Монгол хүн хаана байна, тэнд тийм л байна


2015/07/21  1441   0


Мөрдөн шалгах хэлтэс УЕПГ-т байсан дээр, АТГ-т байсан дээр гэж хоёр талцан сүрхий тэмцэлдэв. Мөрдөн шалгах хэлтэс энэ хоёр том байгууллагын алинд харьяалагдахаас хамаарч хуулийн хэрэгжилт сайжрах юм шигээр маргаад байх юм. Миний бодоход тэр хэлтсийн мөрдөн байцаагч нар нь авлига, хээл хахуулиас гажихгүй, арын хаалгадах хоёр нийгмийн удам дамжсан зуршилтай монгол кадрууд байгаа цагт энэ хэлтэс хаана ч байсан шооруунай санагдана.  

Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сүржигнэл-авлигатай дайтах компанит ажил хоёр том “амьтан”-ы авлигын үүрийг хөндсөн. 
Нэгэн тэнгэрийн дор багтахаа больсон хоёр луу арсалдаж, нэг нь шоронд орж, нөгөө нь Прокурор дахь арын хаалгаараа мултарсныг тухайн үед УИХ-ын чуулган дээр эрхэм гишүүн тов тодорхой мэдэгдэж асныг бид цэнхэр дэлгэцээр хараад л өнгөрсөн. Монгол Улсыг муухай харагдуулсан авлигын эсрэг Ерөнхийлөгчийн тэмцэл арын хаалганд ийнхүү гараандаа бүдэрч “муухай харагдсан” билээ.

Өдгөө энэ чухал хэлтэс АТГ-т очсоноос шалтгаалж хууль зөрчигдөж, хүн хэлмэгдүүлээд байна хэмээн энэ хэлтсийг УЕПГ-ын дэргэд шилжүүлэх амин чухал сонирхолтой бүлэг гарч ирээд улайран тэмцэж эхлэв. Шоронд хариугүй уначих гээд буй этгээдүүд энэ хэлтсийг УЕПГ-ын дэргэд аваачсанаар арын хаалгадаж шоронгоос хар толгойгоо мултлах гээд байна уу. Ингэж сэжиглэх үндэс хангалттай байсныг дор баримтаар өгүүлнэ. Мөрдөн шалгах хэлтэс УЕПГ-ын хатавчинд байхдаа арын хаалганд идэгдлээ хэмээн УИХ-ын 76 мэргэн түшмэл АТГ-т шилжүүлсэн билээ. Жилийн өмнөх түүх сөхье:     
2013 оны босгон дээр Авлигатай тэмцэх газар мэдээлэл хийсэн байх юм. Мэдээлэл илэн далангүй гэмээр уур амьсгалаар явагдсан нь олзуурхам. АТГ-т өнгөрөгч онд 970 гомдол мэдээлэл ирснээс 422 нь гэмт хэргийн шинжтэй байсныг хууль журмынх нь дагуу шийдвэрлэжээ. Энэ онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 85 тэрбум төгрөгийн хохирол учирснаас АТГ-ын мөрдөн байцаагчид 6.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 17 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, хамгаалалтад аваад буй юмсанж.

Тэгтэл харамсмаар мэдээ чих дэлдийлгэв. АТГ урт хугацаанд мөрдөж, байцааж, шалгаж, тогтоогоод яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн зарим хэргүүдийг прокурор хэрэгсэхгүй болгосныг зориуд сонордуулав. Тэр ч бүү хэл зарим ноцтой хэргийг шалгах явцад нь прокурор татаж аваад шууд хэрэгсэхгүй болгодог тохиолдол олонтаа гарчээ. Ямар хэргүүдийг прокурор хэрэгсэхгүй болгосныг ч АТГ-ынхан ил тод зарлав. Авлигын араас хөөсөн тэмцэл арын хаалга мөргөж муужраад, авлига, арын хаалгатай үнсэлдэв үү, яав?   
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд албан тушаалаа ашиглан 2007 онд хүнд даацын автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулжээ. Мөн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ээс ган бөмбөлгийн бэлдэцийг “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх бололцоо байсаар атал өөрийн үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Хонконгт бүртгэгдсэн “Стандарт металс лимитед” гэх компанитай их хэмжээний үнийн дүн бүхий ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх гэрээг холбогдох хүмүүст танилцуулалгүй хийж, 20 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэцийг нийлүүлжээ. Гэрээний төлбөрийг “Стандарт металс лимитед” компаниар дамжуулан авч гэрээний үнийн дүнгийн зөрүү ашиг болох гурван сая ам. долларыг завшсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг өнгөрсөн оны зургадугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч НПГ-ын хяналтын прокурор С.Алимаа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

“Хур хүү” ХХК “Эрдэнэт” үйлдвэртэй 2010 онд 1000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх 870 мянган ам. долларын гэрээ байгуулж, урьдчилгаа 783 мянган ам.доллар гурав хоногийн дараа авчээ. Гэтэл тус компанийхан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Уг гэрээний хугацаа 2011 онд дуусгавар болсон байна. “Хур хүү” компанийн захирал Б.Билгүүн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийн төрсөн эгчийн хүүхэд аж. Ц.Бат-Энх албан тушаалаа ашиглан онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Энэ ноцтой хэргийг АТГ яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч НПГ-ын хяналтын прокурор Ж.Отгонцэцэг хэрэгсэхгүй болгожээ.

Жич: Эдгээр зөрчил хуучирсан ч монгол хүний өөдгүй зан хэвээрээ байгаа цагт давтагдана шүү гэж сануулах үүднээс сөхөж буйг минь ойлгоорой.
Танк хүлдгийнхэн хочтой Архангайхнаас хөгтэй явдал гардаг юмсан хойно улаан хувьсгалчдын хөлд балгас болсон Батцэнгэл суман дахь уран барилга, соёл, урлагийн гайхамшигт дурсгал “Тарвачим­буулин” хийдийг сэр­гээхэд зо­риулж, 2008 онд улсаас 25 сая төг­рөг төсөвлөснийг Архангайн дарга нар нам­­чир­хан хуйвалдаж, Аймгийн МАХН-ын (одоогийн МАН-ын) байрыг засварлан намдаа хан­дивлажээ. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар залилсан энэ хэрэгт АТГ яллах дүгнэлт үйл­дүүлэх санал гаргасан авч НПГ-ын хяналтын прокурор Н.Үүлэн хэрэг­сэхгүй болгосон байна.     
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа Г.Доржхорлоог “зөвлөх” нэрээр дур мэдэн томилж, Засаг даргын орлогчийн цалин хангамжийг 2009 оноос олгож, 29.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Уг хэргийг прокурор мөн л хэрэгсэхгүй болгосон байна.         
“Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэ, орлогч захирал Т.Доржбал нар албан тушаалаа ашиглан төрийн өмчийг үнэгүйдүүлэн завшсан хэргийг АТГ шалгах явцад прокуророос татаж аваад шууд хэрэгсэхгүй болгов. Үндэсний ху­далдаа, аж үйлдвэрийн тан­химын дарга УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тус танхимын нэр дээр олгогдсон газ­раас 5000 м.кв талбайг “Дэлхийн худалдааны төв” ТББ-д өгч байгууллагын их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэх хэргийг АТГ шалгаж эхэлтэл прокурор татаж аваад хэрэгсэхгүй болгожээ.
УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа И.Жавхлант захиралтай “Эксим инвест” ХХК-д 2.4 сая ам. долларын вексель бичиж тоног төхөөрөмжийн гэрээ байгуулж албан тушаалаа урвуулан онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Энэ хэргийг АТГ шалгах явцад прокурор мөн л татаж аваад хэрэгсэхгүй болгосон юм байна.

АТГ-ын нэг жилийн тайлан мэдээллээс дарга нар дунд авлига давамгайлж буй нь нот­логджээ. Нийт шалгасан хэргийн дотор улс төрийн албан хаагч 35, төрийн үйлчилгээний албан хаагч 42, төрийн тусгай албан хаагч 46, төрийн захиргааны албан хаагч 48 байгаа гэнэ. Тэднээс хэд нь прокурорын газарт арын хаалгатай бол гэдэг хардлага зүй ёсоор ургана. (Тухайн үед сонинд нийтлэгдсэн мэдээллээс үзхүл мөрдөн шалгах хэлтэс УЕПГ-т байхдаа тийм ч дуралмаар сайн ажиллаагүй нь ил байна. АТГ-т ирээд томчуудын захиалгаар хүн хэлмэгдүүлээд эхэлсэн гэж байгаа).
Энэ хэлтэс хаана ч байсан шооруунай гэх гээд байна. Яагаад гэвэл монгол хүн хаана байна, тэнд тийм л байдаг. Мөрдөн шалгах хэлтэс ямар байгууллагын дэргэд байх вэ гэдгийн цаад талд хамгийн хөндүүрхэн асуудал бол монгол хүнийг сайжруулаагүй цагт бидний их бага ямар ч ажил явахгүй. Сайжирсан монгол хүмүүс эх орноо хөгжүүлнэ гэж мэд. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонины 2015 оны 07 дугаар сарын 21-ний №145 (5071) дугаарт нийтлэгдсэн Ц.Доржготовын нийтлэл

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх