Ж.Батсайхан: Хууль зөрчигдөх тохиолдол бүрт АТГ нүдээ аниад дуугүй бай гэх боллоо


2016/04/14  2535   1


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцав. Төрийн албанд томилогдох иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах асуудлаар сүүлийн үед багагүй шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд энэ талаар Авлигатай тэмцэх газрын албан ёсны байр суурийг хүргэж байна. 

-Сонирхлын зөрчлийн нөхцөл байдал ер нь ямар түвшинд байна вэ?

-Сонирхлын зөрчлийн нөхцөл байдлыг тогтооход тодорхой хүчин зүйлсүүдийг заавал судлах ёстой. Тухайн зөрчлийг шалгахад ч гарцаагүй хянан шалгах шаардлагатай үндсэн нөхцөлүүд байдаг. Энэ нь нэгдүгээрт, сонирхлын зөрчилтэй шийдвэр /өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд, ашгийн төлөө нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, гаргахад оролцох/, хоёрдугаарт, албан тушаалтны хувийн ашиг сонирхол /хувь хүн бүрт ашиг сонирхол байх бөгөөд тэр нь зөвхөн өөрийнх нь байна/ нь түүний харьяалагдах албаны үүрэгтэй нь зөрчилдөх, албан үүргээ тэгш шударга биелүүлэхэд харшлах нөхцөл байдлууд /өөрөөр хэлбэл нэг гэр бүл, ах дүүс нэг удирдлагад байх, эсвэл тусгай шаардлага зөрчигдөх, сонгон шалгараагүй байх хуулиар хориглосон нөхцөлүүд, гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж буй эсэх, ялтай болон ял эдэлж байсан гэх мэт/. Гуравдугаарт, хууль бус нөлөөлөлд автсан эсэх /томилох эрхтэй байгууллага, албан тушаалтны сонирхол, нөлөөнд байх, нам, улс төр, бизнесийн шудрага бус явцуу эрх, ашиг/ нь онцлох бас нэгэн хүчин зүйл болно. Дөрөвдүгээрт, сонирхлын зөрчилтэй гэж олон нийтийн зүгээс ойлгож байгаа эсэх /олон нийт итгэхгүй байх, хэвлэл мэдээллийн бодит мэдээлэл, олон улсад итгэл үзүүлэх, даах эсэх тухай асуудал мөн яригдана/. 

Ингээд үзэхээр манай орны хэмжээнд сонирхлын зөрчлийн нөхцөл байдал ямар байгааг харж болно шүү дээ. Манай газрын Судалгаа шинжилгээний албанаас 2015 онд гаргасан судалгаанд АТГ-т иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын 35,4 хувийг ашиг сонирхлын зөрчлийн талаарх асуудал эзэлсэн байна. Үүнээс улс төрийн албан тушаалтнуудад хамааруулж 56,2 хувь, төрийн захиргааны албан тушаалтанд холбоотой 32,4 хувь гэх мэт статистик тоо гарч байна л даа. Нөхцөл байдал хүнд байна, гэхдээ бид хяналтдаа авч эхэлсэн.

-Ашиг сонирхлын зөрчил гэж яг ямар нөхцөл байдлыг ойлгох бэ. Яаж тогтоодог юм бэ.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Ашиг сонирхлын зөрчил” гэдгийг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж тодорхойлсон. Хамгийн энгийн утгаар төрийн албан хаагчийн хувийн сонирхол, төрийн албаны үүрэг хоёр хоорондоо харшилж албан үүргээ биелүүлэхгүй байх, санаатай болон санамсаргүйгээр хийх ёстой ажлаа хийхгүй байх, эсвэл албан тушаалын эрх мэдлээ зүй бусаар хэрэгжүүлэх нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож болно. 

Эдгээр нөхцөл байдлуудыг тогтооход нийтийн албан тушаалтан болон нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн байдал, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, үүсгэн байгуулсан хувь эзэмшдэг хуулийн этгээд, санхүүгийн харилцаа, гэрээний үүрэг, ажлын байрны шаардлага хангаж байгаа байдал, хуульд заасан тусгай шаардлага хангаж буй эсэх, авлига, албан тушаалын хэргээр сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх гэх мэт олон нөхцөл байдлыг хянаж үздэг. Зөрчилт байдлыг үүсгэж буй хувийн сонирхлыг бүхэлд нь тоочин тодорхойлох боломжгүй. Тиймээс хувийн эд хөрөнгө болон гэр бүлийн сонирхол, бусдын өмнө хүлээсэн аливаа үүрэг, шашны, хамт олны, нутаг усны нэгдэл, мэргэжлийн, улс төрийн, намын харилцаа холбоо гэх мэтээр нийтийн албан тушаалтан тухайн нөхцөлд үүргээ гүйцэтгэхэд зүй бусаар нөлөөлнө гэж дүгнэж болох ямар ч хувийн болон бусад сонирхол ашиг сонирхлын зөрчилд хүргэж болно. 

-Сонирхлын зөрчил яаж илэрдэг вэ? Аль нэг төрийн албан хаагчийг хараад энэ хүн сонирхлын зөрчилтэй байна гэж шууд тодорхойлох боломжтой юу? 

-Сонирхлын зөрчил нь шинж чанараасаа хамаарч илрэх нийтлэг хэлбэрүүд гэж байна. Тухайлбал, албан тушаалтан хувийн сонирхлыг нь хөндөж буй шийдвэр гаргахад оролцох, эрх мэдэл, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх, олон нийтэд нээлттэй бус албаны мэдээллийг хувьдаа ашиглах, ашиглахыг бусдад зөвшөөрөх, албан тушаалтан албаны байр сууриа ашиглан өөрийн хувийн сонирхолтойгоо хамтрах, албан тушаалтан албан харилцаатай этгээдээс бэлэг, үйлчилгээ авах, хариуд нь ямар нэг давуу байдал олгох, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө давуу эрх олгох, албан тушаалтан албан үүрэгт нь нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг бусад байгууллагад давхар ажил эрхлэх, үйл ажиллагаанд нь өртөж буй аж ахуйн нэгжийн удирдах байгууллагын гишүүн байх, албан тушаалтан нь албанд байхдаа олж авсан мэдээлэл, харилцаа холбоог ашиглан албанаас гарсны дараа өөртөө ашиг олох, хяналтын үүрэг чиглэлд хамаарч байсан байгууллагад шууд ажилд томилогдох, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд “хамтын шийдвэр гаргах” нэрийн дор хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх, гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль бус аливаа хэлбэрээр нөлөөлөн хүний нөөц, санхүү, худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох гэх мэт.

Мөн сонирхлын зөрчлийг ганцхан АТГ-ын ажилтан тогтоохгүй тохиолдлууд байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” гэж заасан.

-Сүүлийн үед зарим улс төрийн хүчний зүгээс “Сонирхлын зөрчлийн тухай хуулиар АТГ-ыг төрийн албанд томилогдох хүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах гэдэг ганцхан харилцааг л зохицуулж өгсөн. Түүнээс ялтай, ялгүй байдлыг тодорхойлох, олон нийт тэр хүнд сайн байна уу, муу байна уу гэдгийг судлаад судалгааны байгууллага шиг дүгнэлт гарга гэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй байхад АТГ өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлсэн байдлаар хандаж байна” гэх шүүмжлэл гарч байна. Үүнд Та ямар хариулт өгөх вэ? 

-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар "нийтийн ашиг сонирхол", "хувийн ашиг сонирхол", "ашиг сонирхлын зөрчил", “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэдэг ойлголтуудыг анх удаа тодорхойлсон. Уг хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байгууллага нь АТГ юм. Хэн нэг улс төрч, намд зориулж энэ асуудлыг тайлбарлаж байгаа хэрэг биш юм шүү.

Дээрх хуульд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргуулан авч, АТГ-т хянуулахаар ирүүлэх, тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгдэх зохицуулалттай. Манай зарим иргэд төрийн албанд ажилд ороход АТГ-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан эсэх лавлагаа авдаг гэсэн буруу ойлголттой байдаг. АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хяналт шалгалт явуулж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байгаа юм. АТГ энэ хяналт шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Тухайлбал, ял шийтгэл хүлээж байсан, ялтай байдлын талаар шүүх, прокурор, ЦЕГ-аас лавлагаа авдаг. Үүнээс биш энэ талаар АТГ-аас тэр “шийдвэр” гэж яриад байгаа зүйлийг гаргаагүй. Тухайн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар ялгүйд тооцогдоогүй байгааг үндэслэдэг. 

-Ялтай байдал гэдгээр АТГ шийдвэр гаргаад байгаа нь буруу гэж шүүмжлээд байна шүү дээ?

-Улс төрчид намынхаа болон хувь хүний явцуу эрх ашгаар ярих, АТГ төрийн албаныхаа хувьд ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хоёрыг хүмүүс ялгаж салгаж ойлгоно шүү дээ. Маргаан мэтгэлцээнд хүргэж өндөр түвшний онол, шийдвэр гэх зүйл, захиалга, хэлмэгдүүлэлт гэх үгсийг зүгээр л хэлчихдэг хүмүүс бол улс төрчид шүү дээ. Бид бол ёс зүйгээрээ, хүн чанараараа ч тэгж чадахгүй. Энэ асуудлаар АТГ-аас шийдвэр гардаггүй, харин мэдэгддэг юм. Ялтай байдал гэдгийн хувьд тухайн этгээд нь ял шийтгэгдсэн бол Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д заасныг баримтлан шүүхэд хүсэлтээ гаргаж, хуульд заасан хугацаанаас өмнө ялгүйд тооцогдож болно. Энэ нь хуулиар нээлттэй л байгаа. 

-Ер нь энэ ялтай байдал гэдэг нь АТГ-т ямар хамаатай юм бэ? 

-Нийтийн болон төрийн албанд нэр дэвшигчийг томилохдоо Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчих, баг бүрдүүлэх нэрийдлээр сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэр дэвшүүлэх, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй этгээдийг сонгох, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан этгээдийг дахин өөр албан тушаалд томилох, гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял эдэлж байсан бөгөөд ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй этгээдийг томилох, нэг нутаг, нам, эвсэл, төрийн бус байгууллага зэрэг хүрээллээр томилох хандлага нь “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг үүсгэдэг. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албанд авч ажиллуулахыг хориглох тохиолдлыг “гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй”, түүнчлэн “албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол” гэж заасан байдаг. Мөн хуульд “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэж заасан. Иймд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй, мэргэжлийн бус, гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох этгээдийг, мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, эсхүл ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй этгээдийг нийтийн албанд томилохоор нэр дэвшүүлэх зэрэг нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа төдийгүй дээр хэлсэн “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгодог. 

-АТГ бүх л асуудалд оролцож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үнэхээр тийм асуудал байна уу? 

-Ер нь гэмт хэрэг, зөрчлийн тухай яригдахаар АТГ шүүхийн ажил хийлээ, төрийн албаны эрх ашиг хамгаалахаар ТАЗ-ийн ажил хийлээ, томилгоонд оролцлоо гэнэ. Энэ нь хууль зөрчигдөх тохиолдлуудад АТГ нүдээ аниад дуугүй бай гэсэнтэй утга нэг шүү дээ.

Мөн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр, хууль зөрчиж томилох нь нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл мөн биз. Сүүлийн жилүүдэд Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой хувь хүний болоод улс төр, бизнесийн тодорхой хэсгийн ашиг сонирхол бүхий хууль бус нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байх төдийгүй тус газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 20-25 хувийг ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгооны талаарх асуудал эзэлж байгааг хэлэх хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх