Шударга нийгмийг бий болгох нь - МУИС-НШУС Сэтгэл судлал-3 Н.Должин


2011/10/26  3883   0


Бүх л улс орны үлгэр домогт баатарлаг эр зоригт, шударга үнэний төлөө тэмцэгч баатруудын тухай гардаг. Тухайлбал, орос ардын “Тэнэг Иван”, монгол ардын “Цэцэн хүү” зэрэг үлгэрүүд эхэндээ муу тал нь дийлж байсан ч шударга үнэн эцэс сүүлд нь ялан дийлдэг. Ялангуяа манай ард түмний үлгэр, домог, туульс баатарлаг үйлсээр дүүрэн. Эдгээр үлгэрүүдээс үзэхэд хүн төрөлхтөн овог аймгийн зохион байгуулалтаар амьдарч эхлэн, анхны улс гүрэн үүссэн тэр цагаас эхлэн өнөөг хүртэл шударга бус байдал, дарангуйлал нь оршин тогтсоор иржээ. Нөгөө талаас эрх чөлөө, шударга үнэний төлөөх тэмцэл, бослого ч хүн төрөлхтөний түүхэн “амьдралын хэв маяг”-ийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн юм.

Түүхэн баримтаас үзэхэд ард түмнээ хамгаалан, шударга үнэн, эрх тэгш байдлын төлөө тэмцэгчдийг баатарлаг үйлстэн гэж тодорхойлдог.

Хэрэв тэгвэл эрх тэгш байдал, шударга үнэн гэж юу вэ? Эрх тэгш байдлын талаар 1989 онд ардчилсан холбоо байгуулагдан, ардчилалын төлөө хөдөлгөөн эхлүүлснээс хойш монголд хангалттай их ярьсан. Дэлхий дахинд хүний эрхийн конвенцод нас, хүйс, арьс өнгө, нийгмийн гарал зэргийг үл хамааран хүн бүр адил тэгш эрхтэй гэж заасан байдаг. Харин тэгш эрхээ эдэлж чадахгүй байгаа хувь хүн, угсаатан энэ гариг дээр олон бий.

Энэ бүхний цаад шалтгааныг шударга бус байдал, шударга бус хүмүүс гэж тодорхойлж болно. Үүний дүнд ч авилга буюу rackete, вымогать гэдэг нэр томъёо гарч ирсэн. Зах зээлийн эдийн засагтай оронд “хэн хүчтэй нь амьд үлдэнэ” гэсэн дүрэм үйлчилдэг. Нэг талаараа энэ дүрэм бол “шударга” бас үнэн. Хэрвээ чи чадаж байвал хэн ч чамайг “битгий” гэж хэлэхгүй. Гэвч аливаа зүйлийг олон талаас нь хардаг хүмүүсийн хувьд хүчтэй гэдэг үгний ард мөнгөтэй, арга зальтай, танил талтай гэсэн үгнүүд давхар харагдсаны улмаас өнөөгийн нийгмийн энэ нэгэн сөрөг үзэгдлийг бий болгожээ. Басхүү өнөө л социалист нийгмийн “сайд нарын дэлгүүр”, “сайд нарын 2-р эмнэлэг” гэсэн уламжлалт хандлага ч хүмүүсийн дунд байгааг үгүйсгэж болохгүй.

Тэгэхээр шударга нийгмийн хэрхэн бий болгох вэ? Нийгэм гэдэг бол хүмүүсийн нийтлэг. Иймээс хүмүүсийн бодол санаа хандлага өөрчлөгдөж байж л бидний нийгэм цэвэршин, тунгалаг болно. Бохир сав, цоорхой сав, хөмөрсөн савны үлгэртэй адил өөр бодол санаа, сонирхол хүмүүсээр дүүрэн нийгэм хэчнээн чанга хашхирсан ч шударга байх гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй.

Өнөөгийн боловсролын зорилго бол суралцагчдын чөлөөт, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, сурах арга барил эзэмшихэд туслаж, ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил төлөвшүүлэн, харилцааны чадварыг сургах явдал юм. Өөрөөр хэлбэл монголын боловсролын зорилго нь бие хүнд мэдлэг, чадвар, дадлыг суулгахаас гадна хувийн хүмүүжил, төлөвшлийг бий болгох юм. Энэ бол шударга нийгмийг бий болгох эхний алхам.

Угтаа бол тэд шударга бус мэхлэгчид гэхээсээ илүү арга заль сүвэгчлэгчид. Тэдний арын хаалганы арга бодож олдогийн шалтгаан нь өрсөлдөгчөөсөө сул дорой, мэдлэг чадвараар дутмаг эсвэл өрсөлдөөнөөс айдаг, залхуу зан байдал юм.

Мэдээж зөвхөн мэдлэг чадвар хүнийг шударга байхад хүргэдэг юм биш. Мөн тухайн хүний өөрийн төлөвшил хүмүүжил энд маш чухал. Шударгаар тоглож үзсэн хүүхэд үнэнч шударга байхыг сурдаг. Иймээс эхлээд хүн бүр шударга хөдөлмөрийн амтыг мэдэрч, шударга хандлагыг бусдаас олж харвал түүний үнэ цэнийг ухаарна.

Нийгмийг цэвэрлэж эрх тэгш байдлыг бий болгоно гэдэг бол чадварлаг, зөв хүмүүжил төлөвшилтэй, ухаалаг хүмүүс олонх болдог нийгэмд хамгийн хурдацтай, үр дүнтэй хэрэгжих асуудал юм. Манай орны хувьд одоо л дөнгөж сэрж эхэлж байна. 2006 онд авилгалын индекс 2,0-2,9 гэсэн үзүүлэлттэй байсан бол 2007 онд 3,0-3,9 гэсэн үзүүлэлттэй болж авилгал, хээль хахуулийн хэмжээ буурсан байна.

Маргаашийн гэрэлт ирээдүй надаас л шалтгаална. Иймээс шударга нийгмийг бүтээн цогцлуулахын тулд “би өөрөө шударга байна”, “найздаа шударга байхыг зөвлөнө”, “ дүүдээ шударга байдал болон шударга бус байдлын үр дүнг ойлгуулна” .

Хүмүүс “За бидний хүүхдүүд л сайхан амьдарч байвал би ч ингээд дууслаа даа” гэж ярьдаг. Харин дараа нь хүүхдүүд нь ч бас ингэж л ярьдаг. Үнэндээ тийм биш хэрвээ хүүхдүүдээ сайхан амьдруулахыг хүсч байгаа бол хүүхдүүдээ түүний төлөө юу хийх ёстойг, юу хийдгийг харуул.

Тодруулж хэлбэл, та шударга нийгмийн бүтээхийг хүсч байгаа бол өөрөө шударга байж, тэмцэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх