгол ардууд. Тэдний онилсон бай нь эрүүл чийрэг бие бялдрыг өвчний үүр болгон ядраахтай адил Монголыг туйлдуулан буй авлига хэмээх үзэгдэл бөгөөд түүнийг үйлдэгч тодорхой тооны хүмүүс. Тэдний зэвсэг нь Монгол Улсын хууль, мөн төрийн эрх барих дээд байгууллагаас бүрэн мандат авсан хууль ёсны байгууллага. Тэдний арга нь зөвхөн хуулийн хүрээнд, олон улсын хүний эрхийн хэм хэмжээний хашлага дотор явуулж буй мөрдөн шалгах арга ажиллагаа. Ийм өдөр, шөнө шиг ялгаатай зүйлсийг зориуд нэг тавган дээр тавьж, “тэмээ гэхээр ямаа гэх”-ийн шаардлага баймааргүйсэн?

Авлигатай тэмцэхэд араа шүд хэрэгтэй болохоос биш аядаж нялцаганах зохихгүй ээ. Саяхан өөд болсон нэгэн түүхэн том зүтгэлтнийг дэлхий даяараа дурссаар байна. Манайхан ч магтаал сайшаалаас хоцорсонгүй. Сингапурын гайхамшгийг цогцлоосон Ли Куан Ю агсныг дурсахдаа хамгийн түрүүнд дорнын эл нийгмийг авлигаас бүрэн цэвэрлэж чадсан түүхийг нь ч ярьцгааж л байна. “Авлигыг устгахын тулд анд найзаасаа ч эхэлсэн болохгүй зүйлгүй” гэсэн үг нь өөр цаг үед, өөр нөхцөлд л болохоос Чингис хааны үг, үйлдэл мэт санагдах бус уу? Бид гаднын туршлага гэж ам уралдан ярих дуртай атлаа боломжийн зүйлсийг нь нутагшуулаад хэрэглэе гэхэд ингэтлээ цааргалахын учир юусан билээ?

Гэхдээ авлигатай эрс хатуу тэмцэнэ гэдэг яавч харгислал, дарангуйллын хэрэгсэл болгоно гэсэн үг биш ээ. Ийм замаар авлигыг дарж ч чаддаггүй юм. БНХАУ-д барагтай  авлигын хэрэгт ялын дээд хэмжээ өгдөг. Гэтэл цаазын ялтайг мэдсээр байж энэ улсад авлига устаж үгүй болоогүй байгаа нь юуных вэ? Лав л аминаасаа уйдсандаа биш байх. Айдсаас илүү, баригдахгүй байх гэсэн итгэл, илчлэгдлээ ч мултарч чадна гэсэн найдвар тээдгийнх гэж ийм төрлийн гэмт хэргийн сэтгэлзүй судалдаг хүмүүс өгүүлж байна. Тэгвэл мөнөөх л Сингапурт харьцангуй хөнгөн, тийм ч олон жилийн ял оноодоггүй атал хууль зөрчих зүрхтэй хүн цөөхөн болсны нууц нь ял нь хүнд хөнгөн байхдаа биш, үйлдэл бүхэн баригдана, илчлэгдэнэ, баригдсан бол зайлшгүй ялаа эдэлнэ гэсэн гарцаагүй үнэнд бууж өгсөнийх байдаг гэнэ. Баригдахгүй бултаж болохоор бол цаазын ялаас ч айдаггүй атлаа бултахын гарцгүй баригдахаар л бол нэг жилийн хорих ялаас ч айдаг нь хүний л мөн чанар юм даа. Тийм учраас авлигын хэргийг алагчлахгүй, ялгаварлахгүй, хаацайлж бултахын аргагүй нягтлан шалгаж, зохих ял зэмийг нь үүрүүлж байх нь л ийм тэмцэлд ялан дийлэхийн баталгаа юм байна. Дахин хэлэхэд, заавал шоронд хорихдоо ч биш, хэнбугай ч шийтгүүлнэ гэсэн ял зэм нь гарцаагүй байх нь чухал бололтой.

Авлигын гэмт хэрэг үйлдэгсэд хувь хүний хувьд ихэвчлэн овсгоо самбаатай, аж ахуйч хүмүүс байдаг байх. Тэгвэл ийм төрлийн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуульд тусад нь оруулж, социализмын үеийнх шиг “нутаг заах” зэрэг ял шийтгэл ногдуулж байж болдоггүй юм болов уу? гэж бодогдоно. Мөнгөтэй харьцаж сурсан, аж ахуй хөтлөөд явчих чадвартай, мэдлэг боловсролтой ийм хүмүүсийн эрх чөлөөг ихээхэн хасаж байгаагаараа ялын шинжтэй ч хүч чадлыг нь өргөст торны цаана үрэн тарах хийх биш, алслагдсан нутгийн хөгжил цэцэглэлтэд ашиглах нь тийм ч буруу биш санагдана.

Монгол төр авлигатай тэмцэх байгууллагад мандатаа нэгэнт өгсөн. Энэ хүнд хүчир атлаа нэр төртэй үүргээ энэ байгууллагын бие бүрэлдэхүүн шантаршгүй биелүүлэхээр мэрийж яваа. Гагцхүү ингэж зүтгэснийхээ төлөө “ногоон малгайтан”, “До яамных”-аараа дуудуулах гэмийг тэд хийгээгүй шүү дээ. Тэдэнд зүй ёсны, эрүүл саруул шүүмжлэл хэрэгтэй болохоос нэр төр, эрхэм нандин бүхэнд нь, өргөсөн тангарагт нь халдсан ийм доромжлол хэрэггүй. Авлигатай тэмцэх ажил шүүмжилж болохгүй, өөрчлөлт нэхэж болохгүй дардан байгаа юу гэвэл мэдээж үгүй. Адаглаад л эцэг, хүү, эхнэр, нөхөр бие биесийнхээ түрийвч рүү өнгийхөөс өөр аргагүйд хүргэсэн ядмагхан хуулиас авахуулаад засч, залруулах зүйл бишгүй бий. Хүний эрхийн хэрэгжилт, хууль ёсны хяналтыг ч чандлан нэхэх, шаардах ёстой. Гэсэн ч хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй дайрч давших, гутаан доромжлох үзэгдэл байж болохгүй. Ийм айдастай хашгираан хаанаас гараад байна гэвэл чухам айдас ихтэй газраас л гарч байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр Монголд ямар ч До яам байхгүй, байх хөрс суурь ч байхгүй. Ямар ч хэлмэгдүүлэлт болохгүй, тийм шалтаг шалтгаан байхгүй биз ээ.

АТГ бол өнөөдөртөө л Монгол төрийн өмнө тулгарч буй хамгийн том аюулын өөдөөс дангаараа сөрөн зогсох ганц хүч нь, далайх ганц зэвсэг нь. Оройтоогүй дээр нь хорт идээ бээрийг тасчин тайрч хаях цор ганцхан мэс. Аюулт тавилангаас ангижрах гэж ядан буй өвчтөн хорт тэрхүү мэсийг өвтгөнө гээд гоочлон муулж, хөсөр хаядаггүйтэй адил, амь насаа алтан гарт эмчдээ ч, ир хурц мэсэнд нь ч нэгэн адил сүслэн даатгадагтай адил одоо Монголын ард иргэд минь авлигыг тасчин хаях гэсэн төрийнхөө эрс шийдэмгий зоригийг тойрон хүрээлж, авлигатай тэмцэгчдийнхээ урмыг хугалалгүй талархан дэмжих цаг нь болжээ.   

             
Ж.Гал                                                                
Эх сурвалж: http://www.info.mn/news/66089.htm

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх