Н.Урантогтох: Улстөрчид авлигатай тэмцэхийг хүсдэггүй


2015/12/02  1529   0


Сүүлийн үед авлигын хэргүүд нийгэмд томоохон шуугиан тарих болов. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Н.Урантогтохтой энэ сэдвээр ярилцлаа.

-Эрүүл мэнд, спортын сайд Х.Шийлэгдамба авлигын хэргээр шалгуулж байна. Гэтэл МАХН энэ хэргийг улс төрийн зорилготой гэж буй нь анхаарал татаж байна л даа.

-Яг үйлдэл дээрээ баригдсан авлигын анхны тохиолдол гэдгээрээ онцгойд тооцогдох байх. АТГ ийм хэргийг улс төрийн зорилгоор зохион байгуулах боломжгүй нь хэнд ч тодорхой. 

Монгол Улсын бүх улс төрийн нам, эрх мэдэлтэй хүн бүр АТГ руу дайрдаг. Олон нийтийн зөвлөл тэр бүрийд чимээгүй өнгөрдөг. Бид АТГ-ын дотоод үйл ажиллагааг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

-Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-т сайн дураар шалгуулсан тод жишээ. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх ч Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа яг одоо цагдаад шалгагдаж буй авлигын шинжтэй хэргүүдийнхээ тухайд АТГ-т өөрийн хүсэлтээр хандаж, гэм буруугүй гэдгээ нотлуулчихсон байдаг. 
Та сэтгүүлчийнхээ, олон нийтийг төлөөлж АТГ-ын үйл ажиллагааг хянах үүрэг хүлээсний хувьд А.Гансүхийн асуудлыг юу гэж тайлбарлах вэ? 

-АТГ бол хэн нэгний гэм буруутайг тогтоодог газар биш. А.Гансүх тухайн үед сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-аас тодруулж, өөрийг нь сэжиглэх эрүүгийн хэргийн нөхцөл харагдахгүй байна гэх улсын байцаагчийн тодорхойлолт гаргуулж авсан юм билээ. Тэр нь шүүхийн тогтоол, прокурорын дүгнэлт биш л дээ.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас албан тушаалыг нь булаахын тулд хүргэн дүү, охин, найз нөхдийг нь АТГ-аар шалгуулж, заримыг нь хорилоо гэх хэсэг байна. АТГ улстөрчдийг хоморголон намнадаг хэрэгсэл болсон тухай яриа хэр үндэслэлтэй бол?

-Улс төрийн хэлмэгдүүлэлт явууллаа гэх шүүмжлэл бол улс төрийн хүрээнээс гардаг мессеж. АТГ иргэдийн гаргасан гомдол, өргөдлийг үндэслэн шалгадаг. Хууль зөрчсөн аливаа үйлдлийг иргэд сэжиглэж, үүнийхээ дагуу АТГ-т хандах эрхтэй. АТГ хууль зөрчөөд байна уу гэдгийг Олон нийтийн зөвлөл хянадаг. 

Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг би төлөөлөхгүй, өөрийн зүгээс хэлэхэд АТГ огт хууль зөрчөөгүй. 2007 онд байгуулагдсан шинэ тутам газар учир АТГ-т алдаа, онооны аль аль нь бий. Гэхдээ энэ байгууллагыг татан буулгах хүртэлх санаачилгыг УИХ дээр эрчимтэй ярьж, идэвхийлэн лообий хийж байгаа нь манай нийгэмд бодитой оршиж буй хамгийн харамсалтай үйл явдлуудын нэг юм.

АТГ-ын байцаагч нарын туршлага, ажиллах ур чадвар илэрхий сайжирч байгаа. Хэдэн жилийн өмнө АТГ-ыг жилд есөн тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг мөртлөө “жараахайтай” хөөцөлддөг гэж шүүмжилдэг байсан. Одоо бол АТГ мэргэшсэн. Баримт цуглуулах, мөрдөн байцаах үйл ажиллагаа идэвхжээд ирлээ. Гэтэл төсвийг нь багасгаж байна. АТГ 2015 онд 9.9 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилласан бол УИХ ирэх оны төсвөөс 1.6 тэрбумыг хасаж, 8.3 тэрбум төгрөг болгон баталсан.

Монгол Улс авлигатай тэмцэх зардлаа илт бууруулж байна гэдэг бол АТГ УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд эргэлзэх шаардлагагүй, сөрөг талуудыг нь шалгах хэрэггүй болжээ гэсэн үг. Тэр ч бүү хэл, Олон нийтийн зөвлөлийн нэг удаагийн хурал дээр АТГ-ын үйл ажиллагааг харлуулахын тулд хоёр тэрбум төгрөг зарцуулсан тухай баримтыг тодорхой байгууллага, хүмүүсийн нэр устай танилцуулж байсан. Энэ бол Монгол Улс авлигатай тэмцэхийг хүсдэггүйн тод жишээ.

-40 мянган бизнес эрхлэгч АТГ-аас айгаад ажлаа ч хийж чадахгүй эмгэнэлт байдалд орлоо гэсэн.

-АТГ-ын Олон нийтийн зөвлөлд МҮХАҮТ-ийн дарга багтдаг. Танхим дээр АТГ-ынхан бизнес эрхлэгчидтэй гурван удаа нүүр тулан уулзаж ярилцсан. 

Хэн ч АТГ-ыг айлгаж байгаа талаар санал хэлээгүй. Харин хууль зөрчигчид айж ичдэг. Сонирхлын зөрчилтэй улстөрчид бол бүр татан буулгахаар зүтгэдэг.

-АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог. Энэ нь Ерөнхийлөгч хүсвэл АТГ “тул” барина, үгүй бол “жараахай” баригддаг гэсэн логикийг бас дагуулдаг. 
Ц.Элбэгдорж иргэнээр өргөдөл бичүүлээд, тэрийг нь АТГ шалгадаг юм биш биз?

-Шалгуулах хүсэлт гаргаснаа иргэн өөрөө олон нийтэд зарласан тохиолдлууд байдаг. Түүнээс биш хэн гэдэг иргэн өргөдөл өгөв гэдгийг АТГ нэрээр нь зарладаггүй. 

Зарлаад эхэлбэл иргэний эр зориг гаргах хүн олдох болов уу? Гэрч, хохирогчийг хамгаалдаг Тахарын албыг татан буулгах оролдлого ямар хүчтэй байгаа билээ. 

Тэгэхээр өргөдөл, гомдол гаргагчдыг мөрдөх мөшгих хандлагаас хүний эрхийг хамгаалахын тулд зайлсхийх ёстой гэж би хувьдаа үздэг.

-АТГ дэргэдээ мөрдөн байцаах албатай байх зайлшгүй шаардлага байдаг юм уу?

-УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулж байсан УИХ-ын гишүүд анх энэ албыг АТГ-ын дэргэд шилжүүлэх санаачилга гаргаж байсныг Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс олоод үзчих хэрэгтэй. 

Тэд одоо яг эсрэгээрээ буцаах гэж оролдоод эхэлсэн. АТГ бодсоноос нь өөрөөр, шударга ажилласан юм болов уу. УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын дэргэд шилжүүлэх хүртэл 2002-2013 онд албан тушаалтнуудтай холбоотой 7000 гомдол, 4000 гэмт хэргийг шалгасан байгаа юм. 

Энэ дунд яг авлига гэх заалттай 42 хэрэг л шалгасан байдаг, 11 жилийн хугацаанд шүү дээ. АТГ-т чиг үүрэг нь шилжсэний дараа зөвхөн 2014-2015 онд хоёрхон жилийн дотор авлига оршиж байгаа тухай 74 өргөдөл ирсэн. Энэ бол АТГ-аар шалгуулахаар хандаж байгаа иргэдийн итгэлийн үзүүлэлт юм.

-АТГ шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар нийтэд мэдээлж шуугиан тарьдаг нь хэр зохистой бол?

-Ингэхээс өөр аргагүй байдал бий болсон гэж хардаг. УЕПГ-ын үйл ажиллагаанд “шүд сугалах” гэдэг нэр томъёо бий болчихоод байгаа. Энэ нь прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгохыг хэлж байгаа юм. 

Тухайн хүн албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсоныг АТГ баримтаар нотолчихоод байхад прокурор хэргийг нь цайруулж өгдөг явдал хавтгайрчихлаа. Тиймээс АТГ олон түмэнд зарлаж, дэмжлэг авах гэсэн оролдлого.
2014 онд АТГ прокурор дээр цайрсан хэргүүдээр бүхэл бүтэн сэтгүүл хэвлүүлсэн. Хэдэн арван тэрбум төгрөгөөр улсыг хохироосон хэргүүдийг хэн гэдэг прокурор яагаад хэрэгсэхгүй болгочихов гэдгийг тодорхой нийтэлсэн. Хойшид ингэж битгий нуун дарагдуулаасай гэхдээ л тэр.

-Н.Алтанхуягийн өргөн барьсан нэгэн хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэх ээлжээ хүлээж байна. Хэрэв батлагдвал АТГ-ын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нэлээд хумигдах сурагтай.

-Н.Алтанхуяг гишүүний төслөөр бол АТГ хахууль өгөх, авах, зуучлах гэсэн гурван тохиолдлыг хянах чиг үүрэг үлдэнэ. Албан тушаалын бусад бүх хэрэг АТГ-т хамаагүй болох юм. 

АТГ-ын дарга Ганболд “АТГ-ыг татан буулгаснаас ялгаагүй өөрчлөлтийг хийх гэж бүү оролдооч” гэж УИХ-ын гишүүдээс зүгээр нэг хүсээгүй юм шүү.

-Ер нь авлигыг өгсөн, авсан хоёул буруутаж байгаа одоогийн хууль хэр шударга вэ?

-Авлигын хуулийг анх хэлэлцэж байх үед ганцхан энэ заалт дээр хуульчид нэлээд маргалдсан. Практик дээр харахад аль болох авлигын гэмт хэргийг илрүүлье гэвэл авлига өгсөн хүнийг буруутгах нь өрөөсгөл юм билээ. Өгсөн нь өөрийгөө зарлаад ял аваад явахыг хүсдэггүй.

Ярилцсан Б.Энхцэцэг

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх