Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил болгосон нуугдмал хөрөнгө, орлогоо төрийн албан хаагч заавал мэдүүлэх ёстой


2016/01/27  2183   0


Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс зарим зүйлийг тодруулав.

-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болсон. Энэ нь танай ажлыг их хөнгөвчилж байгаа юу?

-Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг албан тушаалтнуудаас 2013 оноос цахим хэлбэрээр авч эхэлсэн. Энэ жил 4 дэх удаагаа гаргуулан авч байна. Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар гаргуулж авдаг болсон нь Авлигатай тэмцэх газрын ажлыг хөнгөвчлөх гэхээсээ илүүтэй тухайн төрийн албан хаагчид мэдүүлгээ хялбар бүртгүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг ажлыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, мэдүүлэгт олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой юм.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх ажил Авлигатай тэмцэх газар ажилласнаар хийгдэж эхэлсэн. Нэлээд олон жил хийлээ. Төрийн албан хаагчид энэ тал дээр нэлээд зүгширсэн байх?

-Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлж хэвшсэн. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын жил бүрийн статистик дүнгээс үзэхэд сүүлийн 3 жилд мэдүүлгээ хугацаа хожимдуулсан, гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтны тоо эрс цөөрч, мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтны 99,99 хувь нь хуулийн хугацаанд гаргаж өгсөн байна.

-Өмнөх жилүүдээс мэдүүлэг гаргах төрийн албан хаагчдын тоог цөөлсөн байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Авлигын эрсдлийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор ингэж шийдвэрлэсэн. Гол нь авлигад өртөх эрсдэл багатай төрийн албан хаагчдыг мэдүүлэг гаргагчийн жагсаалтаас хассан гэсэн үг. Өмнөхөөс 20 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдүүлгийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа.

-Энэ жил хэчнээн төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлэх вэ? Энэ жилийн бүрдүүлэлтийн ажлын онцлог юу байна?

-Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах 40 мянга орчим албан тушаалтан 2015 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргана. 2015 оны сүүлээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой зарим төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ ихээхэн гарч байгаа, мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа зэрэг нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсгэж байна.

Хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах төрийн албан хаагчдын дунд гэр бүлийн гишүүн хамаарал бүхий этгээд нь хувиараа бизнес эрхэлдэг, компанид хувь эзэмшдэг тохиолдлууд цөөнгүй байгаа, тэгэхээр дээрх тохиолдолд таны гэр бүлийн гишүүдийн зүгээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нуусан орлогоо ил болгосон, хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр мэдүүлсэн тохиолдолд Төрийн албан хаагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ  өөрчлөлт орсон холбогдох орлого, хөрөнгийг мэдүүлэх бөгөөд тухайн хөрөнгө, орлогын “эх үүсвэрийн тайлбар” хэсэгт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд өөрчлөлт орсон гэж дэлгэрэнгүй тайлбарыг бичих шаардлагатай юм. 

-Одоогоор хэчнээн төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна вэ?

-https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлсэн дүнгээс үзэхэд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 15 мянга гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн мэдүүлээд байна. Одоогоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Уул уурхайн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Тахарын ерөнхий газар, Архангай аймгийн ИТХ, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн ИТХ, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн ИТХ зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын 50-иас дээш хувь нь 2015 оны мэдүүлгээ шинэчлэн мэдүүлээд байна. 

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлдэг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 276 албан тушаалтнаас дөнгөж 23 нь мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Тиймээс мэдүүлэг гаргагч төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах албан тушаалтнууд анхаарч, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ яаравчлан бүртгүүлэхийг сануулж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх