Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг хэрэгжүүлэх практик тогтож байгаа


2015/10/19  1510   0


-Ашиг сонирхлын зөрчлийн хууль одоогоос 3 жилийн өмнө нийгэмд багагүй хүлээлт, итгэл найдвар төрүүлж батлагдаж байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох ажилд ямар бодит ахиц дэвшил гарав. Ер нь ашиг сонирхлын зөрчил гэж яг юуг ойлгох вэ? 

-Нийтийн буюу төрийн албан тушаалтан, бизнес эрхлэгч, хувь хүн гээд хэнд ч гэсэн хувь хүний эрх ашиг, сонирхол, эрмэлзэл байх нь мэдээжийн хэрэг. Энэ нь хүний жам ёсны, үндсэн эрх. Үндсэн хуулиар олгосон хүний халдашгүй эрхийг ч бид хүндэтгэн үзэх ёстой юм. Харин нийтийн ашиг сонирхол гэдэг нь албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэж итгэж байгаа олон нийтийн итгэлийг хэлдэг. Тэгэхээр албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үед тухайн хүний хувийн ашиг сонирхол нь нийтийн буюу төрийн албаны өмнө хүлээсэн үүрэг, цаашлаад дээр хэлсэн олон нийтийн итгэлтэй харшилдах нөхцөл байдал үүсэхийг сонирхлын зөрчил гэж байгаа юм. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу бидний хэлж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хууль анх батлагдахад хуулийн агуулга, үзэл баримтлалыг ташаа ойлгож, хувь хүний бүх эрх ашиг, сонирхлыг үгүйсгэсэн мэтээр ойлгох явдал байсан. Үнэн хэрэгтээ энэ хууль нь хувь хүний эрх ашгийг бүхэлд нь хориглох биш, харин тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь албаны эрх ашигтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх, ийм нөхцөл байдал үүссэн үед албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, үүнийгээ мэдэгдэх, тодруулбал өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд, хувь, хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжтэйгээ холбоотой ямарваа нэг үйл ажиллагаанд албан үүргийнхээ хувиар оролцохгүй байх үүргийг хуульчилсан. Жишээ нь нэг албан тушаалтан тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдоод байтал дүүгийнх нь компани тендерт саналаа ирүүллээ гэж үзье. Энэ тохиолдолд үнэлгээний хороо тендерт ирсэн бүх саналыг шударгаар үнэлээд дүүгийнх нь компанийг шалгаруулсан байлаа ч энэ үнэлгээнд тухайн албан тушаалтан оролцохдоо дүүгийнх нь компани учраас дэмжсэн, эсвэл үнэхээр сайн санал ирүүлсэн учраас дэмжсэн санал өгсөн эсэхийг ялгаж тогтооход хүндрэлтэй. Иймээс энэ албан тушаалтан маань ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц энэ нөхцөл байдлаа мэдэгдэж, үнэлгээний хороонд ажиллахаас татгалзах үүрэгтэй гэсэн үг. 

Хувийн ашиг сонирхлоо үнэн зөвөөр мэдүүлэх, илэрхийлэх, албаны эрх ашигтай зөрчилдөхөөс сэргийлснээр тухайн албан тушаалтан өөрийгөө авлигын зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, түүнчлэн олон нийтийн итгэл хүлээх байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой болж байгаа. Ер нь Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх практик тогтож байгаа гэж ойлгож болно.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх