“Хүнд суртал”-тай журмуудыг ирэх сард багтаан хүчингүй болгоно


2011/06/29  3680   0


Төрийн байгууллагуудаас үндэслэлгүй төлбөр хураамж авдаг явдлыг таслан зогсоох зорилгоор төрийн бүх төрлийн үйлчилгээний үнэ, тарифыг бодитой тогтоох Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг Засгийн газар дэмжжээ. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газар хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй төрийн байгууллагын дүрэм, журмыг хүчингүй болгуулж байгаа юм байна. Энэ тухай тодруулна уу?

-Иргэн хүн төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хэрэгтэй хэрэггүй бичиг баримт, үндэслэлтэй үндэслэлгүй төлбөр хураамж нэхдэг шүү дээ. Тэдгээрээс хуульд нийцээгүйг нь хүчингүй болгуулъя, засч залъя л гэж байгаа юм, товчхондоо. Авлигатай тэмцэх газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнгөрсөн гуравдугаар сард нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэр үеэр бизнес эрхлэгчид, ажил олгогчид төрийн байгууллагуудын хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээ, үндэслэлгүй төлбөр хураамжийг илүүтэй шүүмжилсэн. Тэдгээрийг нэгтгэн дүгнээд, хууль зөрчиж нэмэлт төлбөр, хураамж тогтоосон, бас хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа дүрэм журмыг хүчингүй болгуулах саналыг Засгийн газарт тавьсан юм. Засгийн газар ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр 2008 оны 6 дугаар сард багтаан 20 гаруй дүрэм, журмыг өөрчлөх, хүчингүй болгохоор боллоо. Төрийн үйлчилгээ авдаг иргэн, хуулийн этгээдэд таатай мэдээ байх гэж бодож байна. Төрийн байгууллагад байгаа хүнд суртлыг арилгахад нэг алхам урагш ахиж байна гэсэн үг.

-Чухам ямар ямар дүрэм, журмыг хүчингүй болгох вэ? Заримаас нь хэлж болох уу?

-Бололгүй яахав. Тухайлбал, Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалаар баталсан НӨТ буцаан олгох тухай журам байна. Энэ журмаас шалтгаалж “Тооцоо хийхэд ихээхэн будилаантай, аж ахуйн нэгж, байгууллагад хүндрэлтэй байдаг тул буцаан авах сонирхол байдаггүй. Эрх бүхий албан тушаалтнууд нь буцаан авах эрх нь нээлттэй, та нар хөөцөлдөөд ав гэсэн тайлбар өгдөг. Энэ нь чаддаг юм бол аваарай гэсэнтэй утга нэг байна” гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Тиймээс энэ журмыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Түүнчлэн Үйлдвэр, худалдааны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 296/25 тоот хамтарсан тушаалаар баталсан Уулын ажлын төлөвлөгөө, тайланг хянан зөвшөөрөх журмыг өөрчлөх ёстой. Хоёр байгууллагаар хянуулах нь чирэгдэл, урт дараалал, хүлээлт үүсгэж байна гэдгээ бизнес эрхлэгчид илэрхийлж байгаа. Гэхдээ энэ хоёр байгууллагаар хянуулахыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан тул бүрмөсөн хүчингүй болгох биш харин журмын үйлчлэлийг илүү хөнгөвчлөн өөрчилж болох юм. Уулын ажлын төлөвлөгөө, тайланг дурдсан хоёр байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байх, хянаж батлах хугацааг тогтоох, улмаар тогтоосон хугацаанд төлөвлөгөө, тайланг хянан хэлэлцээгүй тохиолдолд шууд батлагдсанд тооцох байдлаар зохицуулбал чирэгдэл, дараалал аяндаа багасна.

-Монгол Улсад анх удаа гэж хэлж болох нэг ажлыг Авлигатай тэмцэх газар хийж байгаа. Тендерийн комисст иргэний хяналтыг чухам яаж хэрэгжүүлэх вэ?

-Энэ мөн л хэлэлцүүлгээс гарсан санал ажил хэрэг болоод явж байгаа хэрэг. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл явц ихэвчлэн маргаантай байдаг шүү дээ. Харин сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хяналт тавих, тэр хяналт нь ялангуяа иргэний нийгмийн оролцоотойгоор үргэлжилж байх нь тендерийг даган гарах элдэв хууль бус үйлдэл, сөрөг үр дагавар, янз бүрийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Зөвхөн тендерийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй, тусгай зөвшөөрөл олголтод ч хяналт тавих ёстой болно л доо. Тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллийг олж авах боломж адил байх, шалгаруулалтыг ил тод болгох, худалдан авах гэрээ байгуулахад хяналт тавих, зөвшөөрөл олгоход мониторинг хийх зэргээр төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт нь олон чиглэлтэй. Авлигатай тэмцэх газраас тавьсан энэ саналыг Засгийн газар мөн дэмжлээ.

-Тэгэхээр яаж хянах вэ?

-Яамдын дэргэд төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хяналтын зөвлөл байгуулан ажиллуулна гэж байгаа. Тэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа болон тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавина.
 
Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх