Шударга ёс оюутны нүдээр - MУИС-НШУС-УТС 2а О.Бодьцэцэг


2011/10/26  3682   0


Хүмүүн биеийг олж төрөөд, “Нийгэм” хэмээх их гэрийн гал голомтыг бадраан амьдарч явахдаа үнэн, худал, шударга, шударга бус, хар цагаан хосолсон нэгэн тогоонд бас давхар чанагддаг нь энэ амьдралын бичигдээгүй хууль гэлтэй.

Оюун ухаан, бодол минь надаас нийгмийн нэг эд эсийг ч болов үнэнээр нь тэрлээч гэж хүсэж байна. Би дөнгөнд гавлагдсан модон хүн биш ээ. Хэл минь загатнаад, хэлэх гэсэн үгээ хэлмээр байна. Хэнээс ч айхгүй өчье би !!! Миний сонгон тэрлэх гэж буй сэдэв бол “Шударга ёс оюутны нүдээр”.

Шударга ёс гэдэг бол хүн бүр зохих ёсных нь урамшуулал буюу зэмлэл хүртээх журам юм . Энэ нь зөвхөн материаллаг зүйлийг төдийгүй , эрх, эрх чөлөө ,хууль гэх мэт тарааж хүртээж болох бүхий л зүйлийг хамаарна гэж Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номонд тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл “Шударга ёс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй”. . Эрүүл, сайн нийгмийн үндэс, суурь нь шударга ёс. Хэрэв шударга ёс үгүй бол тэр нийгэм хэзээ ч эрүүл байж чадахгүй. Энэ бол эртний Грекийн эрдэмтдийн өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй яваа сургаал. Харин Монголд өнөөдөр шударга ёс нийгэмдээ биш, эмнэлэгт, сэхээний орон дээр хэвтэж байна. Шударга ёс худалдагдахаараа үхдэг гэсэн Жорж Сандын үг Монголд биелэлээ олох гэж байгаа нь тэр. Түүнийг үхүүлэхгүйн тулд, шударга ёсыг аврах “эмч нар”-ын багт хэсэг хүн, хэдхэн байгууллага зүтгээд ч хүчин мөхөсдөж буйг “өвчтөн”-ий биеийн байдал нотолно.

Өнгөрсөн жилийн “Болор цом” наадмыг үзэж суухад яруу найрагч Хасар “Үнэн юмгүй энэ хорвоод гишгэх газар надад алга аа” гэж хэлээд л хүмүүсийг нижигнэтэл алга ташуулж байх юм. Үнэхээр Монгол эх орныг минь худал, хуурмаг, шударга бус байдлын хар сүүдэр нөмөрлөө гэж үү дээ? гэсэн бодол тэр үед зурсхийн орж ирж билээ. Уг нь миний эх орон чинь нутгийнхаа ширхэг чулууны төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн Лигдэн, Амарсанаа, Чингүнжав, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав гээд зоригтон, шударга, гүндүүгүй эрчүүдээрээ алдартайсан. Гэтэл өнөөгийн Монголын нийгэмд мөнгө гэгч хааны сэнтийд заларч, эрх ямбатангууд нь хуулийг гууль болгож, авилгал, авилгалын сүлжээнд орооцолдсоор, ядарсан ард түмэн нь аргаа барахдаа шударга бус байдалтай эвлэрч, зовж олдсон хэдийгээ хүнд сурталтны халаас руу чихдэг болж……Энэ бүхэнд цэг тавих цаг нэгэнт болсон ч хэнч сонсоогүй, мэдээгүй юм шиг алхалсаар л……

Монголд шударга бус байдал, авилгал, хууль зөрчих явдал даамжирсныг дараах судалгааны дүн харуулж байна. Авилгатай тэмцэх газраас “Газрын албаны хүнд суртал, авлигын түвшин ямархуу байгааг тандах зорилгоор иргэдээс судалгаа авсан байна..Газрын албаар үйлчлүүлэхэд хүнд суртал гардаг уу? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 47,2% нь тийм, 30,3% нь хаяа гардаг, 17,9% нь үгүй гэж хариулжээ.Харин “Газрын албанд авилга, шударга бус байдал ямархуу түвшинд байна гэж та үзэж байна вэ? гэхэд судалгаанд оролцогчдын 27,8% нь маш их, 30,3% нь дунд зэрэг, 20,3% нь байхгүй гэсэн хариулт өгчээ.Энэ бол зөвхөн нэг л байгууллагын бодит байдал бөгөөд хүнд суртал, үнэрхэх байдал их байгаагаас иргэд аргагүйн эрхэнд авилга өгдөг болох нь харагдаж байна.

Монгол оронд ардчилсан хэмээх нэртэй 4 сонгууль энэ18 жилийн дотор болж өнгөрлөө. 1992, 2000 онд МАХН, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, 2004 онд энэ 2 нам адил тэнцүү суудал авч хариуцлагаа хуваасан.

Мөнгө, хуйвалдаанаар сонгууль явуулж амташсан эрхмүүд сая 2008 оны сонгуульд бүгд л хууль зөрчиж, будлиан тарьсан нь нууц биш. Шударга сонгууль шударга өрсөлдөөн хаачаа вэ? Арай илүү мөнгө хаяж, илүү луйвар хийсэн нь дийлэнхи болдог болжээ. Адаг сүүлд нь хулгайч нь хулгайчийг бариарай гэж хашгирдаг үлгэртэй л төстэй юм болж байх шиг. Сонгуульд ялж, ялагдаж сурахдаа биш сонгуулиа жинхэнэ шударгаар явуулж, ард олны сонголтыг хүндэтгэж сурах нь юу юунаас чухал шүү дээ. Бидэнд өөрийн хүссэн сонголтоо хийх боломжийг элдэв заль луйваргүйгээр олгоод өгчих. Өөр юу ч хэрэггүй.

2000 оны сонгуулиас эхлээд амлалтын хөтөлбөр бий болсон. Энэ үеэс л нийгмийн өмнө тулгарч байгаа элдэв асуудал бэрхшээлийг шийдэх, шударга ёсыг тогтооно гэхээсээ илүүтэй "Хэрэв чи намайг сонговол би чамд мөнгө өгнө" гэсэн тоглоомын дүрэм бий болж мөрдөгдөж эхэллээ. Энэ тоглоомын дүрмээр 2004 оны 10.000 төгрөг 2008 онд 1.500.000 төгрөг болтлоо ханш нь өслөө.. Хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа нь бас л сонин. Улс төрийн намууд иргэддээ зүгээр л мөнгө тарааж байдаг буяны байгууллага болж өрсөлдөөд байх ямар хэрэг байгаа юм бол. Иргэн бүртээ зүгээр тараах гээд байгаа 1.5 сая төгрөгийг дагаад бүх юмны үнэ солиортлоо өсч, ширхэг талхаа 3000 төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрт
3-4 сая төгрөг төлөхгүй гэх баталгаа хаана байнаа?

Хүн болгонд өгөх гээд байгаа 1.5 сая төгрөгөөр шийдэж болох олон асуудлууд шилээ даран хүлээж байна. Наад зах нь агаарын бохирдлоо шийдвэрлэж, Японых шиг хог боловсруулах төхөөрөмжийг нэвтрүүлж, сурах хүсэл эрмэлэлтэй, чадварлаг залуучуудаа гэрээ хийж гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж ирээд эх орондоо өндөр бүтээмжтэйгээр ажиллуулах, урд хөршөөс зөөдөг өмд, цамц, ойр зуурын хэрэглээгээ өөрсдөө үйлдвэрлье гэхэд дургүйцэх хүн хэр олон гарах бол?

Өнөөгийн УИХ-д олонхи болох улайрсан өрсөлдөөний үндэс нь Монгол орон дахь ашигт малтмалын ордын ашиглалтын ашгийг хуваарилах эрх мэдлийн төлөөх тэмцэл байж болзошгүй Тийм ч болоод ийм эрээ цээргүй амлалтаар ард түмний тархийг угааж байж болох юм.

Монголд өнөөдөр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл нь хуулийн ялгавартай үйлчилгээ. Уг нь тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар гэсэн лүндэнтэй их хаадын удам угсаа энэ цаг дор хуулийг уландаа гишгэж бас өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж байгаад хүмүүс хамгаас ихээр бухимдаж буй. Улсын болон ард түмний хэдэн тэрбүм төгрөгийг үрэн таран хийсэн эрхэм, амьдрахын эрхээр хэдэн төгрөг хулгайлсан этгээд 2-ыг адилтгаж болно гэж үү? Өөрсдийн хариуцлагагүйгээс хичнээн олон эрдэнэт хүний амь насыг сүйтгэчихээд /7-р сарын 1/ хэн нь ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өнөө л эрх мэдэл албан тушаалын хойноос явж байгааг эх орныхоо төлөөх эрхэм сэтгэл гэж тайлбарлаж арай л болохгүй байх. Гэсэн атлаа алдаа онооны дэнсэн дээр яваа жирийн иргэддээ төрийн төмөр нүүрийг хар харамгүй үзүүлж байх.

Чи хэн байхаас хамаарахгүй хуулийн өмнө бүгд тэгш байхыг л энэ олон иргэд хүсч буй. Чи мөнгөтэй бас царайлаг хөөрхөн байхаас хамаарахгүй буруу зүйл хийсэн, хууль зөрчсөн л бол зохих шийтгэлээ авдаг түүнээс нь ард иргэд болох болохгүйн ухаарал авдаг байх учиртай. Хэрэв чи хууль бус аргаар луйвраар баяжсан бол хэзээ хойно ч энэ бүхэн нотлогдох аваас энэ бүхнийг шууд хурааж авч чи буруу үйлээ өөрөө үүрч байх тэр л шударга хуулийг хүмүүс хүсч байна. Өнөөдөр Монголын иргэн бүрийн туйлын хүслэн нь мөнгө биш зөвхөн шударга ёс юм шүү. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Ардчилалын хамгийн үнэт зүйл. Хүн бүр өөрийн боломж хүсэл бас чадлаараа тайван амьдрахыг хүсч байна. Бас өөрийн эх орондоо элэг бүтэн амьдрахыг л хүсч байна.
Улс орны удирдагчид нь ямар байна, ард түмэн нь тийм л байдаг хойно Монголын нийгэм даяар байгууллага, аж ахуйн нэгжүүд хүнд сурталд автаж, компаний захирал, хэлтсийн дарга, оюутан, сурагчдын зөвлөлийн даргаа хүртэл сонгоход өнөөх л хор найруулах ажил гардаг болж. Дэлхийн улс орнуудын түүхээс харахад шударга бус, завхай байдал газар авч тархсан улс үндэстэн дайн, бослогод хүрч, эцэстээ үндэстнээрээ сөнөсөн гашуун түүх байна. Иймээс Монгол гэсэн 6-хан үсэгтэй энэ нэрийг цэнхэр гаригаас бүдгэрэн алга болох аймшигт аюулаас өрсөж, “шударга бус байдал,авилгыг” таслан зогсоох хэрэгтэй байна.Үүний тулд нийгмийн хамгийн бичил жижиг хэсгүүд буюу хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжид өчүүхэн ч гэсэн шударга бус, тэгш бус байдлыг гаргуулахгүйн тулд авилга өгөхгүй л бол ажил бүтэхгүй гэсэн нийгмийн сэтгэл зүйг өөрчилж, иргэд авилгыг өөхшүүлэхгүй,хүнд суртал гаргаад байвал хэнээс ч айлгүй шууд л тухайн этгээдийг олон нийтэд, мөн авилгатай тэмцэх газрын утсанд мэдээлдэг тийм л сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн авилгал, хүнд суртлын тэргүүн жагсаалтад бичигддэг төрийн байгууллагынхныг ажилд авахдаа нарийн өндөр шалгуур тавьдаг, тэдний хөрөнгө,ашиг, орлого,сонирхлын зөрчлийг жил бүр хянаж, тооцсон тайланг гаргадаг байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд иргэн та л шударга бус байдлыг өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаараа зогсоож чадна. Эмнэлэгт сэхээний орон дээр хэвтэж буй шударга ёс эмчлэгдэж, нийгэмдээ эргэн ирж, Монголыг тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал эзэгнэх тэр цаг тун удахгүй ирнэ гэдэгт би итгэж байна.

Монгол хүн таны
Мяндсан хөх судсаар чинь эх орончийн шударга халуун цус урсаж
Нударган чинээ зүрх тань Монголын төлөө цохилох болтугай.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх