Б.Пүрэв: Тусгай албадын үйл ажиллагааг “ардчилах” нь аюултай


2016/05/02  1811   0


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа. Эдгээр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ гүйцэтгэх ажилд холбогдох зохицуулалтыг тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг тусгаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн зүйл заалт орсон байна. Үүгээр зогсохгүй гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулах зохицуулалт тусгагдаж, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс Хууль сахиулах тухай хуулийн төсөлд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцээгүй гүйцэтгэх ажилтай холбоотой бүлэг, зүйл, хэсэг шинээр нэмсэнд мэргэжлийн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Энэ сэдвээр Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Гүйцэтгэх ажил явуулах арга хэлбэрийн талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Гүйцэтгэх ажлын тухай ойлголтоо зөв болгомоор байна. Нам, эвлэлийн даалгавар, социализмын үйл хэргийн төлөө зүтгэх ёстой гэсэн үзэл суртлын суурин дээр хүнийг мэдээлэгчээр элсүүлж сүлжээ байгуулдаг хуучин арга орчин үед огт хэрэггүй болсон. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, одоо хэлэлцэж байгаа хуулийн үзэл баримтлал, суурь юм. Одоогийн нөхцөлд гүйцэтгэх ажил явуулах үзэл баримтлал, аргуудаа сонгож тогтох хэрэгтэй. Энэ хоёрыг хийвэл гүйцэтгэх ажилд тавих хяналтын арга, хэлбэрийг олж болно. 

-Иргэд энэ ойлголтыг зөвхөн хүний эрх зөрчихтэй холбож ойлгох нь их байдаг? 

-Гүйцэтгэх ажлыг хүний эрх зөрчдөг арга гэдэг ташаа ойлголтыг албан ёсны ойлголт болгож яриад байх юм. Гүйцэтгэх ажил бүхэлдээ гэмт хэрэгтэй тэмцэх, улмаар хүний эрхийг хамгаалахад чиглэдэг. Хүмүүсийн хамгийн ихээр жийрхдэг утасны бааман яриаг нууцаар чагнах аргыг хүний гэм буруугүйг нотлоход хамгийн өндөр үр дүнтэй ашигладгийг практикийн олон жишээнээс бид мэднэ. 1993 оны үед гадаадын нэг улсад хийсэн судалгаанаас үзэхэд яриа чагнах ажлын 40 орчим хувийг гэм буруугүйг нотлоход ашиглажээ гэсэн дүн байсныг тухайн үед би УИХ-ын чуулган дээр хэлж байсан юм. 

Гүйцэтгэх ажлын тухай хууль нь гүйцэтгэх ажил явуулах боломж, нөхцлийг олгох, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс хамгаалах, гүйцэтгэх ажилтнаа хамгаалах гурван зорилгыг биелүүлэх ёстой. Хүнээ, эд зүйлээ алдсан, хохирсон иргэдийн эрх ашиг яригдахгүй, сэжигтэн яллагдагчийн эрх ашиг дэндүү их яригдаж байна. Иргэд бид чинь хуулиар эрхээ хамгаалуулах ёстой биз дээ. 

-Гүйцэтгэх ажлыг зөвхөн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхэд л ашиглах ёстой юу? 

-Энэ бол хамгийн буруу ойлголт. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын бүх үе шатанд, тодруулбал, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах, ял эдлүүлэх, гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцлийг арилгахад гүйцэтгэх ажлыг ашиглах ёстой. 

Манай улсад гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагасыг эзэлж байгаа малын, орон байрны, автомашины, халаасны зэрэг хулгайн хэрэг дээр гүйцэтгэх ажлын арга, техникийг өргөн, идэвхтэй ашиглахгүй бол хулгайтай тэмцэхэд хүнд болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ч гүйцэтгэх ажлыг ашиглах шаардлагатай.

Жишээ нь, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах магадлал өндөртэй чиглэлүүдэд гүйцэтгэх ажлыг сайтар зохион байгуулах ёстой. Гэмт хэрэг давтан үйлдэж болзошгүй, бусдыг, ялангуяа хүүхдийг гэмт хэрэгт татан оруулдаг этгээдийг гүйцэтгэх ажлын хяналтанд байлгах ёстой. Гэтэл нөөцийн мах бэлтгэх, тариалан хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс завшсан болохыг нь хэзээ хойно мэдэгдэж байгаа нь тэнд гүйцэтгэх ажил цагаа олж хийгдээгүйтэй, цагдаа үүргээ биелүүлээгүйтэй бас холбоотой. 

-Хуучин цагт гэмт хэргийн тухай мэдээ худалдаж авч үр дүн гарч байсан гэдэг. Энэ ер нь хэр зөв арга юм бол? 

-Гүйцэтгэх ажлыг явуулах арга, тактик орчин үед нэлээд өөрчлөгдөж байна. Тухайлбал, мэдээлэгчийн хүчээр гүйцэтгэх ажлыг голчлон явуулдаг байсан арга одоо зохихгүй болжээ. Хүмүүсээс гэмт хэргийн тухай мэдээ худалдаж авдаг, түүний нууцлалыг сайтар хадгалдаг нь орчин үеийн гүйцэтгэх ажлын гол арга болох ёстой.

Мэдээг тогтмол эх үүсвэрээс буюу харилцаа тогтоосон нэг хүнээс, мөн тогтмол биш эх үүсвэрээс худалдаж авна. Мэдээ худалдаж авдаг олон арга бий. Жишээлбэл, 1996 оны хоёрдугаар сарын 27-нд ЦЕГ-ын даргын Зөвлөл хэлэлцээд хоригдлуудаас гэмт хэргийн тухай мэдээ авах ажил зохион байгуулахаар шийдэж, мөн оны арванхоёрдугаар сард дүгнэхэд есөн сарын хугацаанд хорих байгууллагын гүйцэтгэх ажилтан, төлөөлөгч 28 хүн 80 гаруй хэрэг илрүүлсний дотор дэд хурандаа Гантөмөр 27, дэд хурандаа Эрдэнэбат 19, ахмад Цэнд 11, хошууч Цогхүү есөн хэрэг илрүүлсэн юм даг. Тэдний нэлээд нь хоригдлуудаас янз бүрийн урамшууллаар авсан мэдээ байж, бид энэ ажлыг хааяа биш, байнга явуулж байх нь зүйтэй юм гэж шийдэж байсан. 1995 онд орон байрны хулгайтай тэмцэх тухай сэдвээр хурандаа Ч.Амарболдын сонсгол хэлэлцээд гурван сарын аян зохиож 200-гаад үйлдэл илрүүлсний дотор 88 чухал мэдээ худалдаж авсан юм. Ийм жишээ бол өдөр тутмын практик шүү дээ. Энэ үндсэн аргаа л хуульчилж авах ёстой бодогдоно.

-Харин одоо хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон гэсэн. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-УИХ-ын гишүүн байсан хүн нүүрсний хэргээр хоригдон шалгагдаж байхад хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зогсоосон. Саяхан бас албан тушаалтнуудын мөнгө ашигласан хэргийг шалгах явцад мөн л хорих байгууллагад гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон гэж сонссон. Өндөр албан тушаалтай хүмүүсийн шахалтаар ингэж зогсоож болохгүй. Тусгай албадын үйл ажиллагааг хэт “ардчилвал” төрийн нүд чих, цаашлаад гар хөл ажиллах боломжгүй болох аюул бий. 
1993 онд баталсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн тавдугаар зүйлд “Засгийн газар нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар цагдаагийн төв байгууллагыг удирдаж, үйл ажиллагааг нь шалгаж, үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангуулна” гэсэн заалт хуулинд байхгүй болсон. Цагдаагийн албаны хуульд энэ заалтыг нэмж оруулах ёстой. 

-Хяналтыг хэрхэн тавьж байх нь оновчтой вэ? 

-Төрийн олон алба хаагч төрдөө биш, их сайндаа намдаа, ер нь голдуу даргадаа үйлчилж байгаа орчин үед гүйцэтгэх ажлыг буруу ашиглах магадлал ихэсчээ. Иймээс хяналт зайлшгүй чухал. Тэгэхдээ хяналтын арга, хэлбэр хоёрыг зөв сонгож тогтохгүй бол болохгүй. Аргыг нь олохгүй бол хянах биш, гүйцэтгэх ажилд саад болох, нууц задрах, магадгүй гүйцэтгэх ажлыг явуулахыг зориуд саатуулахад ч хүрч мэднэ. Цагдаагийн байгууллагын дотоод ажилд хутгалдаад туслах биш услаад байвал гэмт хэрэгтнүүд л завшина. Гүйцэтгэх ажлын бүхий л үйл ажиллагаанд зөвшөөрөл аваад байх хэрэггүй. Ямар ч байгууллагын дотоод ажил гэж байдаг. Энэ бол цагдаагийн байгууллагын дотоод ажил. Учир нь гүйцэтгэх ажлыг маш шуурхай явуулах шаардлага байнга гардаг. Сэжигтнийг баривчилсан дор шууд залгаад гүйцэтгэх ажлын арга хэрэглэх нь их үр дүнтэй байдаг. Гэтэл зөвшөөрөл авах, тогтоол төлөвлөгөө батлуулах гээд өдөр өнгөрвөл ямар ч ашиггүй болно. 

-Ажилтнаа хамгаалах нь гүйцэтгэх ажлын тухай хуулийн нэг зорилго мөн үү? 

-Мөн байлгүй яах вэ. Гүйцэтгэх ажлын нууц задарсан буюу энгийн үгээр хэлбэл “баригдсан” л бол хэний буруугаас болсныг сайн ялгалгүй, юу нөлөөлснийг тогтоолгүй шууд л ажилтан бурууддаг. Энэ шудрага биш. Мэс засалч эмч алдах учиргүйтэй адил гүйцэтгэх ажилтан алдах эрхгүй. Гэхдээ цаад гэмт хэрэгтэн чинь тун ч сэргэлэн хүн шүү гэдгийг тооцвол алдах магадлал бий. Энэ үед нь ажилтнаа зэмлэхийн зэрэгцээ хамгаалах, туслах шаардлагатай. Хуулийн төслийг би үзлээ л дээ. Арай энэ байдлаараа гарахгүй байлгүй дээ. Хэрэв гарвал тун удахгүй өөрчлөх богино настай хууль болно. Одоо сонгууль тулаад ихэнх гишүүд тойрогтоо ажиллах гээд хууль тогтоох батлах ажилдаа анхаарахгүй байгаа нь илт харагдаж байна. Энэ хуулийг сонирхсон цөөхөн гишүүн араар нь өөрийнхөө сонирхолд нийцсэн хууль гаргаж магадгүй байна шүү. Жишээ нь нэг гишүүн босоод 5-6 кноп дарж байна. Ийм чухал хуулийг 15-хан хүн суучихаад, бусдынхаа товчлуурыг өмнөөс нь дараад их л хайхрамжгүй хандаж байгааг хүн бүхэн мэдээллийн хэрэгслээс харж байна. Энэ чигээрээ батлагдвал үндэсний аюулгүй байдал алдагдах, Үндсэн хууль зөрчигдөх олон асуудлууд байгаа шүү. Ийм нөхцөлд хууль батлах хэрэг байна уу даа. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх