Д.Баянжаргал: Тонн нүүрс 200.000 төгрөгт хүрч байгаагүй гэдгийг олон гэрч нотолдог


2015/10/05  1817   2


Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Төрийн албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг олны анхаарлын төвд байнга байдаг. Манайд энэ төрлийн гэмт хэрэг хэр их гардаг вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй манай Эрүүгийн хуульд албан тушаалтнуудтай холбоотой 12 төрлийн гэмт хэргийг тодорхойлон заасан байдаг. Тухайлбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хээл хахууль авах, өгөх, зуучлах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх, албан үүрэгтээ хайнга хандах гэх зэргийг зүйлчлэн заасан байгаа.

Жилд дунджаар 190 гаруй хэрэг бүртгэж, шалгадаг. Энэ нь улсын хэмжээнд гарч буй нийт хэргийн 0.5 хувийг эзэлдэг. Хэдийгээр албан тушаалын гэмт хэрэг тооны хувьд цөөн ч аль ч улс орны төр, засаг, иргэдийн анхаарлыг татдаг, нийгмийн хор аюул ихтэй, онцлогтой хэрэг л дээ.

-Аюул ихтэй, онцлогтой гэдгийг нь тодруулж тайлбарлахгүй юу?

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хүнийг алах, хулгай, дээрмийн гэмт хэрэг шиг олон нийтэд айдас, түгшүүр төрүүлдэггүй. Харин ч нам жим байдлаар, нууц, далд аргаар, эсвэл ямар нэг эерэг үйлдлийн хавхавч дор нийгэмд бий болж, хүрээгээ тэлэн нийгмийн бүхий л салбарыг хамарч, хор хөнөөлөө түгээдэг аюултай үзэгдэл.

Энэ төрлийн зарим хэрэгт тодорхой хохирогч гэж байдаггүй, түүний дам хохирогч нь тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс бид бүгдээрээ болдог. Өөрөөр хэлбэл, бид хулгайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө шууд хохирол амссанаа сайн мэддэг. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогч болсноо, болж буйгаа төдий л мэдэрдэггүй, ойлгодоггүй шүү дээ.

Авлига, албан тушаалын хэрэг нь нийгэмд ийм байдлаар чимээгүй тахал адил газар авч хүрээгээ тэлэх нь тухайн улс орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгааг ганхуулах аюултай.

-Ийм их хор аюултай хэргийг шалгаж, шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл их байдаг биз. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний ойр дотнынхон, тойрон хүрээлэгчид нь холбогдвол бүр ч хэцүү байдаг уу?

-Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд хийж байгаа. Гэвч одоогийн Эрүүгийн хуульд нэр томъёоны хувьд ойлгомжгүй, тодорхой зохицуулалт шаардсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг. Жишээ нь, Эрүүгийн хуульд заасан хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хээл хахуулийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй. Үүнээс үзэхэд 10, 20 төгрөг авсан ч хээл хахууль авсан хэрэг болохоор ч юм шиг.

Мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэсэн заалтад “Албан тушаалтан ...хээл хахууль авсан бол”, мөн 269 дүгээр зүйлд “Хээл хахууль өгөх” гэсэн заалтад “Албан тушаалтанд ...хээл хахууль өгсөн бол” гэж заасан байдаг ба уг “Албан тушаалтан” гэдэгт зөвхөн төрийн албан тушаалтныг ойлгох уу, эсвэл төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтныг мөн хамааруулах уу гэдэг нь тодорхой бус.

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан” гэж заасан. Гэтэл амьдрал дээр албан тушаалтан гүйцэтгэх ёстой үүргээ хийж гүйцэтгэснийхээ төлөө бусдаас хээл хахууль авах тохиолдол нэлээд гардаг.

Үүнийг манай хуулиар гэмт хэрэгт тооцохгүй орхиж байна. Уг нь бол албан тушаалтан хийж гүйцэтгэх ёстой албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас шан харамж авч байгаа үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас ...тодорхой хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг байна.

Энэ зүйлийн “өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж чухам хэн байх вэ гэдэг нь тодорхой бус, хуулийн практикт гол төлөв тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав зэрэг хүмүүсийг л холбогдуулан шалгаад байдаг. Гэтэл өмчийг шууд итгэмжлэгдэн хариуцаагүй боловч албан тушаалын байдлаа урвуулж, улмаар эд хөрөнгө завшсан буюу манайхны хэлдгээр идэж уусан хүн нь яг энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх явдал ч бий.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлагад татаж шалгадаг.

Гэвч санаачилгыг гартаа авч шийдвэр гаргаад байгаа гол хүн болох дээд шатны албан тушаалтнууд нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр төрлийн гэмт хэрэг буюу дээр дурдсан 263.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байхад түүний удирдлага, заавар дор ажиллаж байсан албан тушаалтнууд тухайлбал, нягтлан бодогч, нярав зэрэг хүмүүс нь түүнээс хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 150.3-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлээд байдаг.

Ялын ийм зөрүүтэй байдал байгаа гэх зэргээр яриад байвал эрх зүйн зохицуулалт дутмаг асуудлууд бий.

-Шинэ Эрүүгийн хуульд энэ мэт ойлгомжгүй заалтыг засаж залруулсан болов уу?

-Миний дээр хэлсэн эрх зүйн зохицуулалтын хүндрэлтэй асуудлуудын ихэнх нь УИХ-д өргөн бариад буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тодорхой хэмжээнд шийдвэрлэгдсэн. Үүнээс гадна практикийн хүндрэлтэй асуудлууд ч байгаа.
Тухайлбал, албан тушаалтанд холбогдох гэмт хэрэгт хууль бус аргаар олсон эд хөрөнгө байгаа, эсэхийг тогтооход хүндрэлтэй. Ихэвчлэн өөрийн ойр дотно хүмүүс, садан төрөл, найз нөхдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.

Тиймээс уг нуугдмал хөрөнгийг илрүүлж шалгах шаардлага гардаг. Энэ төрлийн гэмт хэрэгт гэрчээр оролцож болох хүмүүс нь тухайн албан тушаалтантай ажил, албан тушаалын хувьд болон бусад байдлаар холбоо харилцаатай хүмүүс байдаг учраас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлдэггүй, нөгөө талаасаа тухайн гэрчид нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх хандлага ч байдаг.

Албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэг нь заавал материаллаг хохирол шаарддаг юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Үүнд зардал их шаардагддаг, хэдийгээр байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар хуульд заасан ч уг зардлыг төсөвт хүрэлцэхүйц хэмжээгээр тусгадаггүйгээс шинжилгээ хийлгэх ажиллагаанд хүндрэл учирна.

Сүүлийн үед албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээ, мэдээлэл зориуд тарааж, иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэх, нийгмийн сэтгэл зүйг өөр зүг рүү чиглүүлэх, ийм арга хэрэгслээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хараат бус байдалд нь халдах зэргээр ажилд хүндрэл учруулж байгаа тал ажиглагдаж байна.

-Сэтгүүлч хүний нүдээр харахад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэж хэлж болохуйц үйлдлүүд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлэхэд хүртэл ажиглагдлаа. Уг хэргийн талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ хүмүүс ер нь гэмт хэрэг хийсэн юм уу, эсвэл өөрсдийнх нь хэлээд байгаагаар үнэхээр хэлмэгдүүлчихэв үү?

-Прокурорын байгууллагын хувьд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоолгож, яллуулахаар шүүхэд шилжүүлдэг.

Л.Гансүх нарын хэргийн тухайд бусад хэргүүдийн нэгэн адил ийм л журмаар шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Нийгэмд шуугиан тариад байгаагийн гол шалтгаан нь нөгөө л албан тушаалтан холбогдсон учраас шүү дээ. Энэ хэргийг ярихын өмнө эхлээд “Нүүрс” гэх ажиллагаа хэрхэн эхэлснийг товч ярья.

Анх 2012 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар “Иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх шаардлагатай” гэсэн асуудал хөндөгдсөн байдаг юм. Ингээд тухайн үеийн Эрчим хүчний сайдын тушаалаар Багануурын уурхайн нүүрсийг бөөнөөр болон жижиглэнгээр худалдах боломжийг судлах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Уг ажлын хэсэг нь судалж, туршилт явуулаад “Багануурын уурхайгаас Улаанбаатар өртөөн дээр 3-4 удаа нүүрс ачиж, буулгах үед нүүрсний бүхэллэг чанар алдагдаж, шуудайтай нүүрсний 30-50 хувь нь бутран нунтаг болж, үүнээс үүдэн нүүрсний жингийн зөрүүний алдагдал учирна. Мөн ачих үед хөдөлмөр хамгааллын ажиллагаа зөрчигдөн аваар осол гарах магадлал өндөр байгаа нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, энэ талаар эрх бүхий хүмүүст, тухайлбал Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд танилцуулсан юм билээ.

Л.Гансүх хариуд нь “Энэ алдагдлыг “Багануур” ХК хүлээхгүй, Засгийн газраас зохих алдагдлыг нөхөх арга хэмжээ авах учраас санаа зоволтгүй” гэж хэлсэн тухай гэрчүүд мэдүүлдэг. Ингээд 2012-2014 онд “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК “Багануур”-тай хоёр удаа гэрээ хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөр гэх нэрийн дор нүүрс худалдан авч, ард иргэдэд худалдан борлуулах ажиллагаа явуулсан.

Яагаад “Нүүрс” хөтөлбөр гэх нэрийн дор гээд байгаа юм бэ гэхээр тухайн үед Засгийн газраас “Нүүрс” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх талаар албан ёсны шийдвэр цаасан хэлбэрээр гараагүй, энэ ажиллагаа үндсэндээ аман хэлбэрээр явагдсан байдаг.

-Яагаад ганцхан үсгийн зөрүүтэй дээрх хоёр компани уг ажлыг хариуцсан юм бол. Л.Гансүх эдгээр компанитай ямар холбоотой вэ?

-“Эм Жи Эл Эс Би” ХХК-ийг 2009 онд Л.Гансүхийн найз М.Сүхбаатар үүсгэн байгуулсан. “Багануур” ХК-тай гэрээ байгуулах хүртэлх хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, татварын байгууллагад дандаа “Х” тайлан гаргаж өгдөг байсан. 2012 онд Л.Гансүх нь М.Сүхбаатартай уулзаж, нүүрс худалдан авах, борлуулах ажиллагаанд өөрөө биечлэн оролцох боломжгүй гэж хэлсэн байдаг. Ингээд Л.Гансүх нь найз Сүхбаатартайгаа ярьж тохиролцоод Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа туслахаараа ажиллаж байсан Л.Эрдэнэбулган гэх залууг тус компанийн гүйцэтгэх захирал болгож, компанийн үйл ажиллагаа явуулах бүх эрхийг түүний нэр дээр шилжүүлэн авч, ерөнхий нягтлан бодогчоор эхнэрийнхээ дүүгийн охин Б.Мөнгөнтуяаг томилуулсан байдаг юм.

Ингээд 2012 оны арваннэгдүгээр сард “Багануур” ХК-д Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани хэмээн танилцуулж, нэг тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. 2013 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон юм билээ. Энэ үед юу болсон бэ гэхээр “Эм Жи Эл Эс Би” ХХК-ийг үүсгэн байгуулагч Сүхбаатар нь нүүрс худалдан борлуулах ажиллагааг үргэлжлүүлэхээс татгалзан, компаниа буцаан авахаар болсон байдаг.

Мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Эрдэнэбулган гадаадад сургуульд явахаар болсон тул цаашид уг компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. “Эм Жи Эл Эс Би” ХХК-ийн хувьд Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани гэдгээр хүмүүст танигдсан, “Багануур” ХК-ийнхан ч тийм ойлголт авсан байсан. Өөрөөр хэлбэл, олны анхаарлыг татахгүйн тулд энэ ХХК-тай яг ижил нэрээр буюу “Эм Жи Эл Эс Би” гэсэн нэрэн дээр нь Ди гэсэн тодотгол нэмээд, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийг 2013 оны есдүгээр сарын 17-нд Н.Даваахүүгээр байгуулуулсан. Тэр хүн нь Л.Гансүхийг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан. Ерөнхий нягтлан бодогчоор нь эхнэрийнхээ зээ дүү Б.Мөнгөнтуяаг томилуулсан.

-Шүүх хурлын явцаас харахад Л.Гансүх нар гэмт хэрэг үйлдээгүй юм шиг санагдсан. Иргэд ч тэднийг гэм буруугүй байхад шүүх, прокурор яллачихлаа гэж үзэж байгаа. Гэтэл шүүх яагаад тэднийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнд тооцчихов оо?

-“Багануур” ХК нь дээрх “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах болсон гол үндэслэл шалтгаан нь нэгдүгээрт Ерөнхий сайд дэмжиж ажилла гэсэн чиглэл өгсөн.
Хоёрдугаарт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нь уг хоёр компанийг Засгийн газраас баталсан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хэмээн “Багануур”-ынханд ойлгуулсанд байгаа юм. Гэрээ байгуулах үеийн процессыг авч үзвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нь гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй ч яг гэрээ байгуулах үед “Эм Жи Эл Эс Би” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбулган, ерөнхий нябо Б.Мөнгөнтуяа нарыг дагуулан очиж, 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд анхны гэрээ байгуулсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Ингэхдээ гэрээнд нэг шинэ заалт буюу гэрээний 3.6-д “Худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийнэ” гэсэн заалт оруулж байгуулсан байдаг юм. Энэ заалт нь “Эм Жи Эл Эс Би” ХХК-д ашигтай, харин “Багануур” ХК-д алдагдал учруулах заалт болсон юм. “Багануур” ХК-ийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулдаг туршлагатай, өмнө нь аж ахуйн нэгж, байгууллагатай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа дээрх 3.6 гэсэн заалтыг тусгадаггүй байсан. 

Эхний гэрээ буюу “Эм Жи Эл Эс Би” ХХК-тай байгуулсан дээрх гэрээнээс “Багануур” ХК нь нүүрсний жингийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээсэн байдаг. Тиймээс шигшиж, ангилсан чанартай нүүрсний нэг тонныг 39.000 төгрөгөөр худалдахаар ТӨХ-ноос ирүүлсэн удирдамжийн дагуу ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны 02 тоот тогтоолоор тогтоосон.

Гэтэл Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар “Багануур”-тай удаах гэрээг хийхээр очихдоо өмнөх гэрээнд заасантай ижил буюу 27.500 төгрөгөөр худалдан авах шаардлага тавьсан юм билээ. Харин “Багануур” ХК-ийнхан тэдний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Гэтэл гэрээ байгуулахаас хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрөө тус компани дээр очсон байгаа юм. Энэ үед “Багануур” ХК-ийн удирдлагууд түүнд өмнөх гэрээнээс үүссэн алдагдлыг танилцуулахад, “Тийм асуудал байхгүй ээ, өмнөх үнээр заавал гэрээ байгуул” гэсэн үүрэг өгсөн.

Л.Гансүх үндсэндээ Ерөнхий сайдын зөвлөх гэдэг албан тушаалаараа далайлган, тус компанийнханд дарамт шахалт үзүүлсэн. Аргагүйн эрхэнд 27.500 гэсэн үнээр гэрээ байгуулахад хүргэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Л.Гансүх нь гэрээ байгуулах ажилд ингэж оролцоод зогсохгүй, улсын төсвөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах комиссын 2012 оны аравдугаар сарын 31-ний хуралд Засгийн газрын төлөөлөл гэж оролцсон. Ингэхдээ “Эм Жи Эл Эс Би” ХХК-иас ямар ч төсөл ирүүлээгүй байхад сонгон шалгаруулалт явуулж, 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн. Өөрөөр хэлбэл, уг компанийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийг нь гаргуулж өгсөн байдаг.

Түүнээс гадна “Эм Жи Эл Эс Би” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс нэг сарын дараа алдагдалтай ажиллаж байгаа хэмээн Засгийн газарт танилцуулж, Засгийн газрын нөөц сангаас 854 сая төгрөгийн санхүүжилт авч өгсөн байдаг. Эдгээр авсан зээл, санхүүжилтийн мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан төлсөн. Хэдийгээр эдгээр үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзээгүй ч Л.Гансүх нь тухайн компаниудтай ямар харилцаа холбоотой байсан, үйл ажиллагааг нь хэрхэн дэмжин ажиллаж байсныг ойлгуулах үүднээс би чамд ярилаа.

Л.Гансүхийн эрхэлж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг албан тушаал нь хуульд зааснаар ЗГХЭГ-т харьяалагддаг. Засгийн газрын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, ямар нэгэн хөтөлбөр, төсөл хариуцан ажиллах эрхгүй, ажлын үндсэн чиг үүрэг нь зөвхөн Ерөнхий сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх үүрэгтэй улс төрийн албан тушаалтан.

Гэтэл энэ албан тушаалынхаа нэр хүндийг урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, хувьдаа болон өөрийн найз нөхөд, хамаатан садандаа давуу байдал олгож, ашиг хонжоо олох нөхцөл бүрдүүлж өгснөөр нь, мөн төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газарт хохирол учруулснаар нь энэ хүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнээд байгаа юм.

Энэ хэргийг Л.Гансүх удирдан зохион байгуулж, өөрийн найз нөхөд, хамаатан садан, туслахаар ажиллаж байсан хүмүүсээрээ гардан гүйцэтгүүлэх, хамжигчаар оролцуулах замаар гэмт үйлдэлдээ татан оролцуулсан байдаг. Албан тушаалын гэмт хэргийн бусад хамтран оролцогч нь заавал албан тушаалтан байхыг шаардахгүй. Тиймээс Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарын уг гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг харгалзан, мөн татварт төлөх 382 сая төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг нь буруутган, прокурор хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу яллах ажиллагаа явуулсан.

-Хурлын явцаас харахад “Багануур”- т хохирол учраагүй, АТГ л хуралд оролц гэсэн хэмээн нэг гэрч нь ярьсан шүү дээ. Гэтэл та сая “Багануур” ХК их хэмжээний алдагдал, хохирол хүлээсэн гэлээ.

-Л.Гансүх нарт холбогдох хэргийн хувьд ердийн хэргээс ялгаатай нь нэлээд тоо баримт, тооцоо яригддаг, үүнийг нь хүмүүс шууд ойлгоход их хэцүү. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад санхүүгийн баримтуудаар “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажилласнаар тус компанид гурван тэрбум 272 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Энэ хохирлыг задалж авч үзвэл нэгдүгээрт, нүүрсний жингийн зөрүүнээс нэг тэрбум 73 саяын хохирол учруулсан. Энэ хохирол нь дээр дурдсан гэрээнд оруулсан шинэ заалтаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.6 дахь заалтын дагуу “Багануур” ХК-иас вагонд ачуулсан нүүрсийг Улаанбаатар хотод буулгахад нь шигшиж, улмаар тус компаниас томилогдсон хоёр хүн шуудайлж жигнэсэн жингээр тооцон, “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийнхан төлбөр тооцоогоо хийсэн байгаа юм.

Ингэхээр анхны ачуулсан нүүрсний жингийн хэмжээ болон буулгаад, шигшээд, шуудайлаад бэлэн болгосон нүүрсний жингийн хооронд зөрүү гарна даа. Энэ зөрүүнээс үүссэн алдагдал хохирлыг нь “Багануур” ХК өөр дээрээ үүрч хоцорсон хэрэг. Гэтэл “Багануур” ХК нь бусад аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, нүүрс нийлүүлэхдээ анх вагонд ачуулсан нүүрсний жингээр төлбөр тооцоо хийдэг байсан байгаа юм.

Хоёрдугаарт, нүүрсний үнийн зөрүүнээс “Багануур” ХК-д нэг тэрбум 736 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь тус компанийн ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны 02 тоот тогтоолоор “Шигшиж, ангилсан, чанартай нүүрсний нэг тонныг 39.000 төгрөгөөр худалдах”-аар тогтоосон байхад Л.Гансүх нар нь нүүрсний үнийг өмнөх онд худалдан авсан үнээр буюу 27.500 төгрөгөөр нийлүүлэх асуудлыг “Багануур” ХК-ийн удирдлага болон ТУЗ-д тавьж, дарамт шахалт үзүүлснээр ТУЗ нь 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний хурлаараа уг асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын иргэдийг хямд үнэтэй, чанартай нүүрсээр хангах хөтөлбөрийн хүрээнд “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-нд нэг тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн байдаг.

Гуравдугаарт, “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Багануур”-тай гэрээ байгуулан ажиллахдаа нүүрс шигшиж ангилах төхөөрөмжийн шатахууны зардал 399.3 сая төгрөгийг “Багануур” ХК-иас гаргуулсан. Уг мөнгийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас хойш төлж барагдуулсан.

Дөрөвдүгээрт, Эрчим хүчний сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, 2012 оны аравдугаар сард туршилтын арга хэмжээ явуулах үеэр шигшиж ангилсан 5000 тонн нүүрсийг “Эм Жи Эл Эс Би”-д нийлүүлсэн. Ингэхдээ шигшиж ангилах тоног төхөөрөмжийг “Коммод” ХХК-иас түрээслэн, зардлын 63.9 сая төгрөгийг Л.Гансүх “Засгийн газраас санхүүжилт хийгдэх учраас санаа зоволтгүй. Танайх наад санхүүжилтээ эхний ээлжинд шийдчих” гэж хэлж “Багануур” ХК-иар төлүүлсэн байгаа юм. Тус компани нь “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-тай гэрээ байгуулан ажиллах үед төрийн өмчийн 75 хувийн оролцоотой компани байсан. Энэ утгаараа төрийн өмчид хохирол учруулсан гэж үзнэ. Төрийн өмч гэдэг маань ард түмний, та бидний л өмч шүү дээ.

-Та түрүүн хувьдаа болон өөрийн найз нөхөд, хамаатан садандаа давуу байдал олгож, ашиг хонжоо олох нөхцөл бүрдүүлж өгснөөр нь, мөн төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газарт хохирол учруулснаар нь энэ хүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэж, яллаад байгаа гэсэн. Хэнд ямар давуу байдал бий болгосон юм бэ?

-“Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажилласнаар “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нийт дөрвөн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж шинжээчид дүгнэсэн байдаг. Уг компаниуд “Багануур”-аас нэг тонныг нь 27.500 төгрөгөөр авсан нүүрснээсээ тодорхой хэмжээний нүүрсийг төмөр замд 47.500 төгрөгөөр нийлүүлээд, зөрүү тонн тутмаас олж байгаа 20.000 төгрөгийг тээврийн зардалд тооцож, үндсэндээ нүүрсийг ямар ч зардалгүйгээр Улаанбаатарт тээвэрлүүлэн авчруулсан.

“Нүүрс” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нүүрс борлуулах 147 цэг байгуулж, 27.500 төгрөгөөр худалдан авсан нүүрсээ иргэдэд тонн тутмыг нь 80.000 төгрөгөөр борлуулсан. Нэг шуудай нүүрсийг 40 кг-аар тооцоход нэг тонн нүүрс 25 шуудай, нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулахад уг үнийн дүнг барьж байгаа юм.

Нүүрс ачиж буулгах, шуудайлах, борлуулах цэгүүдээс орлогын мөнгөө хураан авах зэрэг ажилд Зэвсэгт хүчний гурван анги, мөн цагдаагийн байгууллагаас ажиллах хүч авч ажиллуулсныг та бүхэн санаж байгаа байх. Нүүрс шуудайлж буй цэргүүдийн зураг хэвлэлээр их гарсан шүү дээ. Нүүрс борлуулсан орлогоос Л.Гансүх нь нийт 577.1 сая төгрөг авсан байдаг.

Мөн Б.Мөнгөнтуяа 336.9 сая, Н.Даваахүү 315.8 сая төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авч ашигласан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Л.Гансүх нь дээрх мөнгөний тухайд “Өмнө нь зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан” гэж мэдүүлдэг. Гэвч энэ нь түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдаагүй. Мөн “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаагүй. Б.Мөнгөнтуяа нь Л.Гансүхийг компаниас нь зээл авч байгаагүйг мэдүүлдэг. Тэгэхээр “Нүүрс” гэх хөтөлбөрийн дор эдгээр хүмүүс хувьдаа ямар хэмжээний ашиг хонжоо олж байсан нь эндээс харагдаж байгаа биз дээ.

-“Нүүрс” хөтөлбөр иргэдэд ашигтай байсан юм биш үү? Нэг тонн нь 200.000-д хүрч байсан нүүрсний үнийг хямдруулж, 80.000 төгрөгөөр борлуулан, хямд, чанартай нүүрсээр хангасан гэж нүүрсийг нь зарж байсан хүмүүс удаа дараа хэвлэлийн хурал хийж, яриад байдаг шүү дээ.

-Тийм ээ. Яллагдагч нар ингэж мэдүүлдэг ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2011-2014 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод худалдаж байсан нүүрсний ханшийн мэдээгээр бол Багануурын уурхайн нэг тонн нүүрсний үнэ хамгийн өндөр нь 98.000 төгрөгт хүрсэн байдаг. Мөн Хангай”, “Цайз”, “Амгалан” зэрэг нүүрс борлуулдаг цэгүүдэд ажилладаг иргэдийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаасан.

Тэд Багануурын уурхайн тонн нүүрсний үнэ 200.000 төгрөгт хүрч байгаагүй. Харин нэг “Портер” буюу 2-2.5 тоннын даацтай, тэвшийг нь өндөрлөсөн машинд ачсан нүүрс л 200.000 төгрөгт хүрч байсан тухай мэдүүлдэг юм. Тэгэхээр, бодит байдлаар нь авч үзвэл иргэдэд хямд нүүрс нийлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй болж таарч байна. Тухайн үед “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь худалдаж авсан нүүрсээ тухайн үеийн зах зээлийн үнээр л борлуулсан. Харин дундаас нь өөрсдөдөө ашиг хонжоо олсон болох нь тогтоогддог.

-Энэ хэргийг ямар ч хохирогчгүй, мөн хэн ч хохирсон гэж гомдол гаргаагүй байхад АТГ-аас улс төрийн захиалгаар, зохиомлоор хэрэг үүсгэж, прокурор яллаад байна гэж шүүмжилдэг. Үүнд та ямар хариулт өгөх бол? 

-Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл үүдийг зааж өгсөн. Үүнд, гэмт хэрэг гарсан талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан гомдол, мэдээлэл гаргаснаас гадна хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн, мөн гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авч, баримтжуулсан мэдээ, баримт байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар заасан.

Энгийн жишээ хэлэхэд, мөрдөн байцаагч тодорхой нэг хэргийг шалгаж байх явцад тухайн байгууллагын ажилтан албаны мөнгийг хувьдаа завшсан нөхцөл байдал илэрч тогтоогдсон бөгөөд тухайн байгууллагын удирдлага огт мэдээгүй байж болно. Энэ тохиолдолд байгууллага нь гомдол гаргаагүй гээд шалгахгүй орхиж болохгүй. Иймд зөвхөн хэн нэг иргэн, байгууллага гомдол гаргаснаар л эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг гэж ойлгож болохгүй л дээ.

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэх энэ хэрэгт “Багануур” ХК-ийн удирдлагууд буруутай юм биш үү?

-Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлыг Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож шалгасан байдаг. Тэгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх гэсэн субъектив санаа зорилго тогтоогдоогүй гэж дүгнэн, прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг тухайн үед Л.Гансүх нарын дарамт шахалт, нөлөөн дор гэрээ байгуулсан гэж үзсэн. Энэ талаар дээр тодорхой ярьсан байгаа.

-Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг зурагтаар тав хоногийн турш шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн. Энэ нь нэг талдаа шүүх нээлттэй болсон мэт харагдавч нөгөө талаараа гэрч, шинжээч зэрэг хүмүүсийн аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа юм биш үү?

-Шүүх хуралдааны явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд, бүрэн эхээр нь олон нийтэд дамжуулах нь олон сөрөг үр дагавар бий болгох магадлалтай. Юуны өмнө таны асуултад дурдсан, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүнээс гадна мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задрах, шүүгч, прокурорын гаднын нөлөөнд үл автах, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчим алдагдана. Шүүн таслах ажиллагаанд олон нийт шууд бус байдлаар оролцож нөлөөлөх, нийгэмд сөрөг ойлголт төрүүлэх, иргэдийг талцуулах, үл ойлголцол бий болгох, тухайн асуудлыг улс төржүүлэх нөхцөл ч бүрдэж байгаа юм. Иймд цаашид шүүх хурлыг нээлттэй хийх асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй.

-Өмгөөлөгч нар янз бүрийн байдлаар шүүхэд нөлөөлж, хурлын үеэр сэтгэл зүйн дайралт хийх, тулгаж, хөтөлсөн асуулт тавьж байсныг нэлээд хэдэн жил шүүх хурал сурвалжилсан хүний хувьд анзаарсан. Энэ мэтээр шүүхийг үл хүндэтгэсэн байдал цаашид гарахгүй гэх баталгаа алга.

-Тийм ээ. Сая болж өнгөрсөн шүүх хурлын явцыг хуульч хүний нүдээр харахад шүүгдэгч нарын өмгөөлөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан.

Тухайлбал, хуралд оролцож буй хохирогч, гэрч, шинжээчдээс өөрсдийн хүссэн хариултаа авахын тулд загнаж, зандчин үгээр дайрч давшлах, хуулиар хориглосон хөтөлсөн, тулгасан асуулт тавих, асуусан асуултад нь хариулах цаг хугацаа олголгүйгээр “Шүүгч ээ, хариулсангүй, энэ хүн хариулж мэдэхгүй байна” гэх мэтээр өөрсдөө өмнөөс нь хариулт хэлэх, дараагийн асуултаар булах, зарим оролцогчийг “Сэтгэцийн хувьд эрүүл эсэхэд эргэлзэж байна. Сэтгэцийг нь шалгуулъя” гэх зэргээр ёс зүйгүй хүсэлт тавьж, хувь хүний болон ажил хэргийнх нь нэр хүндийг олны өмнө гутаан доромжлох, өөрсдөд нь тааламжтай байдлаар хариулт өгөөгүй тохиолдол бүрт шүүх хуралдаанд оролцогчдоос татгалзан, гаргах хүсэлтийг хуульд заагаагүй үндэслэлээр удаа дараа, хүссэн үедээ тавих, шүүх хурлыг дуртай цагтаа хаяж гарах зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ асуудлыг дээр хэлсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн хүрээнд тухайн өмгөөлөгчид холбогдуулан гомдол, хүсэлт гаргах замаар шийдвэрл үүлж болно. Бас хуульч хүн өөрөө хуулиа биелүүлдэг байх хэрэгтэй.

-Шүүх хурлын эцэст шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн хэлсэн үг олон хүний сэтгэлийг хөндөж, эргэлзээ төрүүлээд зогсохгүй прокурорууд түүний үгэнд ямар ч хариулт өгч чадахгүй байна гэсэн дүгнэлт олон нийтэд үлдээлээ. Яагаад ямар нэг тайлбар хэлж чадаагүй юм бол гэж жирийн иргэд гайхаж байна. Үүнд тайлбар өгөөч.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх хуралдаан тодорхой дэгийн дагуу дэс дараалалтай явагддаг. Оролцогчид хурлын дэг зөрчвөл хариуцлага тооцдогийг чи мэднэ дээ. Шүүх хурлын шүүмжлэлийн шатанд (энгийн хэллэгээр бол сүүл хэсэгт нь) улсын яллагч, өмгөөлөгч, хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй бол шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч гэсэн дэс дарааллаар үг хэлдэг.
Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогчид үг хэлж дууссаны дараа тэд шүүмжлэлд яригдсан зүйлийн талаар тус бүр нэг удаа л тайлбар хэлж болдог. Хамгийн эцэст үг хэлэх эрх нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчид хуулиар олгогддог. Шүүгдэгч эцсийн үгээ хэлж байхад түүнийг ямар нэг байдлаар эсэргүүцэх, таслан зогсоох, эсрэг тайлбар хэлэх эрх хэнд ч байхгүй. Зарим хүн шүүх хурлын энэ нарийн дэгийг мэдэхгүйгээс болоод “Улсын яллагч нар буруутай болохоороо шүүгдэгч нарын өөдөөс юу ч хэлж чадсангүй. Дуугүй суусаар гарлаа” гэж буруу ташаа ойлгосон юм шиг байна лээ.

-Л.Гансүхийг өмөөрч Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Надтай адил хилс хэрэгт гүтгүүлж, хэлмэгдлээ” гээд байгаа. Гэтэл түүнд холбогдох янз бүрийн хэргүүд хуулийн байгууллагад шалгуулж байгаад таг чимээгүй болсон. Ямар шатандаа байгаа бол?

-Прокурорын байгууллага нь хэн нэг хүний захиалгаар хүссэн үедээ хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулаад, хилсээр ялладаг газар биш. Үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд, хэрхэн яаж явагддаг талаар би ярилцлагын эхэнд товч хэлсэн.

Засгийн газраас санаачилсан, гэр хорооллын иргэдийг хямд, чанартай нүүрсээр хангах зорилго бүхий энэ “Нүүрс” хөтөлбөрийн үйл ажиллагааг бид буруутгаж яллаагүй гэдгийг дахин хэлье. Магадгүй, энэ “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ажлын байраар хангагдаж, цалин орлоготой байсан, шигшиж ангилсан сайн чанарын нүүрс худалдан авсан хүн олон байсныг ч үгүйсгэхгүй.

Харин Л.Гансүх нарын хувьд иргэдэд хямд чанартай нүүрс нийлүүлэх гэсэн Засгийн газрын энэ санал санаачилгыг ажил хэрэг болгохдоо хууль зөрчсөн. Ингэхдээ төрийн өмчийн оролцоотой нэг аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулахын зэрэгцээ өөрсдөдөө давуу байдал олж авсан. Үүнийг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, прокурор төрийн нэрийн өмнөөс гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор ялласан. Би ярилцлагын эхэнд ч хэлж байсан “Албан тушаалын гэмт хэрэг бол нам жим байдлаар, нууц, далд аргаар, эсвэл ямар нэг эерэг үйлдлийн хавхавч дор нийгэмд бий болж, хүрээгээ тэлж байдаг аюултай үзэгдэл” гэж.

Л.Гансүх нарын хэргийг энэ аюултай үзэгдлийн нэг жишээ гэж хэлж болно. Та бид эрх зүйт төртэй улс оронд амьдарч байгаа хүмүүс. Тиймээс жирийн иргэнээсээ эхлээд төрийн өндөр албан тушаалтан хэн ч байсан бүгд хуульд захирагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг л байх хэрэгтэй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд АТГ-аас мөрдөн байцаалт явуулж буй хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас хэрэгт нь хяналт тавьж байна.

-Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ. Мөнгө угаасан хэрэгт нэмж шалгаж эхэлсэн гэдэг үнэн үү?

-Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэрээгээр халхавчлан Алан Жинсбургийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй тул одоогоор илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Ярилцсан Г.Цолмон
“Өнөөдөр” сонин
Эх сурвалж: http://mongolnews.mn/1p29

Сэтгэгдэл бичих


Л.Мөнхсайхан    14.139.222.66

Хариулах 2015 оны 10 сарын 16
Төрийн байгууллага хэт нэг талыг барьж ажиллаж болохгүй. Энэ бол гарцаагүй Л.Гансүх гэдэг хүн яаж ийгээд мөнгө идсэн байна гэж хардаж, атаархсан л үйлдэл байна. Цаагуураа улс төрийн зорилготой, хувийн өс хонзон, өөр бусад зүйлийг ч агуулсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэв Л.Гансүх Багануур ХК-ийг дарамталсан юм бол ТУЗ нь яагаад төрийн өмчийн ХК-ийг төлөөлж байж алдагдалтай гэрээ байгуулдаг юм. Тэр хүмүүст эхэлж хариуцлага тооцоод дараа нь Л.Гансүхийн хэргийг ярих хэрэгтэй. Хэрэв. Л.Гансүх Багануур ХК-ийн ажилтныг дарамталж хүн ал гэвэл тэгээд алсан гээд зогсож байх уу. Ийм үлгэр байж болохгүй ээ. Энэ бол Л.Гансүхийг, цаашлаад хэн нэгнийг намнах гэж оролдсон бууны СУМ байна.

Ganbaatar    202.21.106.160

Хариулах 2015 оны 10 сарын 15
Нэг л зуусан бол түүнийгэ лавшруулсаар байгаад унагаж авдаг араатны шинж АТГ-аас нэвт үнэртсээр байгаа шүү дээ.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх