УЛС ТӨР, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮРЭЭН ДЭХ АВЛИГЫН ТАЛААРХ ТӨСӨӨЛЛИЙН 2015 ОНЫ СУДАЛГААНЫ ТАЙЛАН


2017/04/10  3013   0


УДИРТГАЛ

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг шинээр тодорхойлон баталсан. Энэ тогтоолын дагуу “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн судалгааг Авлигатай тэмцэх газар зохион байгуулах, улмаар судалгааны үр дүнг Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” 24 дүгээр зорилтын хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд хэрэглэхээр заасан юм.

            Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулаад байна. Судалгааг тусгайлан зориулж боловсруулсан аргачлалын дагуу зохион байгуулдаг бөгөөд 2008 – 2013 оны судалгаанд хэрэглэгдсэн аргачлалыг 2014 онд шинэчлэн боловсруулж түүний дагуу 2014, 2015 оны судалгааг явуулсан болно. Тухайлбал, 2008 - 2013 онд судалгааны явцад нийтдээ 26 шинжээчийг оролцуулж байсан бол 2014 оноос эхлэн шинжээчдийн тоог 66 болгож нэмсэн. Түүнчлэн шинжээчдийг дотор нь улс төрийн хүрээний ба хууль хяналтын хүрээний гэж зааглан, тус бүрд нь ялгаатай асуулт өгч хариулт авч байсан бол 2014 оноос шинжээчдийг нийтийн алба, шүүх, хууль сахиулах, хэвлэл мэдээллийн салбар, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын төлөөлөл, бодлогын судалгаа, олон нийтийн санаа бодлын судалгааны байгууллага, бизнесийн салбар, мөн иргэдийн төлөөлөл гэсэн нийт 8 хүрээнээс сонгон судалгаанд оролцуулж байна. Гэхдээ нийт шинжээчдэд тавигдах асуулт нэг ижил байхаар зохицуулсан болно.

            Энэхүү судалгаа нь үндсэндээ Монгол Улс дахь улс төрийн авлигын хэмжээг тодорхойлох зорилготой бөгөөд үндсэн шалгуурууд нь улс төрийн авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгаан нөхцөл, хор уршгийг тодорхойлох явдал юм. Эдгээр нөхцөл байдлыг тодорхойлохын тулд “1”-ээс “5” гэсэн үнэлгээг ашигладаг бөгөөд “1” нь авлига огт байхгүй байгааг илэрхийлдэг бол “5” нь авлигын хамгийн өндөр түвшинг илэрхийлдэг.

Судалгааг анх зохион байгуулсан 2008 онд үр дүн нь 4.09 гарсан бөгөөд энэ нь өнгөрсөн 8 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дараагийн жил нь 3.95 болж буурсан боловч 2010 онд 4.07 болж өссөн. 2011 онд энэ үзүүлэлт өөрчлөгдөөгүй хэвээр байсан боловч 2012 онд 3.93, 2013 онд 3.68 болж 2008 оны түвшингээс 0.41 пунктээр буурсан байна.

Хэдийгээр шалгуур үзүүлэлтийн илэрхийлэл нь хэвээр боловч аргачлалд өөрчлөлт орсноос 2013 хүртэлх үр дүнг дараа дараагийн жилүүдийн үр дүнтэй шууд харьцуулан үзэх боломжгүй юм. Тиймээс 2008-2013 оны хооронд хийгдсэн судалгааг нэг үе шат болгон үзэж, харин 2014 оноос эхлэн судалгааны 2 дахь үе шат гэж үзэж болох юм. 2014 оны судалгааны дүнгээр Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 3.58 болж хэмжигдсэн.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх