Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн Сургууль 2-1 ангийн оюутан О.Анхбаяр


2011/10/26  3964   0


Нүдний шилээ авч хаяцгаа!
Бидний одоогийн амьдарч байгаа нийгэм, тэдгээрийн дунд болж буй аливаа харилцаанууд бидний нүдээр энгийн, ижил дасал болсон, хэвийн явагдаж байгаа мэт санагддаг. Магадгүй энэ бичлэгийг уншиж буй танд ч бас тэгж санагддаг байх.

Би ч гэсэн ийм л бодолтой, ийм л байх ёстой юм байх гэж харж төсөөлж явдаг байсан. Албан байгууллага, төрийн үйлчилгээний газраар орохдоо хэдэн цагаар үүдийг нь сахиж сууж байж асуудлаа шийддэг, бүтэхгүй тийшээ хандаад ирэхээр хэдэн бор төгрөг цаасанд боогоод өгөхөөр жигтэйхэн хурдан бүтдэг, замын хөдөлгөөнд оролцохдоо цагдаа харж байгаад улаан гэрлээр гарчихдаг, аль нэг ах дүү ч юм уу нэг намын нөхөр маань томоохон албан тушаалд суувал ард үлдсэн биднийгээ ямар нэгэн аргаар татаж албан тушаалд хүргэдэг гээд энэ мэт нийгмийн ужигт өвчин болчихсон олон үзэгдлүүдийг бид байх ёстой зүйл мэт хандсаар эвлэрсээр иржээ.

Харин миний бие монгол услын их сургуулийн хуулийн ангид элсэн суралцаж эхэлсэн эхний өдрөөс л энэ бүхэн нэг л биш болохыг гадарлаж эхэлсэн юм. Үндсэндээ бидний амьдарч байгаа байдал, хүнд суртал, шударга бус байдлууд биднийг энэ байдалд дасгачиж, энэ байдалд уусгаад бидэнд энэ байдлаа харагдуулдаггүй нүдний шил зүүлгэчихсэн мэт байна. Бидний ил тод, шударга үнэнийг хардаг эрүүл нүдэнд маань шахаж ятгасаар байгаад юу ч хардаггүй нүдний шилийг зүүлгэжээ. Анагаах ухаан, хараа зүйн ямар ч мэдлэггүй хараа сайтай хүнд май энэ шилийг зүүвэл бүх зүйл сайхан тодроод ирнэ гээд +5 ийн шил зүүлгэчихсэн мэт. Тэд энийгээ зөв зүйтэй, байх ёстой зүйл гэж тайлбарладаг. Тэд гэдэг нь хүнд суртлыг өөгшүүлэгчид, үүний далимдуулж ашиг хонжоо ологч дарга, цэрэг, төрийн түшээдийг хэлж байгаа билээ.

Нийгмийн эмч хэмээн нэрлэгддэг хуульч хүн болохоор бэлтгэгдэж буй надад эрх зүйн зарчим, шударга ёс, байгаа болон байх ёстой зүйлийн мөн чанар, хүний эрх, эрх чөлөө, жам ёсны эрхийн талаар хичээлийн агуулга болон эрдэмтэн багш нарын хүчтэй үг, сургаалиар олж чавах мэдлэг нэмэгдэх тусам хүсээгүй зүүсэн нүдний шил маань нимгэрч би илүү тодорхой, цаад нарийн учрыг харж, ойлгохтойгоо болж эхэлж байна.

Энэ үгнүүдээр би ямар санаа илэрхийлэхгээд байна гэхлээр жирийн иргэд, ард түмэн бид нар хууль, эрх зүйн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай байгааг ойлгуулах гэсэн юм. Бүр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь хичээл болгож оруулах хэрэгтэй, миний мэдэхээр эрх зүй гэдэг хичээл ордог байсан боловч үнэхээр хангалтгүй санагдсан юм. Хэрэвзээ дунд сургуулиас нь шаардлагатай эрх зүйн мэдлэгийг заагаад их дээд сургуульд ороход нь мэргэжил харгалзахгүйгээр бас заадаг, ойлгуулдаг болчихвол л болчих асуудал шүү дээ. Гэвч яагаад ингэхгүй байна вэ гэдэг нь бас их сонин байгаа биз? Аргагүй шүү дээ. Ард түмний олонх, тэр их масс тэдний булхайг олоод хардаг болчихвол оршин тогтнож чадахгүй болчино гэдгээ мэдээд байхгүй юу тэд нар...

Иймээс бидэнд үлдсэн зам бол иргэн бүр хувьдаа өөрсдийн мэдлэг, хүсэл тэмүүллээ хурцалж, мэдэж сурсан зүйлээ хажуу дахь өөр хэн нэгэнтэй хуваалцаж мэдсэн сурснаа солилцож, мэтгэж, нэгдэж байгаарай, өөрт тань тээг болж буй нүдний шилийг авч хаяарай. Бид одоохондоо цөөхүүлээ байж болноо, гэвч удахгүй бидний үеийн ийм залуус маш олноороо бий болно гэдэгт би итгэдэг. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.

Харин одоо та өөрийгөө бодоод үзээрэй, таны нүдний шил хэр зузаан байна вэ? Та үүний тулд юу хийж чадах вэ?

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх