Жилийн дотор яам, агентлагийн удирдах албан тушаалд 4 удаа шилжин томилогдсон хүн ч байна


2015/10/20  1597   0


-Төрийн албанд сонирхлын зөрчилтэй томилгоог чухам ямар байдлаар хийж байна вэ? Яаж илэрч байна вэ?

-Хууль бусаар ажлаас халагдсан тухай гомдол, маргаанууд нь Төрийн албаны зөвлөл, Шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх хэдий ч сүүлийн жилүүдэд Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, нийтийн болон төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал нэлээд гарч байна. 

Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэр дэвшүүлэх, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгох, нэг намын гишүүнчлэл зэрэг хүрээллээр томилох хандлага гарч байгаа нь “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэж байна. 

Тухайлбал, нэг хүн жилийн дотор яам, агентлагийн удирдах албан тушаалд 2-3, заримдаа 4 удаа ч шилжин томилогдох явдал байна. Нэг хэлтсийн даргаас нөгөө хэлтэс, эсвэл газрын даргаар томилогдож байна. Нэг удаа л дарга болсон бол байнга л даргын албан тушаалд очиж ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр төрийн жинхэнэ албаны нөөцөд бэлэн байгаа бусад хүнд боломж олгохгүй, нөгөө талаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохих журмаар нь зохион байгуулахгүй байна гэж харагдаж байгаа юм. 

Сонирхлын зөрчилтэй шийдвэр, томилгооны улмаас халагдсан иргэд Шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлсэн тохиолдолд эдийн засгийн үр дагавар, хохирлыг төрөөс, төсвөөс гаргаж барагдуулж байгаа нь нийтийн эрх ашиг хохирч буйн нэг жишээ. Ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг эргээд төсвөөс гаргадаг, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төрөөс хариуцна гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэх үед 2014 онд 6 тэрбум, 2015 онд 2.3 тэрбум төгрөгийг энэ зориулалтаар баталсан талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтан дурдаж байсан. Шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс төр зардал гаргаж байгаа нь халаа, сэлгээний асуудлыг тухайн үедээ өөрт ашигтайгаар шийдэх боломжийг олгосон, нийтийн ашиг сонирхолд харшилсан асуудал юм. 

Иймээс ч Төрийн албаны зөвлөл манай байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь төрийн албан дахь хүний нөөцийн асуудалд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. 

“Үндэсний шуудан” сонины сурвалжлагчийн асуултад Авлигатай тэмцэх газрын
Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан Ц.Цэцэгдэлгэрэхийн өгсөн хариулт.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонины 2015.10.13. №195

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх