Авлигаас ангид, төрийн үйлчилгээний сайн туршлага-2012


2012/12/11  3581   0


Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Зархум нь аймагтаа төрийн албаны мэргэжлийн шалгалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулжээ. Бусад аймгуудын дундаас анх удаа төрийн албаны мэргэжлийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан аймаг бол Баян-Өлгий юм. Түүнчлэн шалгалтын явцыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр шууд нэвтрүүлж, иргэний төлөөллийг байлцуулан зохион байгуулжээ. Б.Зархум нь хүний нөөцийн бодлогод ил тод, нээлттэй, шударга зарчмыг баримтлан ажилласан тул энэхүү шагналыг зүй ёсоор хүртэв.
 

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтангэрэлийн санаачилгаар тус дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг цонхны үйлчилгээ”-г автомашинд байршуулан төрийн нийтлэг үйлчилгээг нэгэн дор хүртэх бололцоог дүүргийнхээ иргэдэд олгож байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дөнгөж амаржсан эхчүүд болон төвөөс алслагдсан иргэдэд машинаар нэг цонхны үйлчилгээ үр өгөөжөө өгч байна. Д.Алтангэрэлийн санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагааг бусад төрийн байгууллагад үлгэр дуурайл болохуйц сайн туршлага хэмээн онцолж, энэхүү шагналаар шагнав.
 

Булган аймгийн Эрүүл мэндийн газар нь өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийх үнэлгээг ил тод хэлэлцүүлж хэвшсэн байна. Ёс зүйн салбар хорооны гишүүдийг сонгохдоо иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулан хамгийн өндөр санал авсан хүмүүсийг сонгон ажиллуулдаг байна. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг батлан хэрэгжүүлдэг бөгөөд худалдан авах ажиллагааны мэдээллийг нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлсний тул энэ шагналыг тус газрын дарга С.Нарантуяад гардууллаа.
 

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани нь авлигатай тэмцэх чиглэлээр тусгайлан журам батлан ажиллаж байна. Ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг эрхэлж байгаа ажилтнуудтай ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ байгуулж, байгууллагын ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь уялдуулан түүнд хориглох зүйлийг тогтоон мөрдүүлж байгаа бөгөөд “Авлигын эсрэг түншлэлийн санаачилга”-д нэгдсэн сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, шагналыг тус байгууллагын дарга Р.Хайдавт олгов.
 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Я.Ууганбаяр нь дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах үйл ажиллагааг амжилттай төлөвлөн зохион байгуулж байгаа тул түүний идэвх санаачилгыг үнэлж, бусдад үлгэр дуурайл болгохоор онцлон нэрлэж байна. Төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй хүргэхийн тулд “Цахим дүүрэг” болохоор авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ нь бусад аймаг, дүүргийн хувьд сайн туршлага болохуйц ажил хэмээн үнэлж, эдгээр ажлуудыг гардан хэрэгжүүлж байгаа Я.Ууганбаярт шагналыг гардуулжээ.
 

Завхан аймгийн Боловсрол, соёлын газар нь өөрийн харьяа байгууллагуудын захирал, эрхлэгч нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд авлигаас ангид байж, ил тод нээлттэй, сайн засаглалыг хэрэгжүүлэх талаар тодорхой заалт тусгаж, тэдгээр байгууллагын төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр тайлагнах “Шилэн түрийвч”-ний бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн аймгийнхаа нийт сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдад “Авлигын хор уршиг” сэдэвт хичээлийг нийгмийн ухааны мэргэжлийн багшаар жил бүр заалгаж хэвшсэн нь залуу үеийг авлигаас ангид, шударга ёсыг дээдлэх үзэл санаанд сургаж байгаа зэрэг үйл ажиллагааг нь тодруулж, шагналыг тус байгууллагын дарга М.Алтанцэцэгт гардуулав.
 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Гантуяагийн санаачлан хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд тухайн сумын иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авдаг болоод байна. Ажилтан тус бүртэй ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ байгуулах, зарим тендерийн үнэлгээний хороонд төрийн бус байгууллагуудыг оролцуулан хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсныг бусад төрийн байгууллагад үлгэр жишээ болох сайн туршлага хэмээн үзэж, өргөмжлөлийг гардууллаа.
 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх