Ц.Элбэгдорж: Ийм бусармаг хуйвалдааныг монголын төрийн босгоор алхуулж болохгүй


2015/08/17  1649   0


Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийн Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг. 2015.08.14.

Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. (алга ташив...)

Өнөөдөр бид шинэ цаг үед үүсч байгуулагдсан прокурорын байгууллагын ойг тэмдэглэж байна. Би хувьдаа Монголын төр үүссэн тэр цагаас тэнд гаргасан зарлиг тушаал, хууль дүрмийг хардаг, хянадаг, төрийн удирдлагад зөвлөдөг, хэлдэг тийм ухаант, цэцэн билэгт хүмүүс Монголын төрд байнга байжээ гэж боддог. Тийм учраас Монголын төртэй, Монголын төрт ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм. Энэ эрхэм үүргээрээ та бүхэн бахархаж байх ёстой гэдгийг хэлье.

Энд зөвхөн манай прокурорууд төдийгүй тэдний гэр бүл, тэдэнтэй хамтарч ажилладаг манай прокурорын байгууллагын энгийн ажилтнуудын төлөөлөл хөдөө орон нутгаас, мөн төвөөс хүрэлцэн ирсэн байна. Төрөөс даалгасан тусгай чиг үүргийг, тэр дотроо хамгийн хэцүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн прокурорын байгууллага, түүний ажилтнууд, прокурорууддаа Монголын үе үеийн төр үргэлж талархаж явдгийг энд бас хэлэх нь зөв юм.

Энд хамгийн гол нь манай прокурорын байгуууллагын үе үеийг төлөөлсөн хүмүүс, сайхан ахмадуудын төлөөлөл ирсэн байна. Өнөөдөр ид ажлаа хийж байгаа үеийнхэн ирсэн байна. Мөн прокурорын байгууллагад дөнгөж ажилд орсон залуус хүрэлцэн ирсэн байна. Энэ мэргэжлийг эзэмшиж улс орондоо сайн сайхан зүйлийг бүтээнэ, шударга ёсыг тогтооно гэж бодож байгаа оюутнуудын төлөөлөл бас биднийг харж байгаа. Тэр бүх хүмүүст энэ түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.(алга ташив...)

Өнөөдөр бас нэг ой болж байгаа юм. ҮАБЗ-өөр 2010 онд “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг баталсан. Энэ ойн арга хэмжээнд би өөрөө хүрэлцэж ирсэн нь бас учиртай. Монголд олон ой болж байгаа. Олон газар, олон аймаг, суманд, энд тэнд янз бүрийн ой, баяр болдог. Тэр бүхэнд би очоод байдаггүй. Гэхдээ та бүхний энэ ойн баяр дээр ирье гэж бодсон юм.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн, чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, манай шүүхийнхэн, манай хуулийн байгууллагын хүмүүс байгаа юм. Бидэнд бас тааруу нэр байна. Биднийг шударга бус гэж байна. Буруу шийдэж байна гэж байна. Хуулиа зөв болгоё. Бидний барьдаг хуулийг зөв болгоод өгөөч. Бидний хуулийг зөв болгоод өгөөч. Энэ явж байгаа хууль, дүрмийг зөв болгоод өгөөч. Шинэчлээд өгөөч. Цаг үетэйгээ нийцүүлээд өгөөч. Ард түмний шаардлагад нийцүүлээд өгөөч гэж хамгийн их хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн төлөөл бол та бүхэн байгаа юм. Ийм учраас та бүхэнд талархал илэрхийлэх гэж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм. (алга ташив...)

Өнөөдөр баярын хурлын илтгэлд олон талархлын үг гарсан учраас би хэцүү талыг нь, сорилт талыг нь ярья гэж бодсон юм. Прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. “Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна” гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Түүнийг тогтоодог ажил, Энэ бол хэрийн аавын хүү, хэрийн ээжийн охин хийдэг ажил биш. Энэ ажлыг та бүхэн үе үеийн Монголын төрд гүйцэтгэж ирсэн. Ийм ажил хийх хэцүү байдаг. Одоо улам бүр хэцүү болж байгаа. Тийм учраас би энд чихэр нь ихэдсэн нялуун үгээр энэ баярын хурал дээр олон зүйл яримааргүй байна. 

Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэй гэж бодож байна. Гашуун ч байсан өнөөдөр бид ямар хүндрэл, сорилт тулгарч байна. Ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагынхан, ялангуяа прокурорын байгууллагынхан ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой.

Авлигачийг өнөөдөр “авлигач” гэж хэлдэг. “Чамд тэдэн жилийн ял тохирч байна” гэж хэлдэг ийм хүмүүс бол та бүхэн. Хууль зөрчсөн хүмүүсийг “Чи хууль зөрчсөн байна” гэж хэлдэг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг нь илрүүлэхэд хяналт тавиад явж байдаг. Бусад хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, үгүй юү гэдгийг бас хянаад хараад сууж байдаг тийм улсууд. Энэ утгаараа та бүхнийг шударга ёсны харуулууд гэж нэрлэж байгаа юм. Төрийн нүд, чих гэж нэрлэж байгаа юм. Энэ хууль зөв хэрэгжиж байна уу, үгүй юү гэдгийг харж, манаж байдаг манаач нар гэж нэрлэж байгаа юм. Ийм учраас та бүхнийг хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх гол хүмүүс, энэ фронтын цэргүүд гэж нэрлэж байгаа юм.

Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэдэг хүн хийдэг юм. “Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн. Би тийм чадалтай хүн” гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг. Энэ хүмүүстэй улаан гараараа тулдаг, тэдний улаан нүүрэн дээр нь “Чи ийм хэрэг хийсэн” гэж хэлдэг, тэгж ялладаг хүмүүс нь та нар. Энэ бол хэцүү ажил. Энэ ажлыг та бүхэн хийдэг.

Хулгайч нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас, нэг хүнээс юм хулгайлсан байдаг. Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач бол улсаас хулгай хийдэг. Авлигач бол ард түмнээс хулгай хийдэг. Авлигач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авлигатай тэмцэнэ гэж ярьдаг юм. Тэгж хулгай хийдэг учраас авлигатай тэмцэх, тэр авлигачийг олж яллах, ялыг нь эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол маш чухал ажил. Гэхдээ их хэцүү ажил.

Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө бүр адын хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн иргэн, жирийн прокурор өөрийнхөө цалинг хүргэх гэж арга ядаж яваа. Жирийн иргэн, ариун цагаан хөдөлмөрөөрөө хэдэн төгрөг олох гэж ядарч яваа. Хуруу, хумсаа хуйхалж яваа. Авлигач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авлигад аваад, эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрөө баллахын тулд, баллуулахын тулд, тийм систем ажиллуулахын тулд хайр найргүй цацдаг. Ийм учраас мөнгө хүчтэй. Авлигын мөнгө бүр хүчтэй. Бүр аюултай.

Ингэж Монголын төрийн утга учрыг, Монголын энэ явж байгаа замын утга учрыг балладаг юм. Ийм хүмүүстэй улаан нүүрээрээ тулж, ийм хүмүүстэй хууль ярина гэдэг бол хэцүү. Авлигын мөнгөөр бүхнийг худалдаж авч байгаа. Улс төрийн намыг худалдаж авч байна. Фракцийг худалдаж авч байна. Телевиз худалдаж авч байна. Радио худалдаж авч байна. Веб сайтууд худалдаж авч байна. Та бүхний хамгийн их итгэдэг шударга хүнийг чинь худалдаж авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдаж авч байна. Монголд шударга өмгөөлөгч нар бий. Хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчийг нь худалдаж авч байна. Хамаагүй их мөнгө хаяж байна. Ингэдэг учраас, тэгж хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь тэндээ байдаг. Хар хүч нь тэндээ байдаг. Ад нь тэндээ байдаг.

Ийм системийг өнөөдөр бий болгож байна. Өнөөдөр энэ авлигын тухай, авлигын гэмт хэргийн тухай, үүний мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. “Муухай байна” л гэж ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярихаасаа хүмүүс зүрхшээж байна. Айж байна. Энэ авлигын гэмт хэрэг гэдэг нь юу юм. Яагаад аюултай байдаг юм гэж гэдэс дотрыг нь ярих хэрэгтэй. Анатомыг нь ярьж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүн ойлгодог юм. Үүнийг сануулах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийх ёстой.

Авлигатай тэмцэнэ гэдэг бол тийм амар ажил биш. Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Телевизийн чинь дэлгэцээр дамжуулаад, хэдэн зуун сая төгрөг хаяж байгаад хэчнээн сайхан хүн болох тухайгаа захиалгатай нэвтрүүлэг хийгээд бүх телевизээр цацаж байгаа.. Өнөөдөр та бүхэн хойноос нь цээжнийхээ махыг барж явж нэг авлигач бариад шийтгэсэн чинь араас нь та бүхнээс хүүхдүүд чинь асууж байгаа. “Ээж ээ, аав аа, та нэг их шийтгээд, яллаад байсан. Энэ чинь ийм л гавьяатай хүн байсан байна шүү дээ” гэж. Ингэж ард түмний тархийг угаах гэж оролдож байгаа. Ингэж Монголын ард түмнийг гэнэн юм. Мартамхай юм. Өрөвч юм гэж харж байгаа юм. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.

Эх сурвалж: www.hunnu.mn

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх