З.Баасанням: Олон улсад оффшор бүстэй холбоотой асуудлыг татвараас зайлсхийх, мөнгө угаах асуудалтай илүү холбож, энэ төрлийн гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд нь шалгаж байна


2016/05/23  2227   0


Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг илэрхийлж, тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчийн асуултад хариулж байна. 

-Монгол иргэдийн нэр холбогдсон оффшор дансны мэдээлэл цацагдлаа. АТГ энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? Та нар мэдээллийг судалж үзсэн үү?

-Тийм ээ. Бид энэ тухай мэдээлэл гарсан даруйд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос гаргасан оффшор мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хайлт хийж судалсан. Нийтдээ 49 иргэний мэдээлэл гарч ирж байгаа. Эдгээр хүмүүсийн хувь эзэмшиж буй 61 компани оффшор бүсэд бүртгэлтэй байна. 22 компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол 39 нь идэвхгүй, эрх нь хаагдсан байгаа юм. 2008-2011 оны хооронд хамгийн олон компани байгуулагдсан бай на. Харин 2012-2013 онд хамгийн олон компани идэвхгүй болсон байсан. Энэ нь эдийн засгийн өсөлт, гадны хөрөнгө оруулалт өндөр жилүүдэд компани олноороо байгуулагдаж, харин эдийн засгийн хүндрэлтэй, хөрөнгө оруулалт багатай үед компаниа идэвхгүй болгох нь нэмэгдсэн гэж дүгнэж болохоор. Мөн 2013 оны дунд үед Олон улсын сэтгүүлчдийн холбооноос оффшор данстай холбогдох мэдээллийг ил болгосон нь ч нөлөөлсөн байх үндэстэй. 

-Гадаад улсад оффшор данстай холбоотой асуудлыг ямар байгууллага нь шалгадаг юм бэ? Авлигатай тэмцэх байгууллага нь шалгадаг уу?

-Үгүй юм билээ. Улс орнууд энэ асуудалд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг бид 23 орны жишээн дээр судалж үзлээ. Энэ 23 улсаас 11 нь ямар нэгэн байдлаар мэдээллийн мөрөөр шалгах ажиллагааг эхлүүлсэн, эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдээд байна. 

Нийтлэг байдлаар авч үзвэл оффшор бүстэй холбоотой асуудлыг татвараас зайлсхийх, мөнгө угаах асуудалтай илүү холбож, энэ төрлийн гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд нь шалгаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнуудын төв банк, санхүүгийн хяналтын болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, татварын байгууллага, төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, төрийн албаны ёс зүйн хороо, цагдаа, прокурор зэрэг байгууллагууд шалгаж байгаагаа мэдэгдсэн. 

Энэтхэг, Австрали зэрэг улсын жишээнээс харахад төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, өргөн хүрээтэйгээр энэ асуудлыг шалгаж байгаа нь зохион байгуулалтын хувьд оновчтой байж болохыг манай улс ч бас анхаармаар. Зарим улсын хувьд хууль сахиулах байгууллагууд нь оффшор бүстэй холбоотой албан тушаалтнуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах зорилгоор тайлбар авч байгаа юм билээ. 

Оффшор дансыг үндсэндээ татвараас зайлсхийх, мөнгө угаах зорилгоор ашигладаг гэж олон улсад үздэг, тухайн дансан дахь мөнгөний эх үүсвэрийг нягтлан шалгаснаар уг мөнгө хөрөнгө нь гэмт хэргийн замаар бий болсон эсэх, хэрэв тийм бол ямар гэмт хэргийн улмаас бий болсон юм бэ гэдгээс шалтгаалан аль байгууллага гүнзгийрүүлж цаашид шалгах нь тодорхойлогдох боломжтой, манай улсын хувьд. 

-Бусад улс орнууд оффшор бүс дэх дансны асуудалд ихэд цочир хандаж байх шиг. Харин манайд нэр холбогдсон хүмүүс нь хэвлэлийн хурал хийж, мэдэгдэж, бусад нь таг чиг байна. 

-Зарим улс орнууд оффшорын асуудалд анхаарал хандуулж байхад ОХУ, Украин, Хятад, Израиль, Их Британи, Аргентин зэрэг улсаас нэр нь дурдагдсан өндөр албан тушаалтнууд ихэвчлэн ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, оролцоогүй, энэ бол өрсөлдөгчдийнх нь явуулга гэх зэргээр тайлбар хийж байгаа нь манай улсынхтай зарим талаараа ижил гэж үзэж болохоор байгаа. Хятад, Саудын Араб, Египет зэрэг улсад оффшор бүстэй холбоотой албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэхгүй байгаа бол Хятад улсад энэ талын мэдээллийг интернэтээс хайж унших ч бололцоогүй байх жишээтэй. Харин Исланд, Испани, Чили зэрэг улсын нэр нь холбогдсон хүмүүс албан тушаалаа өгсөн, өгөхөө мэдэгдсэн нь нэг талаас тэдний ёс зүй, нөгөө талаас сөрөг хүчний шахалт, олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаатай холбоотой байх. 

-УИХ-ын зарим гишүүн АТГ-т хандсан. Энэ дагуу танай байгууллага юу хийж байна вэ?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон зарим нэр бүхий гишүүдээс энэ асуудлын хүрээнд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгуулах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгуулах хүсэлтийг ирүүлсэн. Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай байгууллага нарийвчлан хянан үзэж, мэдүүлэгт дурдсан хадгаламж болон гадаад дахь дансны талаарх мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулах, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зэргээр хяналт шалгалтыг явуулж байна. 

-Оффшор бүсэд эзэмшиж байгаа дансан дахь хөрөнгө, орлогыг хууль бусаар олсон гэдгийг шалгаж тогтоовол яах вэ? 

-Иргэдийн хувьд тухайн асуудал нь татвараас зайлсхийхтэй холбоотой бол тэр чигийн асуудлыг нь шалгана. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарагдсан эсэхийг бас нягталж үзэх байх. Харин төрийн албан хаагчийн хувьд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй бол хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлд хууль бусаар хөрөнгөжих гэж байгаа. Энэ гэмт хэргийг АТГ харьяалан шалгадаг. Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч хууль ёсны орлогоосоо гадна их, онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол хорих ял шийтгэх хуультай. Хууль ёсны орлогоосоо гадна их, онц их хэмжээгээр олсон эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх хуулийн тайлбар байгаа. Хууль ёсны орлогоос гадна гэдэг нь эх үүсвэр нь тодорхойгүй олсон орлого гэж ойлгож болно.

-Олон улсын түвшинд бусад улс орнуудтай хамтран ажиллах замаар нууц данстай төрийн албан тушаалтнуудыг илрүүлэх, шалгах боломжтой юм байна гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно. Оффшор бүсийн санхүүгийн үйлчилгээгээр халхавчлан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох асуудлыг аливаа улс орон дан ганц дотоодын хууль тогтоомжоороо зохицуулахад улам бүр төвөгтэй болж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд манай улсын төрийн албан тушаалтнууд оффшор данс эзэмших, компани байгуулахыг хориглосон хуультай болох хэрэгтэй. АНУ-ын Конгресс гэхэд л гадаадын санхүүгийн байгууллагууд америк иргэдийн эзэмшиж байгаа дансны талаар тус улсын татварын байгууллагад мэдээлэл өгөх шаардлагатайг хуульчилж өгсөн. Энэ мэтээр Австрали, ОХУ, Англи улс оффшор бүсэд хөрөнгөө нуух замаар татвараас зайлсхийхтэй тэмцэх чиглэлээр дотооддоо хууль батлан мөрдөж байна. 

Саяхан БНХАУ-ын Тянжинь хотноо хуралдсан Олон улсын Авлигатай тэмцэх байгууллагуудын холбооны 9 дэх удаагийн уулзалтаар цаашид авлигатай тэмцэх байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх, энэ ажилд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг татан оролцуулах, авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг онцлон тэмдэглэсэн. Мөн Англи улсын Лондон хотноо хуралдсан Авлигын эсрэг олон улсын дээд түвшний уулзалтаар дэлхийн 120 улс орны 200 гаруй мөрдөн байцаагч, прокурор нарыг холбосон өндөр түвшний авлигатай тэмцэх олон талт ажилд дэмжлэг үзүүлэх мэдээлэл солилцооны таатай орчныг бүрдүүлсэн олон улсын сүлжээ байгуулах санаачилга гарч “Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв” буюу IACCC-г байгуулахыг бүрэн дэмжихээ Интерполын дарга мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сар гэхэд бүтэц, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон. Ингэснээр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд далд аргаар мэдээлэл солилцох, ажиглах, хэрэг удирдах үйл ажиллагааг явуулдаг жишгийг Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв бий болгон хэрэгжүүлэхээр болж байна.

Оффшор дансны талаар өмнө би хэлсэн. Энэтхэг, Австрали зэрэг улс төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж асуудлыг өргөн хүрээтэйгээр шалгаж байгаа нь сайн туршлага. Үүнийг бид хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Оффшор бүсэд татвараас зайлсхийх, хууль бус аргаар олсон хөрөнгөө нуух, эсвэл мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг энэ чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Авлигатай тэмцэх газар, татварын байгууллага, санхүүгийн мэдээллийн алба, санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, прокурорын байгууллага хамтран ажиллах шаардлагатай.

-Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой, хэрэв оффшор данс эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэх юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Сонгуульд нэр дэвшигч нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ тойргийн хороондоо гаргаж өгөх хуультай. Хэрвээ оффшор бүсэд данс эзэмшдэг, компани байгуулсан байгаа бол түүнийгээ мэдүүлэх л ёстой. 

 

Г.ЦОЛМОН
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх