Төрийн үйлчилгээний сайн туршлага


2012/11/15  4362   1


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлига үүсгэж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж байгаа эсэхийг хянах зорилгоор төрийн бүх байгууллагад ажиллаж байна. Ийнхүү ажиллаж байх явцад ажиглагдсан нийтлэг зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын даргын албан захидлыг хүргүүлэн, энэ дагуу тухайн төрийн байгууллагатай хамтран тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж буй ажээ. Гэхдээ аливаа зөрчил, хүнд суртлыг илрүүлж, хариуцлага тооцохдоо гол бус харин хамтран тухайн дутагдал, зөрчлийг арилгахыг гол хандлагаа болгож байна.

Хамтын ажиллагааны хүрээнд авлига, хүнд суртлын эсрэг идэвх санаачилга гарган ажиллаж байгаа төрийн зарим байгууллагын сайн туршлагыг бусдад үлгэр дуурайл болгон түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй ажээ. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг угтан “Сайн туршлага”-ыг тодруулах аянд төрийн байгууллагууд нэгдэж буй бөгөөд тэдгээр сайн туршлагуудаас шалгаруулан, Авлигатай тэмцэх газрын нэрэмжит шагналаар шагнах, олон нийтэд алдаршуулах үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
 
Машинтай “Нэг цонхны үйлчилгээ”
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Нэг цонхны үйлчилгээ”-г “Старекс” маркийн автомашинд байршуулсан нь төрийн нийтлэг үйлчилгээг нэгэн дор хүртэх бололцоог бүрдүүлжээ. Нэн ялангуяа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дөнгөж амаржсан эх болон дүүргээсээ хол оршин суугаа иргэдэд энэ нь үр өгөөжөө өгч байна.
 
Хан-Уул дүүрэгт “Хүнд сурталгүй хамт олон” нэг сарын аян эхлүүллээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/78 тоот тушаалын хавсралтаар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Төлөвлөгөөнд 4 чиглэлээр нийт 12 ажил төлөвлөсний дагуу дүүргийн Засаг дарга өөрөө биечлэн авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, ил тод нээлттэй ажиллах талаар дүүргийн төрийн байгууллагуудад хандаж уриалга гарган, дүүргийн хэмжээнд “Хүнд сурталгүй хамт олон” нэг сарын аян өрнүүлэх ажлыг эхлүүлээд байна. Аяны хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн ахлах, дунд бүлгийн хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, авлигын эсрэг сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь олон нийтийг хамарсан, үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Хамгийн чухал нь дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг авлигатай тэмцэх, хүнд суртлаас зайлсхийх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг ажил хэрэгч байдлаар хүлээн авч, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, нээлттэй ил тод байдлаар явуулахыг дүүргийнхээ төрийн байгууллагуудад уриалсан, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд тодорхой төсөв хөрөнгийг баталж тухайн үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудын ажлыг зохион байгуулсан зэрэг удирдлагын манлайллыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Тус дүүрэг дэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хариуцсан ажилтан Я.Ууганбаярын идэвхи, санаачилга нь Засаг даргын удирдлагын манлайллыг бодит ажил хэрэг болгоход ихээхэн үр нөлөөтэй байгааг мөн дурдах нь зүйтэй. Хан-Уул дүүрэг иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй хүргэхийн тулд “Цахим дүүрэг” болохоор авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ нь бусад аймаг, дүүргийн хувьд сайн туршлага болохуйц ажил юм байна.
 
Үйлчилгээний ажилтнуудын цайны цагийг зөрүүлжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдын цайны цагийн хуваарийг зөрүүлж тогтоосон нь бас нэгэн сайн туршлага хэмээн тооцогдох үндэслэлтэй ажээ. Бүртгэлийн байгууллага угаасаа ачаалал ихтэй, иргэдийн хөл тасардаггүй газар. Ажлын энэ онцлогоосоо хамааран төрийн бусад байгууллагад хууль журмаар тогтоосон цайны цагийн хуваариас зайлсхийж, үйлчилгээний албан хаагчдынхаа цайны цагийг 11.00-12.00, 12.00-13.00 гэх мэтээр зөрүүлсэн нь нүдээ олсон алхам хэмээн иргэд сэтгэл хангалуун өгүүлж байна.
 
Хууль зүйн яамны вэб сайтаар зочлоорой
Төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхын нэгэн шалгуур нь тухайн байгууллагын вэб сайт хэрхэн ажиллаж байгаад оршино. Бүртгэл, зөвшөөрөл, сонгон шалгаруулалт, асуудал шийдвэрлэх үе шат, албан хаагчдын ёс зүй, төсөв, хөрөнгийн зарцуулалт, төрийн байгууллагын үйл ажиллагаандаа даган мөрдөх дүрэм журам гэх зэрэг шаардлагатай мэдээллүүдийг вэб сайтдаа тогтмол байршуулан, иргэдэд хүргэж байх нь төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, улмаар авлигын нэгэн шалтгаан, нөхцөлийг арилгах үндэс суурь болдог билээ. Үүнийг эрхэмлэж, Хууль зүйн яам www.moj.gov.mn вэб сайтаараа дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байгааг бусдад үлгэр дуурайл болохуйц сайн туршлага хэмээн онцолж байна.
 
Цагдаагийн албан хаагчдад зориулан баримтат кино бүтээв
Авлигатай хийж буй тэмцлийн нэгэн бүрдэл хэсэг нь авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, ард иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байдаг. Тэр тусмаа соён гэгээрүүлэх үйл ажиллагааг авлигатай хийх тэмцлийн эхний эгнээнд хэрэгжүүлэх үйл хэрэг хэмээн олон улсын түвшинд тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон юм. Төрийн зарим байгууллага авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дор бүрнээ идэвх санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг нь Цагдаагийн ерөнхий газрын бүтээсэн баримтат кино ажээ. Албан хэрэгцээнд зориулан бүтээсэн баримтат кино нь цагдаагийн албан хаагчдыг албан тушаалын гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго агуулжээ. Үүнийг Цагдаагийн ерөнхий газар дотооддоо авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан сайн туршлага хэмээн нэрлэж байна.

Write comment


ОЮУНТҮЛХҮҮР    202.72.245.149

Answer 2015 оны 05 сарын 27
ШИНЭЛЭГ АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙГАА ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.МӨН АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАН, ТУСЛАХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙГАА НЬ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА.